У.Лаура: Хүүхэд ганц бие ээжийгээ нөхөртэй болоосой гэж боддоггүй. "Миний ээж жаргалтай байгаасай" л гэж хүсдэг


Б.Нямдарь | YOLO.MN
2022-06-11

"Хүмүүс" ярилцлагын булангийн удаах зочноор модель Лаура Урангоо-г урилаа. Тэрбээр өнгөрөгч сард Италид болсон Miss Europe Continental тэмцээнд амжилттай оролцон "Тайзны шилдэг алхаа" болон өмссөн даашинз нь "Шилдэг дизайнерийн бүтээл" шагналыг тус тус хүртсэн амжилттай иржээ. Түүнтэй тэмцээний талаар болон бага нас, амьдралыг үзэх үзэл, ганц бие ээжийнх нь хувиар ярилцлаа.

"ЭМЭГТЭЙ ХҮН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХЭЭР БҮХНИЙГ ХАЙРЛААД, ӨӨРИЙНХӨӨ ҮНЭ ЦЭНИЙГ НЬ МЭДЭРЧ ЭХЭЛДЭГ ЮМ БИЛЭЭ"



- Саяхан оролцоод ирсэн Miss Europe Continental тэмцээний талаар яриагаа эхэлье.

- 2012 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа Miss Europe Continental тэмцээн бөгөөд онцлог нь оролцогчдоо зохион байгуулагчид нь өөрсдөө сонгон санал тавьж урьдаг. Аливаа миссийн тэмцээнд насны хязгаартай, хүүхэд гаргаагүй байх гэх мэт шалгуурыг тавьдаг бол Miss Europe Continental тэмцээнд үүнийг хамаардаггүй. Энэ онд тохиож буй арав дахь жилийнхээ ойн хүрээнд Азийн бусад орнуудаас ч оролцогчдоо урьсан онцлогтой байсан.

Надад урилга найман сарын өмнө ирсэн байсан ч тухайн үед цар тахал дэгдсэн байсан учир хэрэв тэмцээн болох Италид очлоо гэхэд хөл хорионд орох эрсдэлээс сэргийлж оролцох талаарх шийдвэрээ шууд гаргаагүй явсаар тэмцээн болохоос 14 хоногийн өмнө гэнэт явахаар шийдсэн. Энэ хугацаанд тэмцээнд оролцоход дэмжих ивээн тэтгэгч хайгаад явах цаг зав хомс байсан тул өөрөө л бүгдийг зохицуулах гэж эрмэлзсэн. Тэмцээний зардал багагүй гарсан ч даашинз урладаг танилууд, найзынхаа тусламжтайгаар маш богино хугацаанд гоё даашинзуудтай болсон. Шөнө нисэхээс бараг дөрвөн цагийн өмнө даашинзаа аваад явсан. /инээв/

 




- Энэ жилийн тэмцээнд хэдэн орны бүсгүйчүүд оролцсон бол таны хувьд гаргасан амжилтаасаа дурдвал?

- Нийт 65 орны 65 бүсгүй ирсэн. Энэхүү тэмцээний нэг онцлог нь дэд байрууд гэж байхгүй цорын ганц ялагчийг шалгаруулдагт байдаг. Тухайн ялагч нь Италийн томоохон брэндүүдийн нүүр царай болж нэг жилийн гэрээ байгуулах болон 33 мянган евро авсан.

Миний өмссөн даашинз маань “Шилдэг дизайнерын бүтээл” шагнал, би өөрөө “Тайзны шилдэг алхаа” шагналыг тус тус хүртсэн. Мөн нэгдүгээр байрт орсон ялагчийн зураг авалт хийх шагналын бараг нь тал нь надад ирсэн. Тиймээс 2-3 зураг авалт хийхээр Итали руу дахин явах төлөвлөгөө бий.

- Анх удаа оролцсон гэхэд чамлахааргүй амжилт гаргажээ. Цаашид энэ төрлийн тэмцээн уралдаанд оролцох бодол байна уу?

- Би энэ тэмцээнийг зорихдоо эхний бөгөөд эцсийн гэдэг бодолтойгоор оролцсон. Учир нь би ээж хүн. Хажуугаар нь амжуулах ажил багагүй байна. Энэ удаагийн тэмцээнд би зөвхөн ажилдаа л төвлөрсөөр бэлдэх хугацаа маш хомс байсан. Гэтэл олон сарын өмнөөс бэлдэж, төлөвлөх хэрэгтэй л дээ. Яг тийм амьдралын хэв маяг надад төдийлөн тохиромжтой биш юм. Хэрэв надад урилга ирээгүй байсан бол би тэмцээнд орно гэж зориглохгүй байх байсан. Өөрийгөө сориод үзье гэсэн үүднээс оролцсон. Ямартай ч өөрийнхөө шагналд сэтгэл хангалуунаас гадна Италид очихдоо найзтайгаа хамт гоё аялсан учир дурсамжтай, амьдралын минь нэг сайхан мөч болон үлдсэн. Мөн 65 өөр улсаас ирсэн өөр өөр мэргэжилтэй бүсгүйчүүд туршлага солилцож, найзууд болсон нь сайхан санагдсан. Тиймээс дахин тэмцээнд оролцохоос илүүтэй одоо хийж байгаа ажил, хувийн амьдралдаа, хүүдээ илүү их анхааръя гэж бодож байна.

- Загварын салбарт анх хэзээ хөл тавьж байсан бэ?

- Хэдэн он байсныг нь нарийн сайн санахгүй байна. Оюутан болохоос өмнө UBS ТВ дуучин Т.Ариунаа эгчийн дууны клипний хэсэгт араб бүсгүйн дүрд тоглох санал тавьсан юм. Тухайн үед клипний хувцас дизайнераар ажиллаж байсан Аня эгч “Космополитан” сэтгүүлийн монгол хувилбарыг гаргах гэж байгаа гээд намайг зураг авалтад оролцохыг санал болгосон. Түүнээс хойш том жижиг зураг авалтаар арав гаруй дугаарт зураг маань гарч байсан. Анх загварын зураг авалтад орж эхэлсэн үе гэвэл энэ л санаанд ордог юм. Жаахан ч байсан үе, камер харахаар чичрээд л хөлс гардаг байсан үе. /инээв/

Түүнээс хойш гадагшаа сургуульд яваад, ар гэр, дүү нараа харах гээд анхаарлаа хандуулах өөр зүйлс багагүй байсан болохоор загварын салбарт төдийлөн удаан байж чадаагүй. Харин ээж болсноос хойш энэ салбарт эргэлт буцалтгүй орчихсон. Хүү минь гуравхан сартай байхад загвар зохион бүтээгч найз Кадр залгаад цагаан сарын дээлийн зураг авалтад орохыг санал болгоход хөхүүл хүүхдээ тэврээд очиж байсан. Тэгэхээр 2018 оноос хойш энэ салбарт нэлээн идэвхтэй байна.

 




- Та ээж болсон нь энэ салбарт идэвхтэй ажиллах урам зориг өгсөн юм болов уу гэх бодлыг төрүүллээ.

- Магадгүй юм. Дээрх зураг авалтын дараагаар Говь компанийн бүтээгдэхүүний нүүр царай болж багагүй зураг авалтад оролцсон. Цаг үе нь яг тэгээд таарчихсан байж болох ч таны таамагласан шиг зүйл болсон байж магадгүй юм.

Залуухан, анхны хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа би өөрийгөө толинд харахаар “Би ийм хүн байгаагүй дээ” гэх бодлыг хааяа төрүүлж байлаа. Учир нь би фитнессээр хичээллэдэг, бие чанга байсан ч төрсний дараа хамаг булчин суларч, царай зүс ч гундаж байв. Бие чанга, илүү өнгөлөг байхдаа яагаад гоё зургууд авахуулж байгаагүй юм бол гэж өөрийгөө гайхсан.


Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхээр бүхнийг хайрлаад л, өөрийнхөө үнэ цэнийг нь мэдэрч эхэлдэг юм билээ. Мөн хүүгээ төрүүлсний дараа сэтгэл гутралд орсон.  Төрөөд удаагүй байхад хүүгийн аав гадаадад ажилладаг учир явж таарсан. Онлайнаар холбоотой байсан ч хааяа маргалдана, түүнээс болж хямарна. Тэгээд нэг өдөр гэнэт шийдсэн. Би залуу байна, ганц л амьдарна. Хэрэв би ганц бие ээж болох дээрээ тулбал би л хүчирхэг, мундаг байхгүй бол хүү бид хоёрыг цаашид хэн ч аваад явж чадахгүй шүү дээ гэж бодсон. Тиймээс би “босох” хэрэгтэй гээд хичээж эхэлсэн. Сэтгэлзүйч гэрээр ирж зөвлөгөө өгдөг байв. Би хүүхэд л төрүүлсэн болохоос биш би өмнөх би хэвээрээ байгаа. Би өвдөөгүй, хүсвэл хэзээ ч өмнөх шигээ болж чадна гэдгийг ухаараад хичээж эхэлсэн. Өөртөө болон хүүдээ анхааран, өөр бусад ээжүүдтэй нийлж гэрээрээ юм зарж олсон мөнгөө хүүдээ, өөртөө зарцуулаад л өөрийгөө маш завгүй байлгаж,  бага багаар өөрчлөгдөж байгаагаа мэдэрч байв.

Тухайн үед дотуур хувцасны зураг авалтад орохоор худгийн хүйтэн усанд маш их зориг гарган хэвтэж, орой нь сүү татран халуурч хүүгээ сандаргасан үе санаанаас гардаггүй юм. Нэгэнт л зураг авалтад орж байгаа бол тултал нь л хийх ёстой, бие бялдар гоо сайхны хувьд ч өөрийгөө сайжруулж байх ёстой гэж боддог. Миний хүү намайг гурван сартайгаасаа хойш зураг авалтад дагаж явсан. Одоо дөрвөн настай, эд хөдөлгөөнтэй үе дээрээ ирсэн учир ажлаа хийхдээ хүнд харуулж үлдээхээс өөр аргагүй байдалд хүрсэн. /инээв/

"НАМАЙГ БАГА БАЙХАД ӨВӨРМӨЦ ТӨРХТЭЙ БОЛОХООР Ч ТЭР ҮҮ ХАРСАН ХҮН БҮР ӨХӨӨРДДӨГ БАЙСАН"


 Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

- Миний бага нас Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өнгөрсөн. Яг л бусад хүүхдүүд хөдөө өвөө, эмээ дээрээ хэрхэн өсдөг, тэр уламжлалаар л өссөн дөө. Эмээтэйгээ мал хариулаад л явж байсан дүр зураг дурсамжид минь бүдэг бадаг үлдсэн байдаг. Ер нь бол эмээгийн хүүхэд байсан. Ээж Улаанбаатар хотод багшилдаг. Удалгүй ээж дээрээ ирж 120 мянгатад амьдардаг болсон. Ээж, эмээ өвөө, ах дүү, цэцэрлэгийн багш, хөршүүд гээд таньдаг хүн бүрийн хайр халамж дунд өссөн мэт санагддаг. Өвөрмөц төрхтэй болохоор ч тэр үү харсан хүн бүр л сонирхож, өхөөрддөг байсан.

- Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт хэр их тохиолддог байсан бэ?

- Тоолж баршгүй их. Одоо ч надад тохиолддог. Энэ үзэгдэл намайг хорвоод төрөхтэй л хамт ирсэн байх гэж боддог. Гадуур явж байхад, ер нь хаа сайгүй, алхам тутам таарна. Хүүхэд байхдаа асуудлын гол нь надад л байна гэж буруу боддог байлаа.  Намайг доромжилсон тэр хүний буруу биш би бусдаас өөр, азгүй болохоор аргагүй гээд гол шаналлыг өөр дээрээ төвлөрүүлээд байдаг байсан. “Яагаад би гэж...” гэж байнга боддог байв. Том болох тусам надтай адилхан өөр олон хүн бий, би зүгээр л бусдаас содон учраас тэдний анхаарлыг татаад, гадуурхагддаг байдаг юм байна гэдгээ ойлгосон л доо. Бүр дараа нь эх хүн болоод маш сайн ойлгосон. Одоо ч надад траума байдаг. Гэхдээ би траумадаа дарлуулаад л суугаад байх юм бол хүүхдэд минь халтай гэдгийг ойлгосон. Би энэ сэтгэхүйгээ хүүхдэдээ суулгаж болохгүй учир би нэг бол хүмүүст гадуурхагдсаар байх уу эсвэл бусад хүн надаас суралцаж, тэднээр хүндлүүлж, урд нь алхах уу гэж эргэцүүлсэн. Өөрөөр хэлбэл бусдаар хайрлуулж, өөрийн хүрээллээ бий болгож өөрийгөө “аурагаар” бүрхэх чухал болсон учир би хүүгээ төрүүлснээс хойш илүү их идэвхтэй болсон байх.

Нэгэнт л бид хоёр аавгүй амьдрах гэж байгаа учир хэн хэнийгээ хэзээд хамгаалах хүчтэй, ялангуяа би хүүгээ хэзээд хамгаалах чадвартай буюу бусад хүн хүүг минь эрлийз бүсгүйн хүүхэд гэхээс илүү модель Лаурагийн хүү гэдгээр нь хараасай гэж хүссэн. Нэг үгээр би сайн, хүчирхэг ээж байхыг хичээдэг. 

- Ганц бие ээжүүд үр хүүхдээ бодоод хүчирхэг байх ёстой гэдэг санааг та хэллээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихсэж тэр хэрээр ганц бие ээжүүд олширч байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Энэ тал дээрх таны бодол.

- Би яг ганц бие ээж болохтой зэрэгцээд цар тахал дэгдэж байв. Хөл хорионы үе гэр бүлүүдэд саар, сайн олон л байдлаар нөлөөлсөн байх. Хүүгийн аав бид хоёр олон жил үерхсэн ч багагүй жил бие биеэсээ хол буюу аливаа асуудалд бие даан өөр өөрсдийнхөө шийдвэрийг гаргаад сурчихсан учир  нэг гэрт хамт амьдрахаар аливааг хоёр өөр өнцгөөр хараад байдаг нь маргаан үүсгэдэг юм билээ. Бид хоёр аймшигтай хэрэлдэж, эсвэл надад гар хүрч, хуурч мэхлээгүй ч үзэл бодол таарахгүй хоёр биеэ “хэмлэж” байхаар зүгээр хэн хэндээ хэсэг хугацаанд эрх чөлөөг нь өгөөд байдлыг харзнахаар шийдсэн л дээ. Яг энэ үед коронавирус дэгдэж хил хаагдаж, уулзаж чадахгүй удсан нь салахад нөлөөлсөн байх гэж боддог. 

Хүн гэр бүлтэй, эхнэр, нөхөр, үр хүүхэдтэй байж болно гэхдээ хүнд өөрийн гэсэн орон зай байх ёстой гэж боддог. Зүйрлэвэл, хүн ажил дээрээ, гэртээ, ээж аавдаа, эхнэр нөхрийнхөө дэргэд, үр хүүхдийнхээ өмнө гээд энэ нийгэмд маш олон маск зүүдэг. Нэг үгээр ханийн, ээжийн, охины, ажилтны, найзын дүрд хувирч байдаг. Гэтэл зарим гэр бүлийн гишүүд хөл хорионы үеийн олон хоног, сар өөрийнхөө маскгүй, жинхэнэ дүрээр хамт байсан нь гэр бүл салалтад нөлөөлсөн байх гэж боддог.

Нөгөөтээгүүр цаг үе алгуур өөрчлөгдөж байгаа байх. Улс төрд эмэгтэйчүүдийн квотыг нэмэх, эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих, салбар бүрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт нийгэмд тэдний эзлэх хувь ихсэж байна. Ганц бие ээж болсноор тухайн эмэгтэйгээс өөр хичээх хүн үгүй болохоор өөрийн эрхгүй хүчирхэг болдог байж магадгүй юм.

Хүн өөрийгөө нэгэнт хүчирхэг гэдгээ ойлгоод эхлэхээр орон зай хүсдэг юм шиг санагддаг. Хэрэв би ганц бие ээж болоогүй байсан бол өнөөдрийн өөрийнхөө хэмжээнд амжилттай явахгүй байсан байх. Дахин нэг хүнтэй суугаад, дахиад хүүхэд гаргах байсныг үгүйсгэхгүй. Учир нь би их гэр бүлсэг хүн. Шулуухан хэлэхэд би ганц бие ээж болсноороо илүү хүчирхэг, амжилттай явах боломж нь гарч ирсэн гэж боддог. Гэхдээ айл бүрд л янз бүрийн асуудал байгаа. Миний хувьд ийм л асуудал байсан. Сая Италид тэмцээнд ороод буцахдаа Европын хэд хэдэн орноор аялахад тэндхийн хүмүүсийн ярьж буйгаар эмэгтэйчүүд нь илүү бие даасан, сүүлийн хэдэн жил бүр илүү хүчирхэг болж байгааг эрчүүд нь ч гайхан ярьж байсан. Нэг үгээр эрэгтэй, эмэгтэй хүн аливаад тэгш эрхтэй байх үзэгдэл зөвхөн Монголд биш дэлхийд ч их болжээ.

- Кино урлагт хүч сорьё гэж боддог уу?

- Киноны жижиг хэсгүүдэд тоглож байсан.  Хүн гэр бүлтэй, эхнэр, нөхөр, үр хүүхэдтэй байж болно гэхдээ хүнд өөрийн гэсэн орон зай байх ёстой гэж боддог. Гол болон чухал туслах дүр бүтээхийг хүсдэг. Гэхдээ дүр нь маш гоё, нийгэмд мессеж өгсөн байвал илүүтэй сонирхолтой байх болно. Амьдралынхаа түүхээр кино зохиол бичээч хэмээн найз, танилууд маань хэлдэг. Гэхдээ зохиол бичихээс илүүтэй эмэгтэй хүний мөн чанар, тэр тусмаа дайчин мундаг эмэгтэйн дүрийг санал болговол үзээд алдана гэж боддог. Сүүлд “Миний муужгай” гээд эротик контентын нэг ангийнх нь гол дүрд тоглосон.

 "ЭЭЖЭЭСЭЭ АЛЬ БОЛОХ ҮЛГЭРЛЭХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ Ч ЕР НЬ ЯМАР Ч ХҮН ЭЭЖИЙГЭЭ ГҮЙЦДЭГГҮЙ ЮМ БИЛЭЭ"

- Таны хувьд урам зоригийг хаанаас авдаг вэ?

- Ялангуяа эмэгтэй хүнд хамгийн их урам зориг төрүүлдэг зүйл бол ээж нь байдаг байх гэж боддог. Найман хүүхэдтэй айлын ганц охин болж мэндэлсэн миний ээж Ж.Урангоо их дайчин, хүчирхэг, маш гоё эмэгтэй байсан. Хэдий хөдөө өссөн ч сэтгэхүй нь маш чөлөөтэй, гадаадын орнуудаар аялж, сурч, ажиллаж ирэхдээ надад гоё гоё хувцас авчирдаг байсан нь санаанаас огт гардаггүй юм. Үйл явдал, аливаа зүйлээс дандаа гоёыг нь олж хардаг, “Ямар сайхан юм бэ” гэдэг үгийг их хэлэх дуртай хүн байсан. Нэг ч удаа “Ёо” гэж хэлж амьдрал хэцүү байна хэмээн гомдоллож байсныг нь би санадаггүй. Хамт олон, найз нөхөд гээд олноор хүрээлүүлсэн, хайрлуулсан эмэгтэй байсан.

Бага байхаасаа л ээжийгээ хэрхэн ажиллаж, шийдвэр гаргаж, асуудалд хэрхэн хандаж байгааг нь харсаар дадсан учир надад тэдгээр зангууд нь үлдсэн мэт санагддаг. Ээж 2014 онд элэгний хавдартай болоод элэг солих шаардлагатай болоход би донор болж ээждээ элгээ өгөхөөр Энэтхэгт хагалгаанд орж байсан. Харамсалтай нь ээж 2016 онд бурхан болсон. Аль болох л ээжээсээ үлгэрлэх гэж хичээдэг ч ер нь ямар ч хүн ээжийгээ гүйцдэггүй юм билээ. Нас ахиад ирвэл арай дөхөж магадгүй юм.

Мөн миний эмээ Д.Удвал 90 дөхсөн сайхан буурай бий. Нас өндөр гарсан ч үр хүүхэд, ач зээ нартаа одоо ч санаа тавьж, тэднийг дэмжиж, бүх баярт нь хүрэлцэн ирдэг. Би эмээтэйгээ өссөн хэмээн өмнө нь дурдсанчлан эмээгээсээ маш их зүйл сурч, эмээгийн хүмүүжлээр л хүн болсон доо. Эмээдээ маш их талархаж явдаг. Мөн намайг үргэлж дэмжиж байдаг гэр бүл, ах, дүү нар, найз нөхдөдөө талархдагаа энэ ташрамд хэлмээр байна.

