АНУ-д пицца хүргэгчээр ажилладаг 25 настай Николас Бостич шатаж буй байшингаас таван хүүхдийг аварчээ.
Тэрбээр шөнө дундын үед Лафайетт хотын байшингуудын хажуугаар өнгөрөхдөө шатаж буй хоёр давхар байшинг харсан байна. 911 рүү залгаж дуудлага өгөхийг бодсон ч утасгүй явж байсан тул шатаж буй байшинд орж, дотор нь хүн байгаа эсэхийг шалгахыг зорьжээ.
Ингээд тэр “Хүн байна уу” хэмээн хашхирч дүрэлзсэн гал дундуур нэвтэрч байшинд хүүхдүүд байгааг олж мэдэв. Уг байшинд 1, 6 настай хоёр хүүхэд, 13 настай хоёр хүүхэд, 18 настай эгчийнхээ хамт гал гарсныг ч мэдэлгүй угаартан унтаж байжээ. Ингээд Николасыг хашхирахад хамгийн том эгч нь сэрж гурван дүүгээ дагуулан Николасын тусламжтайгаар галаас аюулгүй гарчээ.
Николас “Дотор хүн үлдсэн үү” гэж хүүхдүүдээс асуухад галаас айж балмагдсан хүүхдүүд зургаан настай дүү нь дотор байгааг хэлсэн байна.
Ингээд Николас шатаж буй байшин руу зоригтойгоор буцан орж бусад өрөөнүүдэд орж орон доогуур, хувцасны шүүгээ зэрэг байж болох бүх байршилд охиныг хайжээ. Хэсэг хугацааны дараа тэр охиныг олсон ч буцаж гарч чадахгүйгээр гал дүрэлзэж байв. Иймээс залуу хоёр давхар руу гарч, цонхыг нь хагалаад охиныг энгэртээ тэвэрсэн чигээрээ үсэрч буун амь аврагджээ.
Николас “Юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй байна. Гэхдээ би тэр шөнө, тэр газарт үхэж болохоо мэдэж байсан. Гэсэн хэдий ч ер бусын тайван сэтгэж хамаг хурдаараа хүүхдүүдийг аврахыг хичээсэн” хэмээжээ.
Тэр байшингаас зургаан настай охиныг тэврээд шатаж буй байшингийн цонхоор үсэрсэн бичлэг нь цахимд цацагдсан байна. Николас цонхоор үсрэхдээ баруун талаараа газар унаж гар, нуруу, шагайдаа бэртэл авчээ. Охиныг азаар ямар ч гэмтэл аваагүй байна хэмээн эмч нар хэлсэн аж.
Гал унтраагчид болон эмнэлгийн тусламж ирсэн байсан тул зургаан настай охиныг офицерт өгөөд “Тэр зүгээр байна уу. Зүгээр л байгаасай” хэмээн хэлээд “Надад хүчил төрөгч хэрэгтэй байна” гэж хэлсэн аж.
Галын утаанд угаартан хордож, гарнаас нь цус алдаж бэртсэн түүнийг эхлээд Францискийн эмнэлэгт хүргэж, дараа нь Индианаполис дахь Эскенази эмнэлэг рүү шилжүүлжээ.
Хүүхдүүдийн эцэг эх Дэвид, Тиера Баррет нар болзоонд явсан байсан аж. Тэд Николаст чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлжээ. Энэ явдлын дараа Николас уг гэр бүлийн гишүүн мэт дотно холбоотой болсон байна.
Хүмүүс түүнийг баатар хэмээн нэрийдэж, зоригтой үйлдлийг нь шагшин магтжээ. Харин Николас “Хүн бүр л намайг баатарлаг үйлдэл хийлээ хэмээж байна. Гэхдээ би зүгээр л энгийн залуу. Би баатар зоригтойдоо биш, харин зөв цагтаа зөв газраа явж таарснаар хүүхдүүдийн амийг аварсан” гэжээ.
Хотын захиргаанаас “Lafayette Aviators” бейсболын тэмцээний үеэр түүнд хүндэтгэл үзүүлэхээр болсон ба “FUND2022” кодтой тасалбарын орлогыг түүний эмчилгээний зардалд олгохоор болсон байна.
Мөн хүмүүс түүнд фэйсбүүкээр 33,000 гаруй ам.доллар цуглуулсан бол GoFundMe хуудас 142,000 гаруй ам.доллар цуглуулж Николаст туслалцаа үзүүлжээ.
Эх сурвалж: BP
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх