Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус буюу Youth Sustainability Corps (YSC) хөтөлбөрт хамрагдсанаар хувь хүн талаасаа хөгжиж, өөрт хэрэгтэй олон мэдээлэл авахаас гадна дэд хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож оноо цуглуулаад 2023 оны зун Европын холбоо, Байгаль нуур, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар багаараа аялах боломжтой.
Монгол экологи төвөөс Европын холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлдэг YSC хөтөлбөр нь Монгол Улсад суугаа 15-22 насны бүх хүүхэд, залууст нээлттэй бөгөөд нийгэмд оролцоотой, байгальд ээлтэй иргэн бэлтгэх зорилготой.
Ингээд 2021 онд YSC хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн дэд хөтөлбөрүүдтэй танилцъя.
YSC ACADEMY
YSC Academy дэд хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд, залууст зориулсан хичээлээс гадуурх мэдлэг олгох, сонирхолтой, хөгжилтэй видео контентийг бэлтгэн хүргэдэг. Энэ жил
- Хог хаягдал хаачдаг вэ, хэрхэн хог хаягдлаа ялгах, багасгах вэ
- Дээрэлхэлт гэж юу вэ, түүнийг хэрхэн зогсоож, тэмцэх вэ
- Нөхөн үржихүй гэж юу вэ, шилжилтийн насанд охид, хөвгүүдийн биед ямар өөрчлөлт гардаг вэ
- Влог хэрхэн хийх вэ, влог хийхэд анхаарах зүйлс юу вэ
- Сэтгэл түгшүүр гэж юу вэ, ямар арга хэмжээ авах вэ хэмээх сэдвүүдээр эх хэл дээрээ сонирхолтой контентууд бэлтгэлээ.
Мөн дээрх контентуудыг Монголын дохионы хэлмэрчдийн холбоотой хамтран дохионы хэлтэй хувилбарыг гаргалаа.
YSC LECTURE
YSC Lecture дэд хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуусын мэргэжил сонголтыг дэмжих, тэднийг утга учиртай, хүсэл тэмүүлэлтэй амьдрахад нь туслах зорилгоор салбар салбартаа амжилттай яваа залуу мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага, зөвлөгөөг хуваалцдаг билээ. YSC лекцэд интернеттэй бол дэлхийн хаанаас ч үнэ төлбөргүй оролцох боломжтой бөгөөд зочдоос хүссэн асуултаа шууд асуух боломжтой гэдгээрээ давуу талтай.
Энэ онд нийт 14 YSC лекц цахимаар явагджээ.
Y PODCAST
Хүүхэд залуусын дунд тулгамдаж буй асуудлыг хөндөж, мэргэжлийн хүнээр тайлбарлуулж, мэргэжил сонголтыг нь дэмжих зорилгоор yolo.mn-тэй хамтран Y Podcast-ийг хийдэг. Одоогийн байдлаар доорх сэдвийн хүрээнд ярилцжээ.
- Сэтгэл түгшүүр
- Байгаль хамгаалал
- Нөхөн үржихүй
- Дээрэлхэлт
- Биологич, амьтан судлаач хүн юу хийдэг вэ.
Y Podcast нь сүүлийн дугаараас эхлэн зочноо урьдчилан мэдэгдэж, сонсогч хүүхэд залуусаас асуулт хүлээн авдаг шинэ дүр төрхтэйгөөр эргэн ирж байна.
YSC CHALLENGE
Хүүхэд залуусын багаар ажиллах, судлан шинжлэх, илтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой YSC Сhallenge дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүр тодорхой сэдвийн дагуу уралдаан зарладаг. Энэ жил
- Домгийн эрэлд буюу Монгол орныхоо өнцөг булан бүрийн уул, ус, лус савдаг, онгон зэлүүд нутгийн сонирхолтой түүх, хэний ч сонсож байгаагүй домгийг эмээ, өвөө, аав, ээжээрээ яриулж, видео бичлэг болгон илгээх
- Чингис хааны үед буюу Их хааны үед даган мөрдөж байсан хууль цаазын талаар судлаад видео бичлэг болгон илгээх
- Уур амьсгалын өөрчлөлт бидний нүдээр сэдвийн дагуу постер бүтээх гэх мэт уралдаануудыг сар бүр зарласан билээ.
Эдгээр уралдаанд шилдгээр шалгарсан хүүхэд залуусын бичлэгийг үзээрэй.
YSC HUB
Өнгөрч буй 2021 онд бид хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр сургууль, Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумдын сургуулиудад сүүлийн үеийн тоног төхөөрөмж, интернет, хурлын төхөөрөмж, эрүүл мэндэд ээлтэй тавилга хэрэгсэн бүхий YSC Hub тохижуулан өгсөн билээ. Ингэснээр дээрх сургуулийн сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжоор хангагдаж байна.
“YOUTH POWER” АРГА ХЭМЖЭЭ
Хүүхэд залуусын дуу хоолойг олон нийтэд хүргэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, амьдарч буй орон нутагтаа тулгарч буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замуудад суралцах, үе тэнгийнхэнтэйгээ найзалж нөхөрлөх, хөгжилдөх боломжоор хангадаг “Youth Power” арга хэмжээ нь Улаанбаатар хотод хоёр удаа, Өмнөговь аймгийн Гурвантэс, Даланзадгад болон Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумуудад тус тус зохион байгууллаа.
Улаанбаатарт зохиогдсон анхны арга хэмжээндээ бид тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн таван сурагчийг хамруулж байснаараа онцлог болсон байсан. Харин хоёр дахь удаагийн “Youth Power” арга хэмжээнд хөдөө орон нутаг, нийслэлээс 60 орчим сурагчид оролцож, төслийн талаар үндсэн ойлголттой болж, хамтдаа төсөл бичиж өрсөлдсөн юм.
15-22 насны хүүхэд залуусыг нийгэмд оролцоотой, залуу манлайлагч болгон бэлтгэх зорилготой YSC хөтөлбөртэй хамт байх бол ЭНД дараарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх