YSC: Ховд аймгийн Манхан сумын залуусын хүч!


YSC | YOLO.MN
2021-10-04

“Жилийн өмнө талхны үнэ 1400 байдаг байсан одоо бараг 2000 хүрэх нь. Манай суманд эдийн засгийн хүрээнд тулгардаг хамгийн том асуудал бол үнийн хөөрөгдөл, ажилгүйдэл хоёр. Төр засгаас хавтгайрсан их халамж өгдөг тул манай суманд ажил хийх хүсэлтэй хүн олдохоо больсон. Болдог бол халамжийн мөнгийг нэн шаардлагатай иргэдэд өгөөд сумандаа илүү олон ажлын байр нэммээр байна. Үнийн хөөрөгдлийг барихын тулд зах зээлд олон өрсөлдөгч байх хэрэгтэй. Ядаж сурагчид бид чөлөөт цагаараа талх, нарийн боовны цех ажиллуулах боломжтой” хэмээн Ховд аймгийн Манхан сумын ахлах ангийнхан Youth Power x Manhan, Hovd арга хэмжээний багийн үйл ажиллагааны үеэр ярилцана.

Багууд эрүүл мэнд, хог хаягдал, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт, хувь хүний хөгжил манлайлал, аялал жуулчлал, бэлчээрийн доройтол, мэдээлэл технологи хэмээх сэдвээс сугалан тухайн салбарын хүрээнд орон нутагтаа тулгарч буй асуудал дэвшүүлж, шийдэл хайж, уриалга гаргах даалгавартай.

Мэдээлэл технологи сэдвийн хүрээнд “манай сумын ихэнх айлууд гэр интернет ашигладаг. Гэхдээ сүлжээ нь хангалттай сайн байдаггүй. Ковидоос шалтгаалж хичээл цахимаар орсноос хойш интернетийн хэрэгцээ шаардлага ихэссэн. Нэг дор олуулаа орохоор гацна, компьютергүй болохоор байнга утсаа ширтээд байх хэцүү байдаг. Мөн ухаалаг утасгүй интернетгүй айл ч бий. Заримдаа аав, ээж ойлгохгүй уцаарлана. Дата дуусчихна, утсаараа хичээлээ хийхээр сатаараад Фэйсбүүк ухаад суучихна” гэлээ.

“Хог хаягдал бол манай сумын тулгамдсан асуудал. Наад зах нь бид хогоо ангилдаггүй. Ангиллаа ч аймаг руу ачуулахгүй л бол хүлээн авах эсвэл боловсруулах үйлдвэр байхгүй. Гудамж талбайд хангалттай хогийн сав байдаггүй гэх мэт олон асуудал бий. Сурагчид бид нэн түрүүнд гэртээ болон сургууль дээрээ хогоо ангилж хэвших цаашлаад багш нартайгаа хамтарч эцэг эхчүүдэд нөлөөлж орон нутгийн бүх иргэдээ татан оролцуулах хэрэгтэй байна. Хог хаягдлын байгальд үзүүлэх хор хөнөөл болон задрах хугацаа нь өөр өөр байдаг. Мэдээлэл, мэдлэггүйгээс болоод манай сумынхан хогоо ангилахгүй байна. Энэ чиглэлийн сургалт авчихвал бид томчууд, дүү нартаа зааж, хэрэгжүүлж, Манхан сумаа хоггүй болгомоор байна” хэмээн удаах баг өгүүлнэ.

Бэлчээрийн доройтол сэдвийн хүрээнд багууд “эрүүл бэлчээр, эрүүл мал, эрүүл хүн” уриалгыг гаргаж, тоонд биш чанарт анхаарсан мал аж ахуйг хөгжүүлэх, малын хөлийн татварыг нэмэгдүүлэх шийдлүүдийг дэвшүүлж байлаа. Аялал жуулчлалын хүрээнд Манхан суманд тулгамдаж буй асуудал бол алслагдмал, мэдээлэл хомс төдийгүй байгалийн үзэсгэлэнт газруудад жуулчин хүлээж авах тав тухтай амралтын газар, хоолны газар байхгүй хэмээнэ. Уриалгын хүрээнд сурагчид Манхан сумын Фэйсбүүк хуудас нээж, олон нийтэд мэдээлэл хүргэхээр боллоо. Энэ мэтчилэн залуус маань орон нутгаа хөгжүүлж, орчин тойрноо сайжруулах зорилгын дор нэгдэн оюун ухаанаа уралдуулж, залуу хүний эрч хүчийг гайхуулна.

Youth Power x Manhan, Hovd арга хэмжээнд оролцож буй сурагчдын энгэрт “Би байгальд ээлтэй залуу манлайлагч” гэсэн тэмдэг гялалзах бөгөөд энэ нь тэдний ирээдүйд гаргах бүх шийдвэр байгаль орчинд ээлтэй, эх дэлхийгээ хайрладаг байхад уриалах зорилготой аж.

Нийгэм дэх залуусын оролцоог нэмэгдүүлж, байгальд ээлтэй залуу манлайлагч бэлтгэх зорилготой Youth Sustainability Corps (YSC) хөтөлбөр холын цэнхэр Ховд аймагт орших Манхан, Мөнххайрхан сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчидтай ажиллаж байна. Монгол Улсын алслагдсан сум, орон нутагт амьдарч буй залуус дэлхийн хөгжлөөс хоцролгүй мөр зэрэгцэн алхах, хязгааргүй сурч хөгжих, амьдарч буй орчин нөхөцлөө сайжруулах эрхтэй бас боломжтой билээ. Энэ хүрээнд дээрх сумдад сурагчийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг дэмжих зорилготой YSC Hub буюу сурагч хөгжлийн танхим байгуулж өгчээ. Үүнээс гадна YSC хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийнханд хичээлээс гадуурх боловсрол олгох контент бэлтгэх, сурагчдын мэргэжил сонголтыг дэмжих, багш нарыг чадавхжуулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна.

YSC хөтөлбөрийг Монгол Экологи Төв НҮТББ хэрэгжүүлдэг бөгөөд Европын холбоо санхүүжүүлдэг. Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх холбоосоор зочлоорой.

· https://youthcorps.mn/

· https://www.facebook.com/ysc.mongolia

· https://www.instagram.com/ysc.mongolia/

· https://www.youtube.com/channel/UCmcbDa54LMpAxeQj9jXix-w

#Мэдээ #YSC #Боловсрол #Ховд