Н. Тэмүүлэн: Бид ч бас та нартай адилхан хүн


Т.Мөнхжин | YOLO.MN
2020-04-19

“Хэрвээ та нисэж чадахгүй бол гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх. Ямар ч тохиолдолд та үргэлж урагшлах хэрэгтэй” гэж Мартин Лютер Кинг хэлсэн байдаг. Яг л үүний адилаар асар их хүсэл тэмүүллийг өөртөө тээн "амьдрал" гэх агуу далайд зоригтойгоор сэлж яваа залуу үеийн төлөөлөл, МУИС-ийн хууль зүйн сургуулийн оюутан, "Түгээмэл хөгжлийн төв"-ийн ажилтан Насанбатын Тэмүүлэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Та бүхэн энэхүү ярилцлагыг уншаад маш их урам зориг авах болно гэдэгт итгэлтэй байна. 


YOLOБидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ингээд ярилцлагаа таны бага насны дурсамжаар эхлүүлье. Та багадаа ямархуу хүүхэд байсан бэ? 

- Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Намайг 5 настай байхад эцэг эх маань хоёр тийш болж эмээ өвөө дээрээ өссөн. Эмээ өвөө маань л намайг хүмүүжүүлсэн гэж хэлж болно. Цэцэрлэгтээ энгийн хүүхдүүдтэй хамт явдаг байсан ч анги дүүргэлт нь хэтрээд, энгийн хүүхэдтэй эцэг эхчүүд ч хүүхдүүдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт суралцуулахаас татгалзсаны улмаас манай цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг болчихсон. 

Тархины саажилттай хүүхдүүд эмчилгээ хийлгэхийнхээ хажуугаар тэр цэцэрлэгт суралцдаг байсан юм. Би тэндээс л их зүйлийг сурч авсан даа. Эхэндээ би ярьж, сууж чадахгүй, зөвхөн нүдээ л хөдөлгөж чаддаг байсан. Хүнтэй ч харилцаж чаддаггүй байхад хамаатны эгч маань надтай ярьсаар байгаад намайг хэлд оруулсан юм. Хэрвээ тэр эгч надад туслаагүй бол би өдийд ярьж чадахгүй ч байж болох байсан. Харин 13 настайдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 25-р сургууль элсэн орсон. Би их сахилгагүй хүүхэд байсан учраас юм юмаараа л ангийнхныгаа тэргүүлдэг байлаа /инээв/. Хичээлээ хийж дуусгачихаад ангийн хойно үймүүлээд л суучихдаг байсан. 


YOLOТухайн үед танд хэн хамгийн их тусалж дэмжиж байсан бэ? 

- Надад бараг бүх хүн л тусалдаг байсан. Гэхдээ тэдгээр хүмүүсийн дундаас намайг өсгөж, өдий зэрэгт хүмүүжүүлсэн эмээгээ илүү онцолмоор байна. Эмээ маань монгол хэлний багш байсан юм. Тухайн үед эмээ маань надад "Сургуульд явж яах юм бэ? Чи ядарна. Ачаалал ч даахгүй. Зүгээр л миний хажууд амьд байж бай" гэж хэлдэг байсан. Би ч гэж их зөрүүд хүн учраас өөдөөс нь зөрсөөр байгаад л сургуульдаа явсан даа. Харин одоо эмээ маань "Хэрвээ чи тухайн үед миний үгэнд ороод сургуульд сураагүй бол өдийд юугаа ч мэдэхгүй амьтан байх байсан" гэдэг юм.

YOLOХүний амьдралын хамгийн сайхан үе бол сургуульд сурч байх үе гэдэгтэй ихэнх хүмүүс санал нийлнэ байх. Та арван жилийн дунд сургуульд сурч байхдаа өөрт тохиолдсон, хэзээ ч мартагддаггүй дурсамжаасаа хуваалцаач. 

- Хөгжилтэй зүйлс их л болдог байлаа. Бага байхад нэг удаа хичээлийн завсарлагаанаар манай ангийн үүдэнд зөндөө хүүхдүүд шавчихсан, харин ангийн багш тэр хүүхдүүдийг хөөгөөд л байсан юм. Би ангийн хойно хичээлээ хийгээд л. Тэгсэн чинь дээд ангийн эгч нар надтай уулзах гээд ирчихээд шуугилдаад байсан юм билээ /инээв/. 

YOLOДунд сургууль гэснээс дунд сургуулийнхаа найзуудын тухай яриач. 

- Би түрүүн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн явдаг цэцэрлэгийн талаар хэлсэн дээ. Тэнд танилцсан найзуудтайгаа хамт сургуульд ороод хамтдаа төгссөн. Бүгд л багаасаа найзалсан найзууд болохоор энэ нь, тэр нь гэж онцгойлох зүйл байхгүй ээ. 


YOLOТухайн үед ер нь хичээлээ яаж хийдэг байсан бэ? 

- Гараараа бичиж чаддаггүй учраас ангид үзсэн бүх хичээлээ цээжилчихээд гэртээ очоод эмээдээ ярьж өгөөд эмээгээрээ бичүүлдэг байсан. Эмээ маань монгол хэлний багш байсан болохоор монгол хэлний хичээлээс бусад хичээлийг тийм ч сайн мэдэхгүй. Тиймээс хичээлээ өөрөө л цээжлэх хэрэгтэй болсон доо. 

YOLOТэгвэл одоо их сургуулийн амьдрал хэр байна вэ? Карантин тогтоогоод их сургуулийн хичээлүүд онлайнаар орох болсныг оюутнууд янз бүрээр л хүлээж авч байна. Таны хувьд?

- Дажгүй шүү. Анх удаа онлайн хичээл үзэж байгаа учраас их өөр санагдсан. Мэдээж зөвхөн багшийнхаа хэлсэн зүйлийг л хийгээд байвал хүн яаж сайжрах вэ дээ. Хүн өөрөө л илүү их зүйлийг судалж, хичээх хэрэгтэй. 

YOLOХүүхэд бүр багадаа ирээдүйд хэн болохоо их бага хэмжээгээр төсөөлдөг шүү дээ. Миний хувьд дуучин болно гэж боддог байсан. Харин та ямар мэргэжилтэй болно гэж боддог байв? 

- Хүүхэд байхдаа янз бүрийн зүйл бодож мөрөөддөг байсан. Харьцангуй нарийн мэргэжлүүдийн талаар боддог байсан юм байна шүү. Хамаатныхаа охинтой хамт банкны захирал болж тоглох дуртай байсан. Одоо бодоход хүүхдийн гэнэн мөрөөдөл л байж дээ. 


YOLOХүүхэд болгон л сурах эрхтэй. Гэхдээ таны хувьд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй хамт сургах хэрэгтэй юу, аль эсвэл тусгай сургуульд л сургах хэрэгтэй юу? 

- Зөв буруу гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө туршлагаас яръя. Тусгай сургуулийн орчин нь сайн, мэргэжлийн боловсон хүчнүүдээр дүүрэн. Гэвч яг үнэндээ сургалтын болоод бусад хөтөлбөрийн хувьд авах юмгүй. Хүүхэд сургуульд ороод л цаашид хэрхэн амьдрах талаараа суралцаж эхэлдэг шүү дээ. Хэдэн жилийн өмнө сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурдаг 25-р сургуулийн сурагчид бослого гаргаж байсан. Шалтгаан нь тэр сургуульд 50, 60, магадгүй түүнээс ч их багш байдаг ч ердөө 2, 3 багш нь л дохионы хэл мэддэг байсан. Харин бусад нь амны хайрцгаар ойлголцох маягаар хичээлээ заадаг. Тэгвэл тэнд сурч байгаа хүүхдүүд ямар боловсрол эзэмших вэ? Тэгээд бас тэр багш нар ингэж хичээлээ заачихаад цалин авдаг шүү дээ. Монгол улсад нийт 6 тусгай сургууль бий. Би бүгдийг нь ийм, тийм гэж хэлж мэдэхгүй ч талаас илүү хувьд нь очиж үзэхэд ихэнх сурагчид сэтгэл ханамжгүй байсан. 

Миний бодлоор хүүхэд бүр харьяа дүүргийнхээ ЕБС-д сурвал зүгээр санагддаг. Үүнээс хамаарах хангамж болон бололцоог төрөөс зохицуулах хэрэгтэй. Хэрвээ тусгай хэрэгцээт хүүхэд энгийн хүүхдүүдийн сурдаг ЕБС-д суралцвал тухайн ангид туслах багш байна гэдэг заалт байдаг. Туслах багш тусгай хэрэгцээт хүүхдийн сурах үйл явцад нь туслах үүрэгтэй. Гэтэл Монгол улсад ийм хууль батлагдчихсан байдаг хэрнээ хэрэгждэггүй. 


YOLOЕр нь тусгай хэрэгцээт хүүхдүүд тусгай сургуульд сурахын давуу болон сул тал нь юу вэ? 

Тусгай сургууль аюулгүй орчинтой, тоотой хэдэн мэргэжлийн, ур чадвартай багш нартай. Мөн үдийн хоолтой, автобусаар сургууль руу хүргэж өгдөг. Харин сул тал гэвэл өдөрт тутамдаа нэг л төрлийн хүмүүсийг харна. Нэг л төрлийн хүмүүсийг харах нь яагаад асуудал болж байна вэ гэвэл энэ орчинд өссөн хүн нийгэмд гараад өөр өөр төрлийн хүмүүстэй харилцаж чадахгүй, мөн өөрийгөө тэдэнд ойлгуулж чадахгүй болно шүү дээ. Хоёрдугаарт өмнө хэлсэнчлэн цөөн хэдэн сайн багш нар байдаг учраас сайн боловсрол эзэмшиж чадахгүй хоцорно. Боловсрол эзэмшиж чадахгүй бол ажилд орж чадахгүй, ажилд орж чадахгүй бол амьдралаа авч явж чадахгүй. 


YOLOЧанартай боловсрол эзэмших нь сайхан ирээдүйн баталгаа мөн. Хүмүүжил гэдэг зүйл ч бас үүнд нөлөөлдөг. Тэгвэл таны хувьд хүүхэд хүмүүжлийг хаанаас эзэмшдэг вэ? 

- Хүүхдийн хүмүүжилтэй болох хамгийн эхний орчин бол гэр бүл. Гэр бүлийнхнийгээ хүндэлж чаддаггүй хүн ирээдүйд нийгэмд гараад бусдыг хүндэлнэ гэдэг хэцүү. Гэр бүлийн дараа хүмүүжил олгох газар бол цэцэрлэг. Дуу дуулж, бүжиг бүжиглэж сурахаас гадна хүнтэй хэрхэн харилцах вэ гэдэг талаар суралцдаг. Жишээлбэл хүүхэд цэцэрлэг дээрээ өөр нэгэн хүүхэдтэй муудалцахад ямар зан авир гаргах, цаашлаад хэрхэн эвлэрэх зэрэгт суралцдаг. Улмаар сургуульд ороод боловсрол болон нөхөрлөл, хайр дурлал зэрэг зүйлстэй танилцдаг. Мөн л эдгээр зүйлсээс хүмүүжил олж авна. Дараа нь их сургуульд орж, цаашдаа хэрхэн амьдрах вэ гэдгээ бодож, зорилгоо тодорхойлж, нийгэмд оролцож, юу хийж, яаж амьдрахаа олно. Ер нь амьдрал дээр гарсан ч хүмүүжлийг тасралтгүй олж авсаар л байдаг. 


YOLOТаныг бага байхад аав ээж нь хоёр тийш болсон гэсэн. Тухайн үеийн Тэмүүлэн үүнийг хэрхэн хүлээн авч байсан бэ? 

- Яг үнэндээ тухайн үед миний санаа "явчихсан" байсан л даа. Би ээж аавыгаа надаас болоод салсан гэж боддог байсан. "Ийм" хүүхэдтэй болсон учраас салсан байх гэж. Магадгүй тийм ч байж болох юм. Гэхдээ юунаас болж салсан гэдгээ хэлээгүй л дээ. Хүүхдийн хувьд эцэг эх нь сална гэдэг их хэцүү. Эхний 1, 2 жил их хэцүү байсан ч сүүлдээ дасаж эхэлсэн. 

YOLOБага байхад тань бусад хүмүүсийн тантай харилцах харилцаа ямар байсан бэ? Одоо өөрчлөгдсөн зүйл бий юу?

- Хүмүүс намайг хараад эвэртэй туулай үзсэн юм шиг л цоо ширтдэг байсан учраас гадуур гарахаас их айдаг байсан. Хамаатны хүүхдүүд ирээд гадаа гаръя гэхэд нь дандаа л гэртээ үлдчихдэг байлаа. Гэхдээ өөрийн туршлагаас бид нийгэмд ийм зүйл байдаг гэдгийг харуулах нь зүйтэй юм байна гэж ойлгосон. Одоогоос 5 жилийн өмнө л гэхэд хүмүүс энэ нөхцөл байдалд дасан зохицоогүй байсан бол тусгай хэрэгцээт хүмүүс өөрсдийгөө нээн илрүүлснээр бусдад ойлгуулж эхэлж байна. "Бид нар ч бас та нартай адилхан хүн" гэдгийг би ганцаараа мянга хичээгээд ч олон нийтэд ойлгуулж чадахгүй. Харин бид хамтдаа нэгдсэнээр ойлгуулж чадна. 

YOLOТусгай хэрэгцээт хүмүүс өөрчлөгдсөн гэж үү? Аль эсвэл ийгэм бүхэлдээ өөрчлөгдсөн гэж үү? 

- Аль аль нь. Одооны залуучууд их өөрчлөгдсөн. Манай байгууллагад сайн дурын 50 гаруй оюутан залуус ажилладаг. Тэд нар над шиг тусгай хэрэгцээт хүмүүст тусалж, цагаар ажиллаж, цалинждаг. Энэ нь сайн дурын ажил гэхээсээ илүүтэйгээр тэдний үүрэг хариуцлага нэмэгдэж байна гэсэн үг юм. Ийм цагийн тогтолцоонд орсноор тусгай хэрэгцээт иргэн өөрөө ажил хийх боломжтой болж, цагийн ажилтан ч цалинтай ажиллах боломжтой болж байна. 

YOLOБайгууллага гэснээс та “Түгээмэл Хөгжил Төв”-ийн талаар бидэнд товч мэдээлэл өгөөч. 

- “Түгээмэл Хөгжил Төв” маань анх 2010 онд бие даан амьдрах үйлчилгээг дэмжин туслах зорилготойгоор байгуулагдсан. Миний хувьд 2015 онд хувийн туслах үйлчилгээг авч байсан. 

YOLOХувийн туслах үйлчилгээг юу гэж бодож байв? Анхны мэдрэмж?

- Хувийн туслах гэхээр "зарц" шиг л гэж бодож байсан. Гэхдээ энэ нь ташаа ойлголт л доо. Тэр хүний миний хийж чадахгүй зүйлд л туслах үүрэгтэй. Чаддаг зүйлээ бол би өөрөө хийнэ. Хувийн туслахтай болсноор би хүний амьдралд хийж болох бараг бүх зүйлийг хийх боломжтой болсон. Урьд нь эмээ өвөөтэйгөө амьдардаг, бүх зүйл нь бэлэн байсан учраас бие дааж амьдрах талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Яг үнэндээ гэр бүлийнхэнтэйгээ амьдарч байхдаа өөрийгөө хүн гэж мэдэрч байгаагүй. Гэрийн тэжээвэр амьтан юм уу тавилга шиг л санагддаг байсан. 


YOLO“Чи хөгжлийн бэрхшээлтэй, чи энийг чадахгүй” гээд шууд хэлчихдэг хүмүүс байдаг уу? 

Ер нь бол байна. Эхэндээ уур их хүрдэг байсан. Сүүлдээ ч гайгүй болсон. Ухаан сууж байгаа юм байлгүй дээ /инээв/. Гэхдээ тэр хүн над шиг гар, хөлөө хөдөлгөж чадахгүйн зовлонг мэдэрч үзээгүй учраас тэгж хэлэх нь тэр хүний буруу биш. Ийм байхад би тэр хүмүүст уурлаж яах вэ дээ. Гэхдээ би ийм зүйлийн хажуугаар чимээгүй өнгөрч чаддаггүй зантай болохоор аль болох тэр хүмүүст тайлбарлах гэх хичээдэг. Чадах, чадахгүйгээ хэлээд өөрийгөө ойлгуулчихвал амар. 

Би ер нь гадуур их явдаг. Бараг ороогүй газар байхгүй дээ /инээв/. Нэг удаа найзуудтайгаа хоолонд орчихоод бүгдээрээ 1, 1 пиво захиалах гэтэл зөөгч нь "Согтууруулах ундаа өгч болохгүй хууль байдаг" гэсэн. Ямар хууль болохыг нь лавлан асуутал "Хууль биш. Манай дотоод журам" гээд л татгалзсан. Тэгэхээр нь бүр дотоод журмыг нь харъя гэтэл харуулахаас ч татгалзсан. Ер нь яагаад бид нарт өгч болдоггүй юм гээд цагдаа дуудсан чинь ирсэн цагдаа нь "Гэртээ сууж байхгүй энд юугаа хийж байгаа юм?" гэж хэлдэг юм даа. Тэгэхээр нь миний шар хөдлөөд Хүний Эрхийн Комисст хандаж байсан ч удаатай. 


YOLOГадуур их явдаг гэсэн шүү дээ. Дулаахан, цаг агаар тогтуун өдөр хаагуур явах дуртай вэ? 

- Дулаахан өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очих дуртай. Бас намуухан, чимээ багатай байдаг учраас зуслан явах дуртай. 

YOLOӨөрийн тань хувьд үеийнхээ залуучуудыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

- Миний ажигласнаар залуучууд улаан диплом л авах гэж суралцаад байгаа юм шиг санагдсан. Зөвхөн улаан дипломтой байлаа гээд хүн болж чадах уу? Хүн чинь нэг талаараа нийгмийн амьтан шүү дээ. Энэ амьдралдаа хүн хүнээ ойлгож хүндэлж байгаасаа л гэж хүсэж байна. Би гэхдээ улаан диплом чухал биш гэж хэлээгүй шүү /инээв/. 

YOLOYolo.mn сайтын уншигчидтай ирээдүйн зорилгоосоо багахан ч болов хуваалцаач. 

- Ойрын хугацаанд улирлын шалгалтуудаа амжилттай өгч, сургуулиа амжилттай төгсөх л зорилготой байна даа. 

YOLO10 жилийн дараах Тэмүүлэнг яаж харж байна вэ? 

- Их сонирхолтой асуулт байна шүү. 10 жил гээд сонсоход их санагдаж байгаа боловч маш хурдан өнгөрнө байх. Том том зүйл ярьж бүлтрээд яах вэ. Ямар ч байсан мэргэжлээрээ ажиллаад, аз жаргалтай л амьдарч байна байх. 

YOLOЯрилцлагаа өөрийн чинь хэлэх дуртай үгээр төгсгөе гэж бодож байна?

- Хүн хүнийхээ дэмээр амьдардаг. Тийм ч учраас нэг нэгэндээ аль болох тусалж байгаарай. 

#Ярилцлага #Оюутан #Зүтгэл