Охидууд оёж чаддаг байх албагүй, хөвгүүд ч уйлах эрхтэй


Б.Дариа | YOLO.MN
2022-10-31

Хүйсийн тэнцвэрт байдал, хүний эрхийн тухай асуудлуудын тухай сонсохоор “томчууд”-ын өнөө л улиг болсон сэдэв шиг санагдаж байна уу? Гэхдээ чиний чихэнд хааяа “эмэгтэй юм байж”, “эрэгтэй юм байж” зэрэг үгс сонстдог бол жендэрийн асуудал чамаас тийм ч хол гэсэн үг биш шүү.  

Ингээд Yolo.mn ээлжит нийтлэлээрээ дамжуулан өсвөр насныхан, залууст тулгамддаг жендэрийн асуудлыг хөндөхөөр шийдсэн юм. Жендэрийн тэгш бус байдал нас хүйсээр ялгахгүй. 

Жендэрийн талаарх хэвшмэл ойлголтууд нь ёс заншил, түүх уламжлал, олноор ам дамжин яригдаж ирсэн дэг жаяг, “цуу яриа”-наас ихээхэн хамаардаг. “Оргүйгээс охинтой нь дээр” гэх мэт бурангуй үг хэллэг бол үүний тод жишээ юм.

Тохиолдол 1

Бидний өмнөх үед эмэгтэй хүмүүс ихэвчлэн гэрийн ажил хийж, хувцас оён, хүүхдүүдээ өсгөх бичигдээгүй “хууль”-тай байсан. Харин тэд дараагийн үеэ яг энэ аргаар өсгөн хүмүүжүүлж, хүлээлт ч үсгэх хандлагатай нь ажиглагдаж байна. Үүнийг үе хоорондын ялгаа гэж хэлж болно. Тухайн үеийнхээ өөрийн мэдрэмж, ёс жаягийг дараагийн үеийнхнээсээ тулган шаардах нь тэр ялгааг гаргаж буй зааг аж. Гэсэн ч зарим “томчууд” хорвоо дэлхий хувьсан өөрчлөгдөхийн хэрээр олны үзэл санаа нэг биш гэдгийг ойлгохгүй, залуу үеэ хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй байсаар.

Үүний үр дагавар нь вэ?

Нэгэн судалгааны байгууллага Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт амьдардаг 14-19 насны 2000 орчим оролцогчдын дунд  "Өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа"-г явуулж тайлан боловсруулжээ. Үүнд дурдсанаар өсвөр насны эмэгтэй хүүхдүүдийн 17,5 хувь нь сэтгэл гутрах шинж илэрсэн бол эрэгтэй хүүхдүүдийн 11,8 хувьд илэрчээ. Мөн сэтгэл түгшүүрийн тухайд охид даруй 2,5 хувиар илүү байсан ба охид яагаад илүү түгшүүрлэдгийг шинжлэхэд стрэсстэй үйл явалд болон эцэг эхийн зүгээс ирэх хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдэд илүү их өртдөг гэж хариулсантай холбоотой байжээ. 

Тохиолдол 2

Хөвгүүдэд бага байхаас нь л “эр хүн зоригтой байх ёстой, эр юм байж битгий уйлаад бай, охин шиг шалчигнахаа боль” гэхчлэн эр хүний талаарх нийгмийн тогтсон ойлголтыг хүчээр тулгадаг шүү дээ.

Үүний үр дагавар юу вэ?

Манай улсын хэмжээнд нийт амиа хорлосон зургаан хүн тутмын тав нь, гэмт хэрэгт холбогдож эрхээ хязгаарлуулсан хүмүүсийн 90 орчим хувь нь эрчүүд гэсэн судалгаа бий. Бага балчир, залуу байгаа дээр нь эрчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг нь арилгаж, бусдын мэдрэмжийг хянаж цагдахаа больсон цагт энэ тоо буурах боломжтой. Амьдрал бол хамтын бүтээл. Нэгнээ байгаагаар нь хүлээж авч, хүлээн зөвшөөрч сурцгаая. Эр хүн ч, хөвгүүд ч уйлах эрхтэй.

Тохиолдол 3

Эрэгтэй хүүхэд юм чинь, хөөрхөн охин юм чинь, эмэгтэй л юм чинь гэхчлэн хайрцаглаж, эрхийг нь зөрчиж, бие биедээ халдсаныгаа “зүгээр шдээ”, "энийг бол ингэхэд яадаг юм" хэмээн хаацайлж, үл тоомсорлох нь ялгаваран гадуурхалтыг дэвэргэж улмаар бэлгийн, сэтгэл санааны хүчирхийллийг бий болгож байдаг. Жендэрийн мэдрэмжгүй нэгний бодлогогүй, бүдүүлэг үйлдлийн улмаас бие махбодь, сэтгэл санаагаараа хохирсон олон хүмүүс бий. Гэхдээ энэ бүхэн зүгээр биш шүү.

