ЗАХИДАЛ: Салсан хөвгүүнээ яаж мартах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2019-04-22

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Салсан хөвгүүнээ яаж мартах вэ?

Сайн байна уу? Би ангийнхаа үерхдэг хөвгүүнээс салаад сар гаруй болж байна. Гэтэл би түүнийг ерөөсөө мартаж чадахгүй байна. Үргэлж бодоод л... Гэхдээ би тэр хүүхдийг мартах ёстойгоо мэдэж байгаа. Маш хэцүү байна. Ангид харж, таарч байгаадаа баярлаж, догдолж байгаа мөртлөө жаахан байж байгаад тэгж болохгүй гэж бодно. Гэртээ байхдаа /интернетэд/ актив болоосой гэж бодоод, актив байхад нь чат бичихгүйг нь мэдэж байж л чат хүлээж сэтгэлээр унаад л.

Яагаад ч юм цаанаасаа нэг л мэдэхэд анхаарлыг нь татахыг хичээчихсэн байж байдаг. Хааяа хааяа анхаарлыг нь татчихвал баярлана. Сургуулийн коридор, кабинетад таарахаараа баярладаг, таараасай гэж бодож байгаа мөртлөө хэсэг хугацааны дараа би мартах ёстой, болохгүй гэж бас бодно.

Би яг яах ёстой вэ?  Яаж мартах вэ? Надад зөвлөгөө өгөөч. Яг яавал би арай хурдан ч юм уу, эсвэл жаахан ч болтугай мартах вэ? Бас би бусад хичээл, гэр бүлдээ ч анхаарлаа хандуулмаар байдаг. Яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Энэ үерхлээс юу ойлгож авсан бэ гэдгээ эргэцүүлэн дүгнэ

Сайн уу? Өөрт тулгарсан асуудлаа бидэнд итгэн хуваалцаж байгаад баярлалаа. Хүн амьдралынхаа туршид хэд хэдэн романтик харилцаа үүсгэж, эсрэг хүйстнээ болон өөрийгөө таньж мэдсэний үр дүнд үлдсэн амьдралдаа хамт амьдарч, үр удмаа үлдээх ханиа сонгодог. Чи энэ аяллынхаа эхний шатыг давлаа гэж бодоорой. Энэ аялал амаргүй л байх болно. Гэхдээ чи маш их зүйлийг сурна, өөрийгөө ч давхар ойлгоно.

Одоо мэдээж чамд хэцүү байгаа, шууд мартах ч боломжгүй. Иймээс ингээд мартаа гэж бид ямар нэгэн арга зааж өгөхөд хэцүү. Цаг хугацаа болон чиний өөрөө өөртэйгөө нүүр тулахаас өөр зүйл тусалж чадахгүй. Үүний оронд энэ харилцаа дууссанд харамсаж, өнгөрснөө бодохын оронд, энэ үерхлээс юу ойлгож авсан бэ гэдгээ эргэцүүлэн дүгнээд, дараагийн үедээ илүү өөрийгөө ойлгосон, илүү туршлагатайгаар ороорой. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Love, #Letter