Б.Сандагдорж: Хүний хувцаслах ЭРХ ЧӨЛӨӨ гэдэг маш чухал асуудал


Б.Анх-Учрал | YOLO.MN
2021-09-24

Өсвөр насны залууст сонин содон, гайхмаар олон “дүр”-ийг хүссэнээрээ бүтээж, сонирхол нэгт залуустайгаа нэг өдрийг өнгөрөөх боломжийг олгосон “Teenshoot” үйл ажиллагааны зохион байгуулагч гэрэл зурагчин Сандагдоржтой ярилцлаа. 


YOLOСайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

- Намайг Сандагдорж гэдэг. 2011 онд сурвалжлагч хийдэг байхдаа анх камертай танилцаж түүнээс хойш гэрэл зургийг сонирхож, одоо гэрэл зурагчнаар ажиллаж байна.

YOLOӨсвөр насныханд зориулсан “Teenshoot” эвент маш амжилттай болж өндөрлөлөө. Анх зохион байгуулах санаа хэрхэн төрсөн бэ? Яагаад хийе гэж бодсон бэ?

- Миний хувьд 2018 оноос хойш “Street fashion” тэр дундаа “Real street” төрлөөр зураг авах сонирхолтой болсон. “Real street” нь гудамжинд камер барьж яваад загварлаг харагдсан хүний зургийг дардаг төрөл гэж энгийнээр ойлгож болно. Хүний хувцаслах эрх чөлөө гэж нэг чухал асуудал бий. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд сэтгэлгээ нь задраад, шинэ зүйлийг эрж хайж байдаг учраас янз бүрийн хувцас өмсмөөр байдаг. Өмсөнгүүт нь хүмүүс сөргөөр хараад, хүсэл зоригийг нь унтрааж байгаа нь ажиглагдсан. Үүн дээр нэг жишээ дурдахад улсын их дэлгүүрийн тэнд явж байхад 16 орчим насны рок стильтэй охин явж байлаа. Тухайн үед охин содон харагдсан учраас зургийг нь аваад өөрийн сошиал хаяг дээр тавьтал арван мянга орчим лайк авсан ба хүмүүсийн сэтгэгдлийн хувьд тэр охиныг маш зоригтой байна гэцгээж байсан. Тэгээд би яагаад ийм хувцас өмсөхөд зориг хэрэгтэй гэж? гэж бодсон л доо. Залуу хүн өөрт байгаа гоо сайхнаа тодотгож хувцасласны төлөө хэн нэгэнд муухайгаар хэлүүлэх ёсгүй. Сэтгэгдэл бичиж байсан охид дунд өөрийн сонирхдог төрлийн хувцасаа өмсөөд явмаар байдаг ч хүмүүсийн харц, хандлагаас болоод чаддаггүй гэсэн байсан. Тиймээс нэг удаа ч гэсэн өөрийгөө илэрхийлж хүссэн хувцасаа өмсөөсэй гэсэндээ “Teenshoot”-ийг зохион байгуулсан. 

Өөр нэг шалтгаан бол Монголчуудыг интернетээс хайхаар малчин, морь унасан, дээл өмссөн илэрц гарч ирдэг учраас гаднын хүмүүс биднийг яг л тийм гэж ойлгосон байдаг. Тиймээс манай залуучууд дэлхийн хүмүүстэй л ижилхэн орчин үеийнх шүү гэдгийг харуулахыг хүссэн. 

 


YOLOЭнэ төрлийн эвентийг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ?

- Энэ жилийн хувьд хоёр дахь тохиолдол болж байна. Зургаадугаар сарын 19-нд зөвхөн амьд хөгжим сонирхогчдын хүрээнд “Rockshoot” эвентийг зохиосон. Түүнээс хойш миний хувийн хаягруу янз бүрийн загвар сонирхдог өсвөрийн залуусаас дахин хийгээч гэсэн хүсэлтийг ирүүлж байсан учраас хоёр дахь эвентээ зохион байгууллаа. 

YOLOӨсвөрийн залуусын загварын чиг баримжаа, ертөнцийг үзэх үзэл зэргийн тухайд та ямар бодолтой байдаг вэ?

- Миний хувьд багадаа багш болно ч гэдэг юм уу тиймэрхүү ахуйн зүйл боддог байсан бол орчин үеийн залуус биднээс маш өөр гүнзгий, асар том зүйл хүсдэг болсон байна. Бидний ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн баригдмал сэтгэлгээгээр бус тэд өөрсдийнхөөрөө бүтээж, сэтгэж чаддаг болжээ гэж би хувьдаа харж байна. 

YOLOСайны хажуугаар саар гэгчээр хүмүүсийн хувьд сөргөөр хүлээж авсан сэтгэгдлүүд их харагдсан. Энэ тухай?

- Сэтгэлгээ хуучирна гэж байдаг. Сөрөг сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийг би тийм л гэж харж байна. Тэд цаг хугацааны эрхээр хийсэн үйлдлээсээ ичнэ. Тэднийг ойлгодог хүлээн зөвшөөрдөг болно байх.

 


YOLOДахин ийм үйл ажиллагаа зохион байгуулах уу?

- “Teenshoot” бол жил бүр зохион байгуулагдана. Сая анзаарсан нэг зүйл бол монгол хэв маяг, монгол сэтгэлгээ буюу өөрсдөө бодож хийсэн хүн ховор байсанд сэтгэл дундуур байсан. Ихэвчлэн гадаадын “look”-үүдийг дуурайж хувцасласан нь ажиглагдсан. Дараа жилээс залуус маань илүү гоё өөрсдийн гэсэн загвар, төрхийг бүрдүүлээд ирнэ гэж найдаж байна. 

Шинэ мэдээ гэвэл “Urbanshoot” үйл ажиллагааг зохион байгуулах гээд бэлтгэл ажилдаа орсон явж байна. Удахгүй дэлгэрэнгүйг зарлах болно. 

YOLOГэрэл зураг сонирхож буй өсвөр насныханд ямар зөвлөгөө өгөх вэ? 

- Зургийг ямар камераар авах нь чухал биш байдаг. Яаж авах, ямар мэдрэмж гаргах нь илүү чухал. Тиймээс эхний ээлжинд мэргэжлийн камер гэлгүй утсаа тултал нь сайн ашиглаж сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, талбайн зохиомжийн дасгал буюу гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсийг 2x3 план дээр гурвууланг нь зураад байрлуулах хэрэгтэй. Тэр дасгалыг гараараа зураад байвал планы зохиомж их сайжирдаг.

Эцэст нь хэлэхэд нэг төрлөөр удаан оролдох бус маш олон төрлийн зураг авч байгаарай. 

YOLOЯрилцсанд баярлалаа. 

 




#Ярилцлага #Teenshoot