Зуны BUCKET LIST-дээ нэмж болох санаанууд


YOLO.mn | YOLO.MN
2022-08-05

Энэ зуныг ямар нэгэн дурсамжтай зүйл хийж амжилгүйгээр дуусгахыг хүсэхгүй байгаа бол яг одоо үзэг, цаасаа аваад төлөвлөгөөгөө гаргаарай. 

УУЛАНД АВИРАН НАР МАНДАХ ЭСВЭЛ ЖАРГАХЫГ ХАРАХ

Нэг үеэ бодвол Монголчууд маань ууланд авирах дуртай болчихжээ. Хэрвээ та амралтын өдрүүдэд ууланд гардаг бол энэ удаад цагаа тааруулаад нар мандах эсвэл жаргах үеэр гараад үзээрэй. Байгалийн гоо үзэсгэлэн таны зуны амралтад гайхалтай дурсамжийг бэлэглэх болно. 

НАЙЗУУДАА ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД УРИАРАЙ

Бид ихэнх тохиолдолд найзуудтайгаа оройн цагаар уулзах хандлагатай байдаг. Тэгвэл энэ удаад хайртай, дотны найзуудаа өглөөний цайнд уриарай. Урих урихдаа зүгээр л мессэж бичиж урихын оронд жижигхэн цаасан дээр өглөөний цайнд урьж буйгаа бичээд, урилга болон дугтуйгаа өөрийн гараар чимэглээрэй. 

ӨӨРТӨӨ ЗАХИДАЛ ХАЯГЛААРАЙ

Энэ зун өөрийгөө хайрлах ямар дадал зуршил хэвшүүлэх гэж байна даа? Миний зүгээс өөртөө захидал бичихийг зөвлөж байна. Гэхдээ одоогийн өөртөө биш, өнгөрсөн дэх эсвэл ирээдүйн өөртөө бичиж болох юм. 3 жилийн өмнөх өөртөө одоогийн "би" хэр сайжирсан талаар бичээд 5 жилийн дараахөөрийгөө хэр их өөрчлөгдөх, юунд хүрэхээ бичээрэй. 

ХУУЧИН ХУВЦСАА ӨӨРЧИЛ

Өдөр тутамдаа өмссөөр байгаад уйдсан, багадсан, томдсон хувцаснууд шүүгээгээр чинь дүүрэн байна уу? Тэгвэл зүү, утас, хайч бариад дайраад! Цамцаа тайраад "crop top", өмдөө сэмлээд уранхай стильтэй өмд, эсвэл тайраад богино өмд болгосон ч болно. Хувцас будахад зориулагдсан будаг худалдан аваад хуучин хувцсан дээрээ хүссэн зүйлээ зурж бичсэн ч болно. Бүтээл болгон тань гоё болох албагүй ч нэгэнт өмсөхгүй байгаа хувцсыг өөрчлөх гээд оролдоод үзэхэд харамсах зүйлгүй гэж бодож байна. 

ДУРСАМЖИЙН ХАЙРЦАГ ХИЙ

Жижигхэн хайрцаг эсвэл тагтай шил аваад, багахан чимэглэж будаад, дотор нь өөрийнхөө хамгийн нандин дурсамжуудыг цаасан дээр бичиж ороогоод хадгалаарай. Дараа нь хэзээ нэгэн цагт хэцүү санагдсан үедээ заримыг нь нээж үзээд нандин мөчүүдээсээ эрч хүч авч болох юм. 

НОЙРГҮЙ ХОНОХ

Нойргүй хонох нь эрүүл мэндийн хувьд ашиг тустай юу гэвэл мэдээж үгүй. Гэхдээ зуны гайхалтай дурсамжийг бүтээхийн төлөө ганц шөнийн нойрыг золиослоход болохгүй гэж үү? Мэдээж шөнийг өнгөрөөхдөө юу юу хийхээ урьдчилан төлөвлөх хэрэгтэй шүү. 

24 ЦАГИЙГ ЯМАР Ч ИНТЕРНЕТГҮЙГЭЭР ӨНГӨРӨӨ

Ажил, хичээлээсээ түр амсхийх зав олдсон бол бүтэн 1 өдрийг интернэтийн элдэв шуугиан, хэрэгтэй хэрэггүй мэдээллээс хол өнгөрүүлээд үзээрэй. Энэ хугацаанд тэмдэглэл хөтлөн интернэт чиний амьдралд хэрхэн нөлөөлж буйг ажиглаад авахад ч гэмгүй. Энэ бол та амьдралынхаа хэчнээн олон жаргалтай мөчүүдийг утасны дэлгэцээр сольж байсныг ухаарах боломж юм шүү. 

ӨРӨӨГӨӨ ДАХИН ТОХИЖУУЛ

Хэзээ хамгийн сүүлд өрөөнийхөө тавилгуудын байрлалыг өөрчилж, ханандаа шинэ зураг өлгөснөө санаж байна уу? Ойрын хэдэн сардаа лав ингэж амжаагүй явсан бол энэ зун амьдарч буй орчиндоо жижигхэн ч атугай өөрчлөлт хийх боломж юм. Тавилгуудынхаа байрыг соль, жижигхэн тавилгууд худалдаж ав, хоосон ханаа дуртай кино болон дуучныхаа зургаар дүүргэ, шинэ ургамал худалдаж ав. "Боллоо" гэж үзээд эргээд нэг харахад хэчнээн сайхан байдаг гэж санана. 

ГАНЦААРАА ХООЛЛОХ/КИНО ҮЗЭХ

Энэ санаа танд нэг бол айдас хүйдэс дүүрэн эсвэл эмо санагдаж магадгүй. Гэхдээ заавал туршаад үзээрэй. Хэн нэгнийг зугаацуулах, хэн нэгний ая эвийг олох, хэн нэгэнд таалагдах гэж хичээх ямар ч шаардлагагүй гэхээр харин ч гоё байгаа биз? 

#Мэдэхэд илүүдэхгүй