Спортын ертөнцөд: Бундеслиг энэ амралтын өдрүүдээр эргэн ирнэ


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-05-13

Олон сарын туршид зурагтаар "үзэх юмгүй" байсан спорт сонирхогчдын хувьд энэ долоо хоног баярт мэдээнүүдээр дүүрэн байлаа. Бундеслиг эргэн ирэх болсон, “UFC 249” тавдугаар сарын 9-нд зохион байгуулагдсан гэх мэт үйл явдлууд өрнөснөөр спортын ертөнц амь орсон гэж хэлж болно. Ингээд та бүхэн “Спортын ертөнцөд” цуврал нийтлэлийн хоёрдугаар дугаарыг тухлан сууж таалан соёрхоно уу. 

БУНДЕСЛИГ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ЭРГЭН ИРНЭ

Хөлбөмбөггүй дэлхий гэдэг ямар уйтгартай болохыг бид бүхэн "COVID-19" цар тахлын үед ястой л мэдэрч байна даа. Бүхэл бүтэн хоёр сарын турш завсардаад байсан Европын лигүүдийн салхийг хагалан Германы хөлбөмбөгийн дээд ангилал Бундеслиг эргэн ирэх болсон баярт мэдээгээр бид бүхэн энэ долоо хоногийг угтлаа.

Германы засгийн газрын зүгээс хөлбөмбөгийн дээд лигээ эхлүүлэх зөвшөөрөл олгосон бөгөөд энэ амралтын өдрүүдээр буюу тавдугаар сарын 16 болон 17-нд Бундеслигийн 26-р тойргийн тоглолтууд үзэгчгүйгээр явагдах болсон юм.

ХБНГУ-д олон хүн цугларсан арга хэмжээнүүдийг энэ оны аравдугаар сар хүртэл зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсан нь "Энэ улирлыг ч бас цуцлах нь дээ" гэсэн бодлыг олон хүмүүст төрүүлээд байсан. Гэсэн хэдий ч лигийн зүгээс үзэгчгүйгээр тоглолтуудаа зохион байгуулах шийдвэрийг гаргасан нь биеллээ оллоо.

26-р тойрогт хүснэгтийн нэгт бичигдэж буй аваргаа хамгаалагч Байерн Мюнхен клуб нийслэл хотын баг Юнион Берлинтэй тоглохоор болсон. Харин энэ тойргийн оргил тоглолт нь мөнхийн өрсөлдөгчид болох Боруссия Дортмунд болон Шальке 04 багуудын хоорондын тоглолт байх юм.

Эцэст нь хөлбөмбөг эргэн ирлээ!

“UFC 249” ТУЛААНЫ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

COVID-19 цар тахлын улмаас олон сарын туршид спортын олон томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдалгүй байсны эцэст “UFC 249” тулаан болж өнгөрлөө. Цар тахлын үеэр арал худалдан авч тулааны арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэх сүртэй мэдэгдлийг хийж байсан холимог тулааны хамгийн шилдэг холбоо болох UFC холбоо “UFC 249” тулааныг АНУ-ын Флорида мужийн Жэксонвилл хотод зохион байгуулсан байна.

Бусад тэмцээнүүдийн жишгийг даган үзэгчгүй болсон энэхүү оргил тулаан нь хөнгөн жингийн түр аваргын бүсний төлөөх Tony Ferguson болон Justin Gaethje нарын хоорондох тулаан байсан юм. Ингээд таван үеийн туршид маш ширүүн өрнөсний эцэст Justin Gaethje Tony Ferguson-г дутуу гаргаж түр хөнгөн жингийн аваргын бүсний эзэн болов.

UFC-гийн хөнгөн жингийн аваргын бүсийг та бидний сайн мэдэх Khabib Nurmagomedov эзэмшдэг билээ. “UFC 249” тулаанд аваргын бүсний эзэн Khabib Nurmagomedov болон Tony Ferguson нар тулалдах ёстой байсан боловч аварга маань ОХУ-аас гарах боломжгүй болсон тул түүний оронд Justin Gaethje-ийг тулаанд оруулсан юм. Justin Gaethje ч боломжийг алдалгүй ашиглаж чадсан.

Ингээд бид бүхэн Khabib Nurmagomedov болон Justin Gaethje нарын тулааныг үзэх нь цаг хугацааны асуудал л болоод байна.

“ESL ONE: ROAD TO RIO – ASIA” ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН TIGER БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

Бид бүхэн энэхүү цувралын эхний дугаарт “ESL One: Road to Rio – Asia” тэмцээн эхэлсэн талаар мэдээлж байсан билээ. Мажор тэмцээнд оролцох багийг шийдэх RMR онооны систем бүхий анхны тэмцээнд манай улсын шилдэг гурван баг оролцсон юм. Ийнхүү тавдугаар сарын 10-ны өдөр “ESL One: Road to Rio – Asia” тэмцээн өндөрлөж манай улсын TIGER баг аваргаар тодорсон билээ. 

Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

Эх сурвалж: BBC, Skysports, ESPN

#Спортын ертөнцөд #Бундеслиг #CS #UFC