ӨВ СОЁЛ: Монголчуудын гарал, үүсэл


Бид Z үеийнхнийхээ танин мэдэхүйд зориулан “Өв, соёл” цуврал нийтлэлийг эхлүүлж байна. Эдгээр нийтлэлээрээ бид монголчуудын гарал үүслээс эхлэн өнөөг хүртэлх түүхийн онцлох үйл явдал, хүмүүсийг танилцуулах бөгөөд цуврал нийтлэлийн төгсгөлд уншигч та Монголын түүхийн талаар дэс дараалалтай, цэгцтэй мэдлэгийг олж авсан байх юм.

Дэлхий нийтээр даяаршиж буй энэ цаг үед бид үндэстнийхээ түүхийг мэдэж байх нь хамгийн чухал. Ингээд хамгийн эхний нийтлэлээрээ монголчуудын гарал, үүслийн тухай танилцуулж байна.

БИДНИЙ ҮҮСЭЛ ХЭЗЭЭНЭЭС ЭХТЭЙ ВЭ?

“Монголчууд гэлтгүй аливаа үндэстэн, угсаатан, бүлэг хүмүүсийн гарал үүслийг тодорхойлох амаргүй”

- Монгол Улсын Их Сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очир

Зургийг gogo.mn сайтаас авав.

Хамгийн эртний түүхэн баримт

Хятадын Тан улсын үеийн түүхэн сурвалжид “Мэн-вү” (Meng-wu) буюу Монгол гэсэн үг байдаг. Энэ үе нь 618-907 он буюу VII-X зуунд холбогдох юм.

Домогт өгүүлсэн баримт

“Монголын нууц товчоо”-нд Монголчуудын гарал үүслийг Алунгуа эхийн домогтой холбон үздэг. Домогт өгүүлснээр таван хүүгийнх нь хамгийн бага хоёр хүү нь гэрлээс бүтсэн гэгддэг. Өөрөөр хэлбэл, үүгээр их эзэн Чингис хааны эцгийн талын удам тасарч байгаа ч эцсийн бүлэгтээ Алунгуа эхийн домгоор угсаа гарвалаараа хуваагдалгүй эв нэгдэлтэй байхыг захин сургасан” хэмээн доктор, профессор Д.Бум-Очир тайлбарлажээ.

Хэл шинжлэлийн баримт

Туркийн хэл шинжээчид өнөөгийн Монголын газар нутагт амьдарч байсан Монгол болон Түрэг аймгийн гарлыг хэлээр нь дамжуулж судалсан. Үүнээс монгол хэлэнд буй мал аж ахуйн зарим нэршил нь түрэг хэлнээс, харин түрэг хэлний ан агнуурын үгс голдуу монгол гаралтай байгааг олж нээсэн юм.

Монголчуудын гарал, үүслийн тухай доктор, профессор Д.Бум-Очиртой хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншаарай. 

Үргэлжлүүлэн одоогийн Монголын нутаг дэвсгэр дээр анхны төрт улсыг байгуулсан Хүннү гүрэн, залгамж улсуудын тухай товч мэдээлэл болон тэдгээр нь Монголчуудын угсаа гаралтай хэрхэн холбогдож буйг хүргэе.

  • ХҮННҮ ГҮРЭН

Он цаг: НТӨ III- НТ I зуун

Нүүдэлчдийн байгуулсан эзэнт гүрнээс хамгийн удаан хугацаанд оршин тогтносон гүрэн бөгөөд энэ үед бий болсон эзэнт гүрний үндсэн бүтэц, зохион байгуулалт нь хоёр мянган жилийн турш уламжлагдан хөгжсөн. Оргил үедээ газар нутгийн хувьд зүүн хэсгээр Солонгосын хойг, баруун хэсгээр Тарвагатай уул, хойд хэсгээр Байгал нуур, өмнөд хэсгээр Цагаан хэрмэнд хүрч байсан түүхтэй.

Хүннү гүрэн нь олон үндэстэн, угсаатнаас бүрдсэн гүрэн байсан гэдгийг археологийн олдворууд нотлохын зэрэгцээ Монголчуудын өвөг тухайн үед амьдарч байсан магадлал өндөр байдаг.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу. 

  • СЯНЬБИ УЛС

Он цаг: 151-235 он

Монгол хэлт эртний овог, аймгуудын байгуулсан хоёр дахь төрт улс бөгөөд хаант засаглалтай байсан. Хүннү гүрэн Умард, Өмнөд хүннү гэсэн хоёр улсад хуваагдах үед одоогийн Өвөр Монголын төв зүүн, зүүн хойд хэсэгт Таньшихуай хаан хүч чадлаараа товойн гарч, эв нэгдэлгүй Сяньби аймгуудыг нэгтгэсэн.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу. 

  • НИРУН УЛС

Он цаг: 330-555 он

Монгол угсаатны байгуулсан гурав дахь төрт улс бөгөөд мөн хаант засаглалтай байсан. Эрдэмтэн Г.Сүхбаатарын үзсэнээр Нируны хаант улсын бүрэлдэхүүнд монгол угсаатны Монгол, Татар, Жужан болон Өндөр тэрэгтэн аймгууд багтаж байжээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу. 

  • ТҮРЭГ УЛС

Он цаг: 552-628, 690-745

Эртний түрэг хэлт угсаатны байгуулсан төрт улс нь Монголчуудтай хэлний хувьд ихээхэн хамааралтайд тооцогддог. Түрэг судлаачид Монголын эзэнт гүрнийг Түрэгийн эзэнт гүрэн хэмээн нэрлэдэг бөгөөд Чингис хааны эхийн талыг Киргизчүүд байсан гэж үздэг учир ийнхүү байр суурьтай байдаг аж. Гэхдээ доктор, профессор Д.Бум-Очирын үзэж байгаагаар зөвхөн хэлний холбоо хамаарал нэг үндэстэн байсныг гэрчлэх бүрэн үндэслэл болж чадахгүй гэжээ.

Түрэг улсын тухай уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 

  • УЙГУР УЛС

Он цаг: 647-690, 744-840

Эртний сурвалжит токуз огуз (өндөр тэрэгтэн) аймгуудын байгуулсан төр улс нь хятад сурвалжийн мэдээгээр долдугаар зууны үед одоогийн Сэлэнгэ орчимд нутаглаж байсан юм. Түрэг улсад эзлэгдэн тэмцэлдсээр 647 онд анхны улсаа байгуулсан ч 690 онд Монголд нүүн ирсэн Түрэгүүд ахин тэднийг буулган авсан гэдэг. Хожим Уйгур язгууртнууд Басмил, Карлук аймагтай нэгдэн Түрэгтэй тэмцэлдсэн ба ахин улсаа байгуулж чадсан юм.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу. 

  • ХЯТАН

Он цаг: III-XIII зуун

Дунхугийн удмын эртний сурвалжит монгол хэлтэй аймаг бөгөөд 235 онд Сяньби улсыг задарч эхэлсэн үеэс тэд Төв Азийн дорнод бүс нутгийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцсоор иржээ. Киданчууд есдүгээр зууны үеэс аажмаар хүчирхэгжин дараагийн зуун гэхэд Төв Азийн томоохон улс болж чадсан юм.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу. 

Бид хаанаас ч, хэнээс ч үүсэлтэй байсан монгол хүн гэдгийг маань бидний цус бус соёл илэрхийлдэг. Тэр дундаа соёл хүмүүжлээр монгол ухааныг олж авах бөгөөд тэрхүү хүмүүжил нь өнөөдөр биднийг монгол хүн гэдгийг илтгэнэ. “Таны хүмүүжил, төлөвшил л таныг МОНГОЛ болгоно” хэмээн Д.Бум-Очир профессорын хэлсэн үгээр энэхүү нийтлэлээ өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзталаа түр баяртай!

Эх сурвалж: Монгол түүхийн тайлбар толь, Wikipedia, ikon.mn, gogo.mn

#Боловсрол #Түүх #Өв соёл