“НЭГ ЗҮРХ” аяны хүрээнд 80 ГАРУЙ ОЮУТАН САЙН ДУРААРАА цусаа хандивлажээ


Таны бэлэглэсэн 350-400 мл цус 3 хүнд амьдрал бэлэглэнэ гээд бод доо. Цусаа өгөх гэдэг танд ч, бусдад ч эерэг нөлөө үзүүлдэг гайхалтай нэгэн хүмүүнлэг үйл билээ. Монгол Улсын Их Сургуулийн оюутан залуус болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран энэ сарын 2-12-ны өдрийг хүртэл “Нэг зүрх” аянг зохион байгуулж байна. Уг үйл ажиллагааг санаачлагч МУИС-ийн Илтгэх Урлаг, Парламентын Мэтгэлцээний БЭСТ клуб аяны хүрээнд оюутан залууст сэдэл өгөх зорилгоор лекц орон, хамт олноороо цусаа бэлэглэж, МУИС-ийн хичээлийн байруудад цус цуглуулах ажлыг зохион байгуулсан ба оюутны байгууллага, клубуудыг аянд уриалан оюутан залууст эерэг, зөв мэдээлэл хүргэлээ. 

Нийтдээ 10 өдөр зохион байгуулагдсан уг аянд өдөр бүр 60-80 оюутан хүрэлцэн ирж, өөрсдийн идэвх санаачлагаар цусаа хандивлажээ. 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч Р.Энхтуяа:  
-Оюутан залуус маш сайн идэвхтэй хүрэлцэн ирж цусаа бэлэглэж байгаа нь магтууштай. Хүн цусаа тогтмол өгснөөр цусны эргэлт сайжирч эрүүл саруул байхаас гадна бусдад амьдрал бэлэглэх боломжтой юм. 17-60 насны хүмүүс  тохиромжтой бөгөөд өөрийгөө эрүүл гэж бодож байгаа л бол цусны донор болж болно. 

МУИС-ийн 1-р түвшний оюутан:
-Цусаа хандивлах нь миний хувьд бусдын төлөө хийж чадах хамгийн том сайн үйл гэж боддог. Тиймээс би энэ аянд оролцож тусламж хэрэгтэй хэн нэгэнд амьдрал бэлэглэхийг хүссэн юм. 

Мөн хэн нэгэнд цусаа бэлэглэж амьдрал бэлэглэхийг хүссэн хүн бүхэнд үүд хаалга үргэлж нээлттэй байдаг аж. Сар бүрийн 3-ны өдөр цусаа бэлэглэх өдөр бөгөөд Сүхбаатар цус цуглуулах төв, Баянгол цус цуглуулах төв, Баянзүрх цус цуглуулах төвүүд дээр хүрэлцэн ирж цусаа хандивлахыг уриалж байна. 








#НэгЗүрх #BloodDonation #МУИС #Event #ЦусааБэлэглэе