Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодруулсан талаарх мэдээллийг бид өмнө нь та бүхэндээ хүргэсэн билээ. Тэгвэл тэдгээр таван хүүхэд ирэх 2017 ондоо юу хийхийг зорьж буй болон уншигч хүүхдүүдэд хандаж хэлэх зөвлөгөө бүхий захиасыг нь YOLO.mn хүргэж байна.
“ЗАЛХУУРАЛ ГЭДГИЙГ ОР ТАС МАРТААД БҮГД ИРЭХ ОНДОО ЗААВАЛ АМЖИЛТ ГАРГААРАЙ”
Нийслэлийн “Шилдэг бүтээлч хүүхэд”, 5-р сургуулийн 9-р ангийн сурагч З.Чингис
2017 оны зорилго: Ирэх оны долдугаар сард Нисэх загварын спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад болно. Тэрхүү тэмцээнд амжилттай оролцох ойрын зорилго байна.
Амжилттай байх чиний туршлага: Утсаа оролдоод цагийг хий дэмий үрэлгүй өөрт хэрэгтэйгээр буюу өөрийгөө хөгжүүлж өнгөрөөх нь маш чухал юм шиг надад санагддаг. Аливаа зүйлсийн учир шалтгааныг олох гэж хичээдэг, сониуч зантай байдаг минь миний амжилтын эхлэл байх.
Уншигч хүүхдүүддээ хандаж хэлэх үг: Хүн аливаа зүйлсийг сонирхож оролдох бүрт өөрийнхөө авьяасыг нээх боломж гарч байдаг. Бүгд ирэх ондоо залхуурал гэдгийг мартаад сонирхож буй зүйлдээ заавал амжилт гаргаарай гэж хэлье.
“ЭХЛЭЛ ГЭДЭГ НЬ АМЖИЛТЫН ТАЛ ХУВЬ НЬ УЧРААС ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ ОДООНООС Л ЭХЛҮҮЛЭЭРЭЙ”
Нийслэлийн “Шилдэг Манлайлагч хүүхэд”, Амгалан цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Т.Ариунбаяр
2017 оны зорилго: Би Солонгос хэл сурч байгаа. Солонгос хэлийг сайн эзэмшээд 2017 ондоо хангалттай сайн оноотой болж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зорилготой байна. Мөн нийтлэл түлхүү бичих болно. Залуу нийтлэлчдийн клубт хамрагдаж суралцах зүйлс маш их байна. Нээлттэй Нийгэм Форумаас зарласан нийтлэлийн уралдаанд миний бүтээлүүд шалгарч нийтлэл маань нэвтрүүлэг болж гарахаар болсон. Тиймээс цаашид хүүхэд залуучууд, өсвөр насныханд тулгамдаж буй асуудлын талаар нийтлэл бичих болно. Мөн би өмнөх жилүүдэд өөрийнхөө хөгжих тал дээр анхаарч байсан бол ирэх жил найзууддаа хөгжихөд нь тусална гэж бодож байна. Жишээ нь сургуулийнхаа мэтгэлцээний клубыг илүү сонирхолтой болгоно, үйл ажиллагааг нь улам өргөжүүлнэ гэж бодож байна.
Амжилттай байх чиний туршлага: Би аливаа шинэ зүйлсийг туршиж үзэх дуртай. Мөн хүн бүртэй нийтэч, нээлттэй байхыг хүсдэг. Бас аливаад эерэг хандлагатай байж чаддаг. Миний хувьд хамт олон гэдэг маш чухал зүйл, хамт олонтойгоо эвсэг найрсаг байснаар хүн хэзээд амжилтанд хүрч чадна.
Уншигч хүүхдүүддээ хандаж хэлэх үг: Найзууд минь 2017 ондоо шинэ зүйлс туршиж үзээсэй гэж хүсч байна. Шинэ спортоор хичээллэж, шинэ номнуудаар дүүрэн, шинэ шинжлэх ухаан судалж, урлагаар ч хичээллэж болно. Уран зургийн үзэсгэлэн үзэж, сонгодог урлаг сонирхон өөрсдийгөө таниж эхэлдэг энэ насанд маань шинэ содон олон зүйлсийг судалж турших нь хамгийн гоё бөгөөд үр дүнтэй алхам гэж бодож байна. Нэг үгээр эхлэл гэдэг нь амжилтын чинь тал хувь нь юм шүү дээ.
“МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ ШАНТРАЛГҮЙ ЗҮТГЭН, ХАР БАРААН МУУ ҮЙЛЭЭС ХОЛ БАЙГААРАЙ”
Нийслэлийн “Шилдэг Спортлог хүүхэд”, Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Г.Энхсувд
2017 оны зорилго: Ирэх оны хоёрдугаар сард Залуучуудын чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээнд түрүүлээд Азийн аварга болон Дэлхийн аваргын тэмцээнд оролцох зорилготой байна. Мөн би одоо төгсөх ангийн сурагч бөгөөд 2017 онд дунд сургуулиа амжилттай төгсөөд ХСИС-д элсэнэ. Миний хэтийн зорилго гэвэл чөлөөт бөхөөрөө дэлхийн болон олимпын аварга болж, дээд сургуулиа амжилттай төгсөж сайхан мэргэжилтэй болохыг хүсдэг.
Амжилттай байх чиний туршлага: Зарим хүүхэд спортоор хичээллэе гэхээр эмээдэг, “Бусад шиг амжилт гаргаж чадахгүй бол яана аа” гэсэн айдсаасаа болж хүслээ биелүүлж чаддаггүй юм шиг санагддаг. Би ч мөн ялгаагүй анх яг тэгж байсан. Тэр байтугай дэвжээн дээр гарчихаад өрсөлдөгчөөсөө эмээх тохиолдол ч байдаг. Тиймээс хүн өөрийн дотоод хүнтэйгээ сайн ярилцах ёстой юм шиг санагддаг. “Би чадна, би ялна, би үүнийг хийх л болно” гэж хэлэх хэрэгтэй байдаг. Нэг үгээр өөртөө урам өгч байх хэрэгтэй. Мөн хүнээс үг сонсож сурах хэрэгтэй байдаг юм шүү. Тэр цагт чи тэсвэр хатуужилтай, зоригтой болж чадна.
Уншигч хүүхдүүддээ хандаж хэлэх үг: Ирж буй 2017 ондоо хүүхэд бүр өөрийн бодож явдаг хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантралгүй зүтгэн, ихийг бүтээж, хар бараан муу үйлээс хол байж, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж дор бүрнээ хичээгээрэй.
“ХҮҮХЭД БҮР ОНЦ СУРААСАЙ”
Нийслэлийн “Шилдэг Оюунлаг хүүхэд”, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй Цогцолбор 2-р бага сургуулийн 5-р ангийн сурагч Ц.Тэмүүлэн
2017 оны зорилго: Би ирэх онд шалгалтаа сайн өгөөд дунд сургуульдаа дэвшин орно. Мөн 2017 оны “Чээж тоолол”-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Индонезийн Бали арал дээр болно. Тэрхүү тэмцээнд амжилттай оролцохыг зорьж байна.
Уншигч хүүхдүүддээ хандаж хэлэх үг: Намайг маш их хүмүүс дэмждэг. Найз нөхөд, багш нар, хамаатан садан, эмээ өвөө ах дүү, гэр бүлийнхэндээ маш их баярлаж явдагаа энэ дашрамд хэлмээр байна. Мөн хүүхэд бүр онц сурахын төлөө мэрийгээсэй гэж хүсч байна.
“ШАНТРАЛГҮЙ ХИЧЭЭВЭЛ АМЖИЛТ ӨӨРӨӨ ИРЖ, МӨРӨӨДӨЛ БИЕЛЭДЭГ ЮМ”
Нийслэлийн “Шилдэг Авьяаслаг хүүхэд”, Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн Э.Эмүжин
2017 оны зорилго: Би ирэх онд олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцох зорилготой байна. Чех улсад жил бүр болдог KOCIAN-ы нэрэмжит тэмцээн, П.И.Чайковскийн нэрэмжит тэмцээн мөн Хятад улсад болох олон улсын тэмцээн, Монгол улсад болох Чулууны нэрэмжит тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байна. Гэхдээ санхүү мөнгөний хувьд боломж олдвол эдгээр тэмцээнүүдэд бүгдэд нь оролцмоор байна.
Амжилттай байх чиний туршлага: Би мөрөөдөлдөө хүрэх, амжилт гаргахын тулд өдөр бүр хичээж мэргэжлийнхээ хичээлийг давтдаг. Минийх шиг мөрөөдөлтэй, зорилготой олон хүүхэд байгаа байх, бүгд хичээгээрэй.
Уншигч хүүхдүүддээ хандаж хэлэх үг: Дээрхээс гадна би баярласан талархсанаа хүмүүст хэлмээр байна. Миний багшийг МУСТА Д.Жаргал гэдэг. Би багшдаа маш их баярлаж явдаг. Мөн гэр бүлийнхэндээ баярлалаа. Уншигч хүүхдүүддээ хандаж хэлэхэд шантралгүй хичээвэл амжилт өөрөө ирж, мөрөөдөл биелдэг юм шүү.
Оны шилдэг хүүхдүүдийн ирэх оны зорилго, төлөвлөгөө, мөрөөдөл ийм байх нь. Харин ирэх онд биелүүлэх чиний төлөвлөгөө, зорилго юу байх вэ? Сэтгэгдлээр хуваалцаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх