Хүмүүстэй харилцах явцад, хүмүүсийг өөрөөсөө түлхдэг хэд хэдэн хортой ааш авир гардгийг би олж мэдсэн юм. Мөн түүнчлэн тухайн ааш авир нь хэрхэн хүмүүс хоорондын харилцааг сүйтгэж, ажлын амжилтанд болон эргэн тойрны хүмүүст сөргөөр нөлөөлж буйг таньж мэдлээ.
Үнэнийг хэлэхэд олон хүн өөрчлөгдөхийг эрмэлзэж, сэтгэл санаагаа тогтворжуулах, зүйд нийцэхгүй ааш авир гаргахаас зайлсхийдэг ч заримдаа маш хор хөнөөлтэй ааш авир гаргадаг байна.
Та хор хөнөөлтэй ааш авир байнга эсвэл ховорхон гаргадаг аль нь ч байсан, таны аз жаргал болон амжилтанд маш ноцтойгоор нөлөөлөх тул аль болох эртхэн таньж мэдэн, засаж залруулах шаардлагатай.
Үүний тулд надад өдөр тутам тохиолддог 6 хортой ааш авирыг доор дурдлаа.
Хорт чанар 1. Бүх зүйлийг биедээ тусгаж авах
Хүмүүс амьдралдаа тохиолдож буй бүх зүйлийг шууд өөрт нь чиглэсэн халдлага эсвэл зөвхөн түүний асуудал мэт хүлээж авдаг. Энэ нь тэдний сэтгэлзүйд маш хор хөнөөлтэй байдаг юм. Бодит байдалд ихэнх хүний хэлж буй үг, хийж буй үйлдэл танаас илүү тэдэнд хамааралтай байдаг. Хүмүүсийн танд үзүүлж буй хариу үйлдэл нь яг үнэндээ тэдний шүүн тунгаалт, хүлээлт, сэтгэлийн шарх болон тэдэнд болж өнгөрсөн үйл явдал зэргээс маш их шалтгаалдаг байна.
Хүмүүс таныг гайхалтай аль эсвэл шал хэрэггүй хүн гэж бодох үед асуудлын гол нь тэдэнд байдгийг санах хэрэгтэй. Гэхдээ л бид өөрөөрөө хэт бахархаж, бусдын бүх хариу үйлдлийг үл тоомсорлох нь буруу юм. Таны амьдралд тохиолдож буй гомдол, сэтгэл гонсойлт, уйтгар гуниг бүхэн аливаа зүйлийг өөр дээрээ тусгаж авахаас шалтгаалдаг бөгөөд бусдын сайн, муу санаа бодлоос оюун бодлоо чөлөөлж, өөрийн зүрх сэтгэл, зөн совин болон цэцэн ухааныг дагаснаар бүтээмж нэмэгдэж, бие сэтгэл эрүүлжих болно. Иймээс бүх зүйлийг биедээ тусгаж авахаас зайлсхийх хэрэгтэй.
Хорт чанар 2. Сөрөг бодлоор өөрийгөө шаналгах
Амьдралд тохиолдсон аймшигт үйл явдал, доромжлол болон тэдэнд шударга бус хандаж буй талаар тасралтгүй гомдоллож, түүнээсээ ангижирч чаддаггүй хүмүүсийн ойр орчимд байх нь маш хүнд байдаг. Тийм төрлийн хүмүүс амьдралын эерэг талыг харахаас татгалзаж, өөрсдийнхөөрөө зөрүүдэлдэг байна. Гутранги үзэл бол нэг асуудал, харин сөрөг бодолдоо үргэлжийн мөнх түгжигдэх нь ялгаатай зүйл юм. Бүх зүйлийг сөргөөр харж, бүх зүйл таны эсрэг чиглэж байна гэж бодох нь таны амьдрал болон бодлыг гажуудуулах болно. Харин та үүнийг өөрчилж чадна.
Хорт чанар 3. Өөрийгөө хохирогч мэт үзэх
Бас нэгэн хортой зан авир нь та өөрийгөө гадуурхагдаж буйгаар үзэж, тэрнийхээ талаар зогсолтгүй гомдоллох юм. Та бол хохирогч гэдэгт итгэж, амьдралынхаа удирдлагыг гартаа авч чадахгүй байх нь ертөнцийг баригдмал, давчуу болгох хор хөнөөлтэй. Хүмүүс тухайн итгэл үнэмшлээс болж, амьдралдаа эерэгээр нөлөөлөх эрч хүч, эрх мэдэл олж авахаас илүүтэй аймшигт сэтгэлийн шархтай үлддэг байна. Харин та өөрийгөө хувь тавилангийн золиос нь болсон гэж гошигнохоо больсон цагт л, санаснаас илүү хүчтэй болохоо мэдэрч, боломж болон ялгаж салгах чадварыг олж авч чадна. Хамгийн гол нь үүнийг бодит байдалд хэрэгжүүлснээр биеллээ олно.
Хорт чанар 4. Бусдыг муулах - бусдын санаа бодлыг ойлгох, тэдний оронд өөрийгөө тавихаас татгалзах
Бусдын санаа бодлыг ойлгох, санаа зовних, өрөвдөн хайрлах чанар дутсанаас тэдний талаар хорон муу үг хэлэх нь нэн хортой зан авир билээ. Зүгээр л амнаас гарсан үгээр хэн нэгнийг муулж, доромжилж байгааг өдөр тутам мэдээллийн хэрэгслээр хардаг. Бага ч болов хорон муу үг, “нуруунд нь хутгалах” нь хэлсэн хэлүүлсэн хэн алинд нь маш их хор хөнөөлтэй байдаг.
Хэдэн жилийн өмнө надад маш том сургамж өгсөн нэгэн үйл явдлын талаар өгүүлье. Нэгэн өдөр би сэтгэл санаа гундуу байдалтайгаар гэртээ ирээд, хөршүүд маань хүүхдээ хэрхэн буруу хүмүүжүүлж буй талаар нөхөртөө гомдоллож гарлаа. Гэтэл түүнээс хойш нэг хоног ч өнгөрөөгүй байхад, манай хөрш яг ижил асуудлаар миний хүүхдийн талаар гомдоллож хаалгыг маань тогшсон юм. Энэ үйл явдал нь надад
“Өөрийн толгой дээрх бухлыг харалгүй
Өрөөлийн толгой дээрх өвсийг харах” гэсэн зүйр үгийг илэрхий ойлгуулсан юм. Хэрвээ та хэн нэгнийг муулах, “ар нуруунд нь хутгалах” талаар бодож байгаа бол татгалзахыг зөвлөе. Бид бүгд л адилхан шүү дээ.
Хорт чанар 5. Хэт их тэсрэлттэй байх
Өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах чадваргүйгээс болж, ойр хавийн хүмүүсдээ сөргөөр нөлөөлөх нь нэг төрлийн хортой зан авир билээ. Бид маш жижигхэн зүйлийг дэвэргэж том асуудал болгодог хүмүүсийг мэднэ. Урт дараалалд бухимдсан уураа банкны теллерт гаргаж хашгичих, илтгэлийнхээ үеэр жижиг алдаа гаргасны төлөө ажилтандаа уурлах, эсвэл шалан дээр сүү асгаснаас болж хүүхдээ загнах зэрэг. Хэрвээ та уурлаж бухимдснаасаа болж хяналтаа алдаж байгаа бол өөрийн сэтгэл хөдлөлийг хяналтандаа авахын тулд гадны тусламж хүсэх, мөн түүнчлэн тэр их уур уцаарын уг үндсийг илрүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Хорт чанар 6. Өөрийгөө хэт дөвийлгөж, түүнийгээ нотлохыг оролдох
Гаргасан амжилт бүрээ ширхэгчлэн хэмжиж, түүнийгээ байнга зарлан тунхаглаж явдаг хүний эргэн тойронд байх тийм ч таатай зүйл биш. Тиймэрхүү төрлийн хүмүүс өөрийн чадварыг ахин дахин батлахыг оролдон, хамт ажиллагсдаа “ялан дийлэх”-ийг байнга оролддог нь нэгэн төрлийн хор хөнөөлтэй зан авир юм.
Аливаа зүйлд “тунг нь тааруулсан”, амар хялбар арга барилаар бус хэтэрхий зарчимч хандан, хэт өндөр жишиг үзүүлэлт тогтоох нь өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хүнд байдалд оруулдаг. Амжилтанд хүрэх аялал, үйл явц болон арга барил тань өнөөдрийн багахан амжилт эсвэл бүтэлгүйтлээс илүү чухал юм.
Иймээс та “Яг одоо би тушаал дэвшмээр байна!”, “Миний байшин хөршийнхөөс илүү том сайхан байх хэрэгтэй” зэрэг жижиг зүйлсийг өөчилж бухимддагаа зогсоо. Таны гаргасан амжилтаа батлахыг хэт улайрсан тэмцэл, амжилт бүтэлгүйтэл бүхнийг хэмжих нарийн хэмжүүр тань аз жаргалыг танаас түлхэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх