"Алдаа гаргалаа гээд ШАНТРААД БОЛИХ БИШ дахин ХИЧЭЭГЭЭД үзэх хэрэгтэй"


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2018-01-10

Ихэнх манлайлагчид өөрсдийн гэсэн тодорхой алсын хараатай байдаг. Тэдний дотор хүсэл тэмүүллийн гал шатдаг. Энэ гал нь тэдний шургуу занг хүртэл цэнэглэж байдаг. Алсын хараа, хүсэл тэмүүлэл, шургуу байдал бол манлайлагч байхын гол түлхүүрүүд ажээ. Ийнхүү өнөөдрийн ярилцлагын булангийнхаа зочноор 2017 оны Нийслэлийн манлайлагч хүүхэд болсон О.Нандинцэцэгийг урьж ярилцлаа. Тэрээр Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн төгсөх ангийн сурагч юм.

YOLO: 2017 оны "Нийслэлийн манлайлагч хүүхэд" болсонд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач
- Маш их баяртай байна. Нийслэлд ч гэлтгүй Монгол улсад надтай чацуу маш олон манлайлагч хүүхдүүд бий. Тэдний дундаас "Нийслэлийн шилдэг манлайлагч хүүхэд" болж шалгарсан учраас энэ нь маш том үүрэг хариуцлага юм болов уу гэж бодож байна. Тийм ч учраас улам их хичээх болно.

YOLO: "Нийслэлийн манлайлагч хүүхэд" болоход чинь юу хамгийн их нөлөөлсөн гэж бодож байна вэ?
- Би илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллэдэг. Илтгэх урлаг мэтгэлцээнээр гаргасан амжилтууд маань их нөлөө үзүүлж түлхэц болж өгсөн. Хүн өөрийнхөө хийж чадах дуртай зүйлийг олно гэдэг амьдралынх нь хамгийн чухал зүйл байх. Үүний адилаар би өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг олсон учраас энэ зүйл маань надад түлхэц болж өгсөн.

YOLO: Жил бүр "Нийслэлийн шилдэг хүүхэд"-ийг шалгаруулдаг. Үүнийг ямар зарчмаар хэрхэн шалгаруулдаг юм бол?
- Дүүрэг бүрийн сургуулиуд дээр удирдамж очдог. Ийнхүү сургууль дээр нь шалгаруулалт явагдаж сургуулиасаа шалгарсан хүүхдүүд материалаа бүрдүүлээд дүүрэг рүү явуулна. Уг материалд өөрийнх нь тодорхойлолт, танилцуулга, шагнал урамшуулал гэх мэт зүйлс багтана. Дүүрэг бүрээс нэг хүүхэд шалгарч улмаар нийслэлд өрсөлддөг.

YOLO: Чиний бодлоор манлайлагч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
- Манлайлагч хүн гэдэг нь бусдыг "ингэ тэг" гэж удирддаг хүн гэхээсээ илүүтэй бусдад үлгэр дуурайлал үзүүлж бусдыг зөв зүйл рүү хөтөлж чаддаг хүнийг хэлнэ.

YOLO: Илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллээд хэр удаж байгаа вэ?
- Хоёр дахь жилээ болж байна. Үүгээр хичээллэснээр надад маш олон амжилтуудыг авчраад зогсохгүй хувь хүний хөгжилд маань дэмжлэг үзүүлж, хүрээлэл маань өөрчлөгдсөн. 


Манлайлагч хүн гэдэг нь бусдыг "ингэ тэг" гэж удирддаг хүн гэхээсээ илүүтэй бусдад үлгэр дуурайлал үзүүлж бусдыг зөв зүйл рүү хөтөлж чаддаг хүнийг хэлнэ.

О.Нандинцэцэг



YOLO: Илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллэдэг хүүхэд залуус их болсон. Үүний давуу тал нь яг юунд байна вэ?
- Өнөөгийн нийгэмд хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг байна гэдэг их чухал. Мөн маш олон хүн буруу зөвийг дэнсэлдэг болсон. Яг аль нь буруу аль нь зөв бэ гэдгийг ялгахад хэцүү болсон энэ үед илтгэх урлаг мэтгэлцээн нь дүн шинжилгээ хийх, судалгаа хийх гэх мэт олон арга барилд сургадаг.

YOLO: Мэтгэлцэгч хүнд баг хамт олон маш чухал. Багийнхныхаа тухай яриач.
- Тэгэлгүй яахав. Би хоёр сайхан хамтрагчтай. Мөн ноднин жил хамтарч байсан хоёр хамтрагч бий. Ингээд дөрвөн сайхан хамтрагчтай. Энэ жилийн хоёр хамтрагчтайгаа "Элит" гэсэн нэрэн доор баг болж мэтгэлцэж байгаа. 17-р сургуулийн сурагч Б.Эрдэнэбат, 50-р сургуулийн сурагч О.Эрхэс гэсэн хүүхдүүд бий. Хоёр хамтрагч маань мөн адил "Нийслэлийн шилдэг хүүхэд"-д өрсөлдсөн  мундаг манлайлагч хүүхдүүд. (Тэдний ярилцлагыг эндээс мөн энд дарж уншиж болно)

YOLO: 2017 оныг томоохон амжилтаар үдлээ. Тэгвэл энэ жилийнхээ 2018 оны төлөвлөгөөнөөс хуваалцаач?
- Би 12-р анги учраас ЭЕШ-аа амжилттай өгч хүссэн их сургуульдаа элсэн суралцана. Илтгэх урлаг мэтгэлцээний маш олон тэмцээнүүд бий. Дүүргийн аварга, нийслэлийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээн гээд шат дараалалтайгаар тэмцээнүүд явагддаг. Эдгээр тэмцээнүүдэд амжилттай оролцох зорилготой байна. 

YOLO: Ямар мэргэжилтэй болох вэ?
- Би ирээдүйд хуульч мэргэжлийг эзэмшихийг хүсдэг. Үүнийхээ дагуу математик, нийгмийн ухаан, англи хэл гэх мэт хичээлүүдийг сонгон судалдаг. Хуульчаар төгсөж байгаа залуус манай нийгэмд илүүдэлтэй санагддаг ч хүн хүсэл сонирхолтой байгаад, бусдаас илүү чадварлаг байж чадна гэж итгэж байгаа бол өөрийнх нь сонголт хамгийн чухал.

Нийслэлд ч гэлтгүй Монгол улсад надтай чацуу маш олон манлайлагч хүүхдүүд бий. Тэдний дундаас "Нийслэлийн шилдэг манлайлагч хүүхэд" болж шалгарсан учраас энэ нь маш том үүрэг хариуцлага юм болов уу гэж бодож байна.

О.Нандинцэцэг



YOLO: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
- Чөлөөт цагаараа илтгэл, мэтгэлцээнээ бэлдэнэ. Гэхдээ одоо бол чөлөөт цаг их хомс болсон. Маш олон давтлага мөн хичээл бий. Тэгээд завгүй өнгөрсөөр байгаад л өндөр хоног урсаж байна даа.

YOLO: Илтгэх урлаг мэтгэлцээнээс өөр сонирхол хобби бий юу?
- Би урлагт их дуртай. Илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллэхээс өмнө бүжиглэдэг байсан. Монгол 3-р сургуулийн "Монгол аялгуу-2" бүжгийн хамтлагт бүжиглэдэг байлаа. Харин одоо бол зарим үед гунигтай үедээ өөрийгөө сэргээх зорилгоор дуу сонсож, бүжиг бүжиглэдэг.

Илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллэдэг хичээллэхийг хүсдэг маш олон хүүхдүүд бий. 

YOLO: Тэдгээр хүүхдүүдэд зөвлөмж зөвлөгөө өгөөч?
- Илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллээд нойргүй хоносон шөнүүд, шантарч байсан үеүд надад олон бий. Гэхдээ нэг алдаа гаргалаа гээд энэ надад тохирохгүй юм байна гээд хойш суух биш хичээгээд үзье хэмээн шантралгүйгээр хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөрийгөө илэрхийлэх тодорхой хэмжээний чадвар хүн бүрт бий. Үүн дээр нэмээд бага зэрэг хөдөлмөрлөөд өгвөл сайжирна. Тасралтгүй хөдөлмөрлөхгүй бол хэн ч байсан зэвэрнэ. Иймээс хөдөлмөрлөсөөр л байх хэрэгтэй.

YOLO: Миний бодлоор жинхэнэ манлайлагчийг ялгаж таних хэцүү юм шиг ээ. Чиний бодлоор манлайлагчийг хэрхэн зөв таниж болох вэ?
- Элитийн онол гэж байдаг шүү дээ. Үүнтэй адилаар хэчнээн хичээлдээ сайн, онц сурдаг байлаа гээд би хичээлээ сайн хийдэг юм чинь арван жилийн дараа ажилд орчихно, баян амьдарна гэсэн үг биш. Хэн бусдын төлөө цохилох зүрхтэй байна, хэн бусдын төлөө дуу хоолой болж гараа сунгаж байгаа нь чухал.

Буруу зүйл хийсэн хүн хэзээ нэгэн цагт эргээд түүнийгээ амсдаг. Иймээс сайн сайхан зүйлсийг үргэлж хийх хэрэгтэй. Тэгж байж эргээд тэр зүйлс чинь чамд сайн сайхан зүйл болж ирнэ. Нийгэм өөрөө эдгээр хүмүүсийг шалгуурт оруулан хэн нь хэн бэ гэдгийг шигшээд гаргаад ирнэ.

Багш маань "Хүн өөртөө хүсдэггүй зүйлээ бусдад хүсэх хэрэггүй. Харин өөртөө хүсдэг зүйлсээ бусдад ч мөн хүсдэг байх хэрэгтэй" гэж хэлдэг.

О.Нандинцэцэг



YOLO: Хэрвээ бурхан чиний хүслийг биелүүлье гэвэл чи юу хүсэх вэ?
- Хүн бусдын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй. Энэ дэлхий дээр амьдарч буй маш олон зовж байгаа хүмүүсийг энгийн бидэнтэй ижил амьдралаар амьдруулахыг хүснэ. Биелэгдэх боломжгүй сайн сайхан гэж байдаг. Бүх зүйлсийг яг ижил хэмжээнд хэвийн хэмжээнд байлгахыг хүснэ. Хэтэрхий их баян, хэтэрхий их ядуу биш. Яг л энэ баян ядуугийн дэнсийг тэгшлэх тогтворжуулах тал дээр л хүсэх байсан.

YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?
- Өнөөдөр сэтгэл гутралд автаад ч юм уу магадгүй хайр дурлалдаа шатаад явж байж болох юм. Гэхдээ энэ нь амьдралд байдаг л зүйл. Надад ч гэсэн хэзээ нэгэн цагт ирэх зүйл. Түүнээс урьтаад яг одоо хамгийн чухал зүйл маань юу төлөө вэ? Суралцахын төлөө... Суралцахынхаа хажуугаар зөв хүн байх хэрэгтэй. 

Манлайллын Боловсролын Үндэсний Төвийн маань тэргүүн Б.Батням багш маань "Хүн өөртөө хүсдэггүй зүйлээ бусдад хүсэх хэрэггүй. Харин өөртөө хүсдэг зүйлсээ бусдад ч мөн хүсдэг байх хэрэгтэй" гэж хэлдэг. Шантралгүйгээр хөдөлмөрлөж чадвал арван жилийн дараа магадгүй Монгол улсыг хөгжүүлэх гол хөдөлгөгч хүч нь чи болох ч юм билүү. Тийм ч учраас хичээгээрэй гэж хэлмээр байна.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье
- Баярлалаа

#НийслэлийнМанлайлагчХүүхэд