Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Өөдөөс нь зодолдох уу, эсвэл тэгж дээрэлхүүлсээр л дунд сургуулиа төгсөх үү
Сайн байна уу, Намайг Л гэдэг. Би 15 настай, эрэгтэй
Ангийн зарим хөвгүүд (ялангуяа 2 хүү бий) надад их муухай ханддаг. Байнга л дээрэлхэж, зодож дарамталдаг. Бүр охидын дэргэд тийм байдалд орох нь бүр ч гутамшигтай байдаг гээч. Би түүнийх нь хариуд юу ч хийж чадалгүй өнгөрч гэртээ хариад дэмий л цухалдаж дэрээ цохиж тайвширдаг. Ээж аавдаа ч хэлэхийг хүсдэггүй. Учир нь хүү нь сургууль дээрээ дээрэлхүүлдгийг тэд мэдчихвэл намайг сул дорой гэж бодох болно. Нүдний дэргэд шалбарсныг хараад ээж асуухад унаад тэгчихсэн гэж худал хэлсэн. Гэсэн ч манай ангид сайн хүүхдүүд бол байдаг юм шүү.
Би тэдэнтэй нөхөрлөхийг хүсдэг л дээ. Гэхдээ яагаад ч юм бэ намайг сул дорой гэж боддог, тэгээд надтай нөхөрлөхгүй байх гэж бодоод нэг их юм ярьдаггүй юм өө. Би сурлагадаа тийм ч сайн биш гэсэн хүн чанартай хүүхэд гэж өөрийгөө боддог. Гэтэл бусдын дэргэд атаман харагдах гэсэн хүүхдүүдийн гарын шүүс болохыг хүсэхгүй байна. Нэг л өдөр би тэсрэх байх.
Тэднийг яаж болиулах вэ. Өөдөөс нь зодолдох уу, эсвэл тэгж дээрэлхүүлсээр л дунд сургуулиа төгсөх үү. Эсвэл сургуулиа солих уу. Сургуулиа солилоо гэхэд нэмэгдэхүүний байрлалыг сольсон ч нийлбэр нь адилхан гэдэг шиг л байдал давтагдаад эхэлбэл яах вэ. Би учраа олохгүй байна, надад туслаач.
Зөвлөгөө: Өөрийгөө батлан харуулахад чамд цаг хугацаа бас хичээл зүтгэл хэрэгтэй
Сайн байна уу?
Чамд тохиолддог энэ асуудлыг маш олон хөвгүүд даваад гарсан юм шүү гэдгийг санах хэрэгтэй. Чиний санах ёстой хэдэн зүйл байгаа.
1. Бусад хүний буруу үйлдлийн хариуд чи тийм үйлдэл хийх нь чамайг тэдэнтэй яг адил нэгэн болгох болно. Тиймээс чи өөрийнхөөрөө байх нь хамгийн чухал.
2. Хэрэв асуудлыг ганцаараа шийдвэрлэж чадахгүй байгаа бол насанд хүрсэн хүмүүсийн тусламжийг авах хэрэгтэй. Энэ нь чамайг зарим таагүй зүйлсээ хамгаалах болно.
Чи өөрийнхөө сайн талыг олж харж чадаж байгаа нь бахархалтай зүйл. Учир нь чи өөртөө итгэлтэй байж өөрийгөө хайрласнаар энэ асуудлыг даван туулахад илүү хялбар байх болно. Харин өөрийгөө батлан харуулахын тулд хичээх хэрэгтэй гэдгийг санаарай. Одооноос хичээлдээ илүү хичээж, ангийнхантайгаа илүү нээлттэй сайн харилцаатай байх гэж хичээгээрэй. Хэрэв чи хичээж чадвал цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөлт гарах болно.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх