Өнөөдөр “Digital Nation-2021” буюу технологийн салбарын “ICT EXPO” нээлтээ хийнэ


А. Мишээл | YOLO.MN
2021-09-17

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” Үндэсний соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийнэ. Энэ жил уг үзэсгэлэнгийн цар хүрээг нь улам өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон, “Digital Nation-2021” нэр дор зохион байгуулах юм.

Тус арга хэмжээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани нэгдэж, “Хүүхдийн парк”-т 09-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг олон нийтэд дэвшүүлсэн бөгөөд стратегийн зургаан зорилтыг тодорхойлон, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, “e-Mongolia” системд нэгтгээд байгаа билээ.

Мөн энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Энэ ч утгаараа “Digital Nation – 2021” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулагдах юм. 

Нийслэл Улаанбаатар хотын төвд, Хүүхдийн паркт гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үеэр Дрон болон Гэрлийн үзүүлбэр, “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулахын зэрэгцээ 5G сүлжээнд шилжих, олон нийтэд танилцуулах арга хэмжээ болно. Түүнчлэн цахим спорт, соёл урлагийн хэсэг зэрэг олон нийтийг хамарсан өргөн хэмжээний үйл ажиллагаа болох гэж байна. 

Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байна. Цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийн иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг нийтэд танилцуулах, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг олон боломжийг “Digital Nation – 2021” бүрдүүлж байна.

ХӨТӨЛБӨР






#Мэдээ #Үйл явдал #Эвент