Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид шалгалтын өмнөх стресст ихээхэн автаж байгаа болов уу. Шалгалтад бэлдэж байгаа сурагчид маань үр дүнд хэт ач холбогдол өгөх нь эргүүлээд өөрт дарамт бий болгодог гэдгийг ойлгоорой. Өөрөөр хэлбэл үр дүнд хүрэх үйл явцдаа анхаарлаа илүү төвлөрүүлээрэй. Бухимдалтай биш сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж шалгалтад бэлдэцгээе!
Ингэхэд дараах зүйлсийг анхаараарай:
Тархинд амрах боломжийг олго. Өдөрт хичээл хийх цаг байх ёстой хэдий ч мөн хөнгөхөн дасгал хийх, амрах цаг байх ёстой. Анхаарал чинь төвлөрөхгүй үе гарвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Тархи хүлээж авахгүй байхад хүчилж унших нь үр дүнгүй шүү дээ.
Анхаарал чинь хэдэн минутын хугацаанд үргэлжилж байгааг ажиглаад хичээл хийх хуваариа бэлдэж гаргаарай.
30/10 гэсэн цагийн зарчим санал болгож байна. 30 минутад хийх хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд өөр зүйлд сатаарахгүй. 30 минут өнгөрсний дараа 10 минут амарна.
Дэмжлэг авах. Нийгмийн цаг үеийн байдалтай холбоотойгоор сурагчдад маань гэртээ бүх хичээлээ хийх шаардлага тулгарч байна. Энэ үед гэр бүлийн бусад гишүүдийн дэмжлэг оролцоо ихээхэн чухал. Надад туслаач гэсэн хүслээ эцэг эхдээ хэлж, тусламж авах.
Бодлоо хянах. Бидний бодол, үйлдэл, сэтгэл хөдлөл нь хоорондоо харилцан хамааралтай байдаг. Таагүй бодол бодох үед бидний сэтгэл хөдлөл сөрөг болж, үйлдэл маань идэвхгүй бөгөөд улбагар болдог. Тиймээс "би хичээлээ хийж байгаа тул шалгалтаа амжилттай өгнө", "би бэлдэж чадна" гэсэн эерэг бодлуудаар өөрийгөө цэнэглээрэй.
Өөртөө зөөлөн ханд. Өөрийн хүссэн шигээ үр бүтээлтэй байж чадахгүй эсвэл цагийг нэг л үр бүтээлгүй өнгөрөөгөөд байгаа юм шиг санагдаж байна уу? Гэвч ингэлээ гээд энэ бүхэн чиний үнэ цэнийг тодорхойлохгүй. Дан ганц шалгалтаар чиний амжилт болоод аз жаргал чинь хэмжигдэхгүй. Заавал 800 оноо авах ёстой гэсэн цензур тавих шаардлагагүй. Хамгийн дээд оноог аваагүй байсан ч чиний өөрийн чадвар, дотоод хүч үүгээр дуусахгүй. Хүссэн үр дүндээ хүрээгүй байсан ч чиний үнэ цэнэ буурахгүй юм шүү. Өөрийн зүгээс чадах бүхнийг хийсэн байхад хангалттай. Бусад хүмүүс өөрт чинь зөөлөн хандахгүй байсан ч өөртөө зөөлөн хандаж өөрөө өөрийгөө битгий буруутгаарай. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх