Хүчирхийллийг үл тэвчье: Захидал ба зөвлөгөө


YOLO.mn | YOLO.MN
2022-04-30

Өнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр. Хүүхэд гэр бүл, найз нөхдийнхөө хамт байхдаа гэртээ эсвэл сургууль дээрээ ч янз бүрийн нөхцөл байдлаас үүдэн сэтгэл санаа, бие махбодиор хохирох тохиолдлууд бий. Тиймээс Yolo.mn-ий зүгээс Сэтгэл судлалын үндэсний төвтэй хамтран уншигчдаас хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудлуудыг захидлаар хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэдэг билээ. Ингээд Yolo.mn-д ирсэн захидлуудаас хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй захиа болон зөвлөгөөнүүдийг хүргэж байна. 

 АСУУДАЛ 1: Хамаатны ах минь намайг оролдсоныг мартаж чадахгүй байна. Ээждээ хэлвэл түүнд хэцүү байна байх

Сайн байна уу. Би одоо 19 настай. Дээрээ нэг эгчтэй. Зургаан жилийн өмнө буюу 13 настай байхад болсон явдал. Ээж минь их олон дүүтэй, яг доод эрэгтэй дүү нь нас барсны дараа ажил явдалд нь ээж минь туслахаар явсан юм. Маргааш нь намайг дуудаад ажил явдалд нь оролцоорой гэсэн. Тэгээд эгч бид хоёр өглөө нь очоод ойр зуур туслаад, хамаатныхаа дүү нарыг хараад өдөр өнгөрсөн. Орой нь ээж эгч хамаатны дүү нар мөн ээжийн дүү нь бөөндөө нэг гэрт хонохоор болсон юм. Эгчийн хажууд ээж, ээжийн хажууд би, миний хажууд ээж эгч бид гурав нэг хөнжилд, миний хажууд хамаатны ах тусдаа хөнжилд унтахаар болсон. Тэр ах манай эгчтэй чацуу 17 настай байсан юм.

Шөнө нэг л сонин зүүд зүүдлээд эвгүй оргиод сэртэл би хамаатны ахын хөнжилд орчихсон, хамаатны ах миний нууц газрыг оролдож бас миний гарыг өөрийн бэлэг эрхтэн дээрээ тавьчихсан байсан. Их гэнэтийн байсан болхоор айгаад өөрийнхөө хөнжилд ороод хөнжлөөрөө өөрийгөө хучиж ээжид наалдаад нөгөө ахыг цааш нь түлхсэн. Ээжийг сэрээмээр байсан боловч айгаад, төрсөн дүү нь нас барсан байхад өөр нэг дүүгийнх нь хүүхэд ийм зүйл хийсэн гэж сонсвол ээжид их хэцүү байна гэж бодоод сэрээгээгүй. Би шөнө болсон зүйлээ өглөө нь зүүд гээд бодчих вий гэж айгаад шөнөжин өөртөө "Энэ зүүд биш, энэ зүүд биш" гэж хэлээд унтаагүй. Тэр ах хажууд минь байгаа гэж бодохоор л хөнжилнөөсөө толгойгоо гаргалгүй чичирч хоносон. Өглөө үүр цайгаад 6 цагийн үед ээж сэрж ээжийг дагаад шууд боссон. Босоод хамгийн эхэнд гараа угаагаад гадаа гарч "Ээжид хэлэх үү, яах вэ" гэж сайтар бодсон. Яах учраа ололгүй ээжид гэрлүүгээ явлаа гээд яг явах гэж байтал тэр ахтай таарсан ч юу ч болоогүй юм шиг надруу хараад зөрсөн. Тэр үеэс хойш тэр айлруу цагаан сар болгон очих үнэхээр дургүй. Ахиад л юу ч болоогүй юм шиг золгохоор ирсэн. Тэр бүрт ээжид хэлмээр санагддаг. Хэлсэн нь дээр үү? Эсвэл энэ хэвээрээ чимээгүй явах уу? Хэдий олон жил өнгөрсөн ч тэрийг бодох бүрт хэцүү, айдастай байдаг. Бас тэр ахыг үзэн ядаж байна. Туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хамгийн түрүүнд бусдад биш "өөртөө" төвлөрөөрэй 

Өдрийн мэнд. Өөрт тохиолдсон энэхүү явдлаа зөвхөн өөртөө хадгалах биш бидэнд итгэж хуваалцсанд баярлалаа. Юун түрүүнд энэ явдалд чиний буруу огт байхгүй юм шүү. Энэ үйл явдлыг цаашид, өөртөө хадгалж зовох биш гэр бүлийн гишүүддээ хэлж болно шүү. Энэ тохиолдолд ээжийнхээ санааг зовоох вий гэж бодох биш зөвхөн “өөртөө” төвлөрөх хэрэгтэй. Олон охид, хөвгүүд “бусад хүмүүсийн санааг зовоох байх” гэсэн бодлоосоо болж чимээгүй хохирогч болсоор байна.

Ээжтэйгээ дараах сэдвийн хүрээнд ярилцаарай:

  • Болсон зүйлийг нуухгүй байх. Ээжтэйгээ аминчлан ярилцмаар байна