"Хөдөлгөөнтэй сурагчаас буудлагын тамирчин болох бага зэрэг хэцүү байсан"


Бидний энэ удаад танилцуулах зочин бол МУБИС-ын Сэтгэл судлалын 4-р курсийн оюутан Ганбаатарын Буянбаатар юм. Тэрээр буудлагын спортын Дэлхийн Залуучуудын аварга, Ази тивийн залуучуудын хошой аварга, Кувейтын эзэн хааны цомын аварга, Ази тивийн залуучуудын дээд амжилтын эзэн "Аваргаас Аварга" клубын тамирчин, Спортын мастер гээд түүнд маш олон бахдам гуншин бий. Ингээд түүнтэй буудлагын спортын талаар ярилцсаныг хүргэж байна. 

YOLO: Яагаад заавал буудлагын спортоор хичээллэх болсон бэ?
- Манай аав  багадаа буудлагын спортоор хичээллэж байгаад орхичихсон юм билээ. Намайг 8-р ангид их хөдөлгөөнтэй, бужигнуулж  байх үед минь буудлагын клубд дагуулаад очсон доо. Анх орохдоо их дургүй байсан. Шалгуулж, бүртгүүлээд, бэлтгэлээ хийх болсон чинь буу ч бариулахгүй шууд нэг савтай ус өгөөд "Наадахаа яг буу барьж байгаа юм шиг шагайгаад зогс" гээд өдөржингөө тэр савтай усаа бариад л зогссон доо. Тухайн үеийн 8-р ангийн хүүхдийн сэтгэхүйд буудлагын спорт гэхээр шууд ороод буудаад, буудаад л явчихна ухааны л юм бодож байсан байх. (инээв) Түүнээс хойш долоон жил өнгөрсөн байна.

YOLO: Буудлагын спорт гэхээр хамгийн түрүүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа эгч санаанд орж ирэх юм. Гэтэл чам шиг ийм өндөр амжилт үзүүлж байгаа залуучууд олон байдаг байх. Тийм үү?
- Тийм шүү. Мэдээж над шиг дөнгөж амжилт гаргаж эхэлж байгаа шинэ залуу тамирчид зөндөө л төрөн гарч ирж байна. Жишээ нь гар бууны төрөлд Ш.Буянзаяа, О.Төгөлдөр урт бууны төрөлд “Рио 2016” олимпд өрсөлдсөн Г.Нандинзаяа зэрэг шинэ залуу үеийнхэн гарч ирж байна. Гэхдээ О.Гүндэгмаа эгч бол мэдээж ярих юмгүй хамгийн шилдэг нь.

О.Гүндэгмаа эгчтэй хамт Л.Ундралбат багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг. Амжилтын цаана дан ганц тамирчны авьяас чадвар бус түүнээс гадна сайн дасгалжуулагчийн ур чадвар маш их нөлөөлдөг гэж боддог.

YOLO: Хүссэн байгаа онох мэдрэмж үнэхээр гайхалтай байдаг байх даа?
- Буудлагын спорт хэмжигдэхүүнтэй спорт болохоор байны төвийн төвд арван оноон дээр л онож байвал сайн байдаг юм. Гүйцэтгэл 100% байвал бүх зүйл сайхан байдаг даа.

Ялангуяа медалийн төлөө өрсөлдөөд финалын буудлага хийж байх үед байны төвд оноод ялах мэдрэмж үгээр илэрхийлэх боломжгүй маш гоё мэдрэмж төрдөг.

Тамирчны авьяас чадвараас гадна сайн дасгалжуулагчийн ур чадвар чухал байдаг.

Г.Буянбаатар




YOLO: Гар салгалах, буу гацах гэх мэт саатлууд нэлээд гардаг юм шиг. Иймэрхүү эрсдэлүүд хэр их тохиолдож байсан бэ?
- Надад бол буу гацсан зүйл тохиолдож байгаагүй. Харин чухал буудлагын үед сэтгэлзүй муутайгаасаа болж түрүүлж явж байгаад 2-р байранд орох, сандрах эсвэл ганц, хоёрхон сум муу буудчихаад "Би ялагдчихлаа", ингээд дууслаа гэх мэт сэтгэлзүйгээрээ ялагдах зүйлс тохиолдож байсан.

YOLO: Тэгэхээр буудлагын спорт сэтгэлзүйн спорт мэт. Магадгүй энэ ч утгаараа чи сэтгэлзүйн мэргэжлээр суралцаж байгаа байх?
- Ер нь бол тийм шүү. Би өөрөө сэтгэлзүй сайтай байж байж, илүү сайн түвшний тамирчин болж чадах юм байна гэж бодсон. Өсвөр насан дээрээ аавыгаа алдаад хэцүү үеийг туулж байсан минь бас нэг шалтгаан нь. Өөрөө сэтгэл зүйч болоод надтай ижилхэн асуудалтай хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөхийн тулд энэ мэргэжлийг сонгосон.

YOLO: Өдөрт хэр их цагийг бэлтгэлдээ зарцуулдаг вэ?
- Өдрийн хоёр бэлтгэл хийх үед ойролцоогоор 7-8 цагийн бэлтгэл хийдэг. Хичээл ном ихтэй үедээ бол ихэвчлэн 4-5 цагийн бэлтгэл хийж амждаг.

YOLO: Энэ спортоор хичээллэхэд хамгийн хэцүү нь юу байдаг вэ?
- Яг үнэндээ анх ороход үнэхээр залхуутай, уйтгартай санагддаг байсан smiley(инээв). Би өөрөө хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан болохоор анх галын шугаман дотор буу барьж зогсчхоод анхаарал шал өөр газар байх жишээний. Энгийн сурагчаас буудлагын тамирчин болох шилжилтийн үе шатанд наад захын тамирчин байхад шаардагдах анхаарлаа төвлөрүүлж сурах, тамирчин хүний дэг журмыг сахих, өөрийн удирдлагаа сайжруулах зэрэг асуудлууд хэцүү  байсан. Миний анхны дасгалжуулагч В.Ганцоож багш маань тэр үед надтай маш ойр тулж ажилладаг байсан болохоор хурдан дасан зохицож чадсан байх.




Медалийн төлөө өрсөлдөөд финалын буудлага хийж байх үед байны төвд оноод ялах мэдрэмж үгээр илэрхийлэх боломжгүй маш гоё мэдрэмж төрдөг.

Г.Буянбаатар

YOLO: Цаашдаа ямар амжилт гаргахыг хүсч байна вэ?
- Ямар ч тамирчны туйлийн зорилго нь олимпын тавцан дээр төрийн дууллаа эгшиглүүлэх байдаг байх. Би ч бас яг тийм зорилготой. Өсвөр, залуучуудын улсын аваргад шинэ тамирчид медаль авах л зорилготой орж ирдэг юм шиг харагддаг.

Мэдээж бүх л тамирчин медаль авахын төлөө л орж байгаа ч зөвхөн медаль авна гэсэн найдлагаар хий хоосон юманд итгэж буудаад байх шиг санагддаг. Харин медаль авахын төлөө яг юу хийх ёстойгоо мартчихдаг, хаячихдаг шууд л амжилт бодож эхэлдэг. Шинэ тамирчиддаа хэлэхэд амжилт гаргахын тулд зөв системээр, зөв бэлтгэл хийж, өдөр бүр шаргуу хөдөлмөрлөж тэмцээн дээр түүнийгээ харуулах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

YOLO: Хамгийн дурсамжтай тэмцээнээсээ хуваалцвал?
- 2011 онд Кувейт улсад зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр бол миний хамгийн анхны олон улсын тэмцээн бас  хамгийн анх удаа медаль авсан тэмцээн байсан. Улсын аваргаас медаль авч үзээгүй шинэ тамирчны хувьд Азийн аваргын медаль авна гэдэг зүүд мөрөөдөл шиг санагдаж байсан.

Мөн хамгийн анхны удаа аавынхаа баярын нулимсийг үзэж билээ. Даанч тэрнээс хойшхи амжилтуудыг аав минь дэргэдээс минь харж чадаагүй. Харин миний аав дээрээс хараад хүүгээ дэмжиж, амжилт гаргах үед минь яг л тухайн үеийнх шиг хүүхэд мэт уйлж суугаа байх…

YOLO: Ярилцсанд баярлалаа. Ирээдүйд олимпийн дэвжээн дээр эх орныхоо далбааг мандуулахыг хүсч, хөдөлмөрлөж байгаа шинэ залуу, чадварлаг тамирчиндаа спортын өндөр амжилт хүсье!
- Танд ч мөн баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

 

Улсын аваргаас медаль авч үзээгүй шинэ тамирчны хувьд Азийн аваргын медаль авна гэдэг зүүд мөрөөдөл шиг санагдаж байсан.

Г.Буянбаатар

#Fire #Sport #Boy