Films and Feelings: CGI ба супер баатруудын эрин үе


Хасбаатар | YOLO.MN
2022-03-21

Өнөөдрөөс 20 жилийн өмнө Lord of the Rings (2001-2003), Harry Potter (2001-2011), Pirates of the Caribbean (2003- ) зэрэг шилдэг үлгэр домгийн сэдэвт бүтээлүүд ид хүчээ авч компьютер график гээч гайхалтай зүйлийн хөгжил шинэ түвшинд хүрч байжээ. Гэвч компьютер график Холливудад шинэ зүйл байсангүй. Аль 1950-аад оноос CGI буюу “Компьютероор Бүтсэн Зураглал”-ын түүх эхэлж хамгийн анх CGI ашигласан бүрэн хэмжээний кино нь нэрт Alfred Hitchcock найруулагчийн Vertigo (1958) бүтээл байсан юм. 

Анхны хөдөлдөг дижитал цэгээс өнөөгийн ашиг орлого өндөртэй, өргөн дэлгэцийн “супер баатар” жанрын кино хүртэл ирсэн энэ хөгжлийн түүхийг Star Trek (1966- ),  Star Wars (1977- ) зэрэг ахмад франчайзууд, эднээс арай нас залуу Tron (1982- ), Jurassic Park (1993- ), Titanic (1997), Avatar (2009-) зэрэг бүтээлгүйгээр өгүүлэх боломжгүй. Компьютер графикийг маш багаар ашигласан ч зөгнөлт ертөнцийн цар хүрээ ямар агуу байж болохыг “Star Wars” франчайз харуулсан нь хойч үеийнхээ сэтгэлгээний цар хүрээг “зад татсан” хэрэг байв.

Өдрөөс өдөрт өсөн сайжрах технологийн хөгжилтэй хамт кино урлаг, компьютер график хоёр улам боловсронгуй болсоор өнөө цагт “супер баатар” жанр дэлхий дахинаа ноёлж эхлэв. Хэдий энэ төрлийн киног хүний мэдрэмжээс хол бөгөөд кино урлагийн амин сүнсийг үгүй хийж байна хэмээн нэрт найруулагч Martin Scorsese тэргүүтэй кино урлагийн томоохон төлөөлөгчид эрс шүүмжилдэг ч нийт үзэгчдийн дунд эрэлт өндөр байгааг бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой кинонуудын жагсаалтаас харж болно. Уг жагсаалтад хөдөлгөөн таних шинэ технологийг ашигласан Avatar (2009), Marvel Cinematic ертөнцийн нэгэн томоохон үеийг эмхэтгэн дүгнэсэн Avengers: Endgame (2019) нар тэргүүлдэг билээ.

Орчин цагийн супер баатрын сэдэвт киног Donner-ийн Superman (1978), Tim Burton-ий Batman (1989) зэргээс эхэлсэн гэж үзвэл үүнээс хойш даруй 40 орчим жил өнгөрчээ. Энэ хугацаанд үзэгчид супер баатрын жанраас уйдсан уу гэвэл тийм. Өнөө л бусдаас гоц чадалтай хүмүүс, гоё ганган өнгө зураглал, гол дүрийн баатартайгаа хамт “агаараар нисээд” газар буудаггүй зохиол гэх мэт зүйлс энэ жанрт золтой л төгсгөл тавьчихсангүй. 

1990-ээд он. DC комикс ганц “сүүтэй саалийн үнээ” болох Batman-ийг театруудад хэчнээн зүтгүүлээд ч тусыг эс олж, олон нийт төдийлөн таашаасангүй. Гэвч нөгөө талд зурагт номоос сэдэвлэсэн анимейшн эрчийг авч сонгодог нэг ангит бүтээл болох Batman: Mask of Phantasm (1993) мөн олон ангит Fantastic Four (1994), Spider-Man (1994), Spiderman Unlimited (1999),  Batman: The Animated Series (1992),  Superman: The Animated Series (1996), X-Men (1992), Batman Beyond (1999) зэрэг шинэ үеийн анимейшнууд л энэ жанрыг нуруун дээрээ үүрч явлаа. 

Гэсэн ч энэ байдал дараагийн арван эхлэхтэй зэрэг өөрчлөгдөж чи бидний сайн мэдэх Tobey Maguire-ийн Spider-man (2002-2007) гурамсан цуврал, Christian Bale-ийн гол дүрийг нь бүтээсэн Batman Trilogy (2005-2012), X-Men (2000-2020), The Incredibles (2004)  тэргүүтэй олон сайн кинонууд шил дараалан нээлтээ хийж хорвоо ертөнцөд ахин нэг удаа үлэмж чадалтнуудын эрин үе айлчлан ирэх нь тэр. Гагцхүү энэ удаад тэд өөрсдийн байр суурийг алс ирээдүйд арилахааргүй тод тамгалан үлдээсэн юм.

 

#Кино урлаг