Жендэрийн боловсролыг мэдээж багаас нь олгож, жендэрийн мэдрэмжтэй болгон өсгөх хэрэгтэй. Манай улсын хувьд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Эрүүл мэнд” хичээлийн дотор тодорхой хүрээнд бэлгийн боловсрол олгож буй нь жендэртэй шууд бусаар холбогдоно.

Дээр дурдсан судалгаанд өсвөр насныхан болон залуус хүйсээс хамаарч ялгаатай эрсдэлд өртөж байна. Тухайлбал эмэгтэй хүүхдүүд ихэвчлэн сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр, хоолноос татгалзах, өөрийгөө гэмтээх оролдого хийдэг бол эрэгтэй хүүхэд бусдыг дээрэлхэх, дээрэлхүүлэх, үе тэнгийн нөлөөнд автах, бэлгийн харилцааны буруу ойлголт, тамхи татах зэрэг эрсдэлд өртөж байна. 

Ер нь жендэрийн мэдрэмж бол хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй хамаарахгүй бүх нийтэд хамаарах асуудал гэдгийг үүнээс харж болно. Энэхүү тогтолцоо нь жендэрт суурилсан хүчирхийллийг бий болгож, хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг шударга бус ялгаварлалыг үүсгэсээр байна.

Бас нэгэн тохиолдол.

Гэр орны ажил зөвхөн эмэгтэй хүмүүст, охин хүүхдэд харьяалагддаг гэдэг нь хэдийн хуучирсан ойлголт гэдгийг бүгд хүлээн зөвшөөрцгөөе. Тэр ч бүү хэл Британийн Колумбын их сургуулийн багийнхны хийсэн судалгааны ажлын үр дүнд аав нь аяга таваг болон хувцас угаах, хоол хийх зэрэг гэрийн ажилд тогтмол хийдэг бол охид нь карьерын хувьд хүсэл эрмэлзлээр дүүрэн, санаачилгатай, идэвх зүтгэлтэй нэгэн болж төлөвших хандлагатай нь ажиглагджээ. Судалгааг удирдан явуулсан судлаач Alyssa Croft, “Эцэг эх нь гэр цэвэрлэх ажлыг хүйсээр ялгалгүй хийх ёстой гэдгийг үлгэрлэн харуулснаар хүүхдүүд карьерын өргөн цар хүрээ бүхий сонголтоос мэргэжил сонголтоо хийж чаддаг. Хэдийгээр жендэрийн эрх тэгш байдалд ээжийн харах өнцөг чухал хэдий ч аавын энэ үйлдэл юу юунаас илүү хүчтэй нөлөөлдөг нь тогтоогдлоо” гэсэн байна.

Судалгааны хүрээнд олж харсан бас нэгэн сонирхолтой үзэгдэл бол аав нь жендэрийн тэгш байдлыг дэмждэг ч гэрийн ажилд бага оролцдог охид ирээдүйд сувилагч, багш, гэрийн эзэгтэй зэрэг нийгэмд “эмэгтэй хүн хийдэг” гэсэн хэвшмэл ойлголтыг өгсөн мэргэжилтэй болох мөрөөдөлтэй байжээ. Харин гэрийн ажилд оролцох хувь өндөртэй аавуудын охид сансрын нисгэгч, далайн гүний судлаач, геологич, цагдаагийн ажилтан, мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчин зэрэг “gender-neutral” буюу аль ч хүйсийн хүн эрхлэх боломжтой ажлын байруудыг сонирхож байсан” хэмээсэн юм.

Ийн ажил мэргэжлийн талбарт хүйсийн ялгаагүйгээр эн тэнцүү хөдөлмөрлөх болчихсон байхад зөвхөн эмэгтэй хүн хүүхдээ асарч, охин хүүхэд дүүгээ сайн харж, хоолоо хийн, гэрээ цэвэрлэх ёстой гэж тулгах нь шударга бус. Басхүү эрэгтэй хүн л гэр орныг авч явж мөнгө олох, эрэгтэй хүүхэд л “чихгүй толгой” байдаг гэж ойлгох нь хэт туйлширсан ойлголт биш гэж үү?

Тэгэхээр ямар гарц байж болох вэ?

Дээр дурдсанчлан жендэрийн мэдрэмжгүй байдалд уламжлал, өмнөх үеийнхий буруу бодол, хэт тулгасан үзэл санаа хамгийн их нөлөөлж байна. Тиймээс залуус бид өөрсдөө хүйсийн тэгш байдлын боловсролтой болж, дараагийн үедээ үлгэрлэн тэднийг "хүлээж авахад" бэлэн байх хэрэгтэй аж. Жендэр, түүнийг тойрсон асуудууд бол нийгмийн зүтгэлтнүүдийн өөрсдийнхөө төлөө хөндөж буй асуудал биш нийгэм даяарх чи бидэнд тулгамдаж буй өдөр тутмын үзэл бодлын зөрчилдөөн, хүлээлтийг зөв замд чиглүүлэх гарц гэдгийг ойлгоорой.

Тийм ээ. Охидууд оёж чаддаг байх албагүй, хөвгүүд ч уйлах эрхтэй.

#Жендр