Нөгөөтээгүүр би бүх төрлийн шашныг судалж, гол агуулга, мөн чанарыг нь таньж мэдэх дуртай. Ямар нэгэн алдартнаас гэхээсээ илүү анхдагч эх сурвалжуудаас мэдээлэл авч, түүнээсээ урам зориг авдаг гэх үү дээ.

"ГАНЦ БИЕ ЭЭЖ БАЙНА ГЭДЭГ ТИЙМ Ч АЙМШИГТАЙ ЗҮЙЛ БИШ. НӨГӨӨ ТАЛДАА САЙХАН ЗҮЙЛ ОЛОН БИЙ"


- Өөрийгөө олох гээд, загварын ертөнц сонирхож байгаа өсвөр насныхан болон ганц бие ээжүүд өөрт тань хандаж, зөвлөгөө тусламж хүсдэг үү. Хэрэв тийм бол тэдэнд хандаж өөрийн туршлага дээр үндэслэн зөвлөгөө өгвөл?

- Сошиалаар дамжуулан надад нэлээн ханддаг л даа. Хамгийн их сэтгэл эмзэглүүлмээр зүйл нь өсвөр насны ганц бие ээж охид надад заримдаа ханддаг. Яг үнэнийг хэлэхэд тэр хүүхдүүдэд юу гэж хэлэхээ би мэддэггүй. Хэрэв би өөрөө бүтэн гэр бүлтэй байсан бол магадгүй миний зөвлөгөө өөр байх байсан байх.

Хүн бүрийн туршлага, туулсан амьдрал өөр байгаа учраас би зөвлөгөө өгөх боломжгүй ч нэг л зүйлийг хэлдэг.  Ямар ч бэрхшээл тулгарсан, юу ч болсон бай “Өөрийгөө хэзээ ч битгий буруутга” гэдгийг л чухалчилдаг. Учир нь гэртээ байхад ээж аав, ах эгч “Чи тэрийг буруу хийлээ” гэж загнаж эсвэл хичээл дээр, ажил дээр, нийгмийн харилцаанд байхад бусад хүн чамайг буруутгаж болно. Гэхдээ чи л өөрийнхөө талд бат зогсон, өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийг чинь шүүмжлэх, өө хайх хүмүүс амьдралд бишгүй олон. Хөөрхөн байхад ч хувцсыг чинь муухай байна гэж хэлэх нь ч бий. Тиймээс өөрөө өөрийнхөө эсрэг бүү бай.


Өөрийгөө хайрлана гэдэг нь үнэтэй юм авч хэрэглэнэ гэсэн үг биш. Энэ нь өөрийгөө сонсож, хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хийхгүй, би яавал аз жаргалтай байхыгаа сэтгэлдээ төсөөлөн бодож түүндээ тэмүүлж амьдрах хэрэгтэй.  Ганц бие ээж байна гэдэг нь тийм ч аймшигтай зүйл биш. Нөгөө талаас нь харах юм бол олон давуу тал, сайхан зүйл бий.

Саллаа гэхэд эргээд нийлдэг хос ч бий, бүр илүү сайн хүнтэй ч учирч болно, эсвэл ганцаараа явсаар амьдралын төгсгөл ирэхэд эргээд харахад харамсахааргүйгээр сайхан амьдарч болно. Амьдрал баялаг шүү дээ. “Би яавал харамсахгүй байх вэ” гэдгийг л бодох хэрэгтэй. Хүүхэд ээжийгээ нөхөртэй болоосой гэж бодохоос илүү “Миний ээж аз жаргалтай байгаасай” л гэж хүсдэг. Ээжийгээ гундуу царайтай, уйлж цөхөрсөн, уруу дорой, уур уцаартай байхыг ямар ч хүүхэд харахыг хүсэхгүй. Би хэн нэгэнтэй хамт байснаар миний амьдрал бүтэн болно гээд түүндээ таалагдахын тулд дүр эсгэж эсвэл өөрийгөө янз бүр болгохоос илүү өөрийгөө хайрласан, тухтай, таатай, санаа зовох зүйлгүй амьдрах нь чухал гэж боддог.

- Ярилцсанд баярлалаа.

#Ярилцлага