Залуу зураач Д.Батчимэг: Миний БАГА НАСНЫ МӨРӨӨДӨЛ өнөөдөр биелж байна


Сондор | YOLO.MN
2017-10-04

Залуу зураач Д.Батчимэг "18 НАС" уран бүтээлийн үзэсгэлэнгээ өнөөдөр Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлээ. Тэрээр хоёр жилийн хугацаанд зурсан бүтээлүүдээ өөрийн төрсөн өдрөөр үзэгч олонд ийнхүү толилуулж буй юм.

Үзэсгэлэнг сонирхсон хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй учир та бүхэн маргааш (10-р сарын 4,5-н) хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгээр зочилж болох нь ээ.

Нээлтийн үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

- Өнөөдөр анхны уран зургийн үзэсгэлэнгээ нээж байгаадаа баяртай байна. Тэр дундаа 18 насныхаа төрсөн өдрөөр өөрийнхөө уран бүтээлийг хүмүүст хүргэж байгаа нь бүр ч дурсгалтай санагдаж байна. Уран зургийн үзэсгэлэнгээ гаргана гэдэг бага насны минь мөрөөдөл. Миний мөрөөдөл өнөөдөр биелж байна. Гэхдээ дөнгөж сарын өмнө нь төрсөн өдрөөрөө зургийн үзэсгэлэнгээ гаргаж болох юм байна гэж шийдсэн. Өнөөдөр нийт 20 гаруй уран бүтээлээ дэлгэлээ.

Ихэнхдээ тосон будаг ашиглаж бүтсэн түүний реалист зургуудад байгаль болон эмэгтэй хүний сэдэв давамгайлах аж. Түүний уран бүтээлийн үзэсгэлэнг сонирхохоор найзууд болон уран зураг сонирхогчид ирсэн байлаа.

Тэдний дундаас түүний дотны найз болох Б.Саруултай цөөн хором ярилцлаа.

- Д.Батчимэг бид хоёр долоон жилийн өмнөөс бие биеэ мэддэг болсон сайн найзууд. Найз минь их хөдөлмөрч, хийж бүтээхийн ордонд төрсөн гэлтэй мундаг зураач. Бараг амрах зав гардаггүй байх. Бид хааяа уулзах гээд дуудахаар “За зургаа дуусгачихаад очъё” гэдэг завгүй бүсгүй. Заримдаа бид гэрт нь очиж бийрийг нь угааж өгөх гэх мэт ажилд нь тусалдаг. Найз минь маш тайван, аливаа асуудалд маш ухамсартай ханддаг нь магадгүй зураг зурдагтай нь холбоотой байх. Найздаа цаашдынх нь бүтээх их үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсье ээ.

Залуу зураач Д.Батчимэгтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу. wink

Түүний уран бүтээлүүдийн заримаас сонирхуулбал...











#art #paint #teenagers