СУРВАЛЖИЛГА: "Magic Box" буюу зөөврийн номын сан


С. Наранжаргал | YOLO.MN
2021-11-10

Бид энэ удаа орон нутгийн алслагдмал сум дахь хүүхэд залууст зориулсан номын сангийн “Magic Box” төсөлтэй танилцлаа.

Нэрнээс нь хараад л энэхүү төслийн агуулгыг гадарлаж болох юм. “Magic box” буюу “Шидэт хайрцаг” бол хүний хийж чадамгүй гайхамшигтай зүйлсийг гаргаж ирэх хайрцаг юм. Мэдээж бодит амьдралд ид шид гэдэг нүдэнд харагдахаар бодит оршдоггүй ч хүмүүс бидэнд ид шидтэй ижил зүйлс үнэхээр л тохиолддог.

Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт хот болон аймгийн төвүүд дэх номын санд хуримтлагдсан ном нь суралцах хэрэгцээг тодорхой хэмжээнд хангаж чаддаг бол алслагдсан сум, багийн хувьд номын сан ажилладаггүй, номын фонд хангалттай биш зэрэг асуудлууд үүсдэг ажээ. Тэгэхээр энэхүү төсөл нь хотод, аймгийн төвд, сумд, багийн төвд амьдардгаасаа болж суралцах хэрэгцээгээрээ хязгаарлагдаж буй хүүхдүүдэд бүрэн тохижилттой номын санг хүргэх ажиллагаа юм.


Энэхүү төслийг төрийн болон төрийн бус байгууллагад харьяалагддаггүй, салбар салбарын төлөөлөл болсон залуус эхлүүлжээ. Төслийн санхүүжилтийг “Alpha” номын дэлгүүртэй хамтран босгосон бол номын сангийн дүүргэлтэд олон нийт энэ сарын сарын 01-ний өдрөөс тав хоногийн турш ном хандивлаж хувь нэмрээ оруулсан байна. Одоогоор эхний контейнер номын сан хүүхдүүдэд очиход бэлэн болжээ.

Мөн энэ нь дотроо хүүхдийн өндөрт таарсан сандал ширээ, орчин үеийн загвар бүхий гэрэлтүүлэг, бие засах өрөө, найзуудтайгаа цагийг өнгөрөөх хэсэгтэй гэхээр зөвхөн номын сан гэж нэрлэх нь буруу байх. Уг төсөлд одоогоор 3 контейнер бүхий номын санг дүүргэх хэмжээний ном цугларсан бөгөөд төсөл цаашид үргэлжлэх учраас хүүхэд залуучуудыг уг ажилд идэвхтэй оролцон дэмжихийг уриалж байна.

Зургийн эх сурвалж: MagicBox төслийн дэмжигчдийн групп

#Боловсрол #Magic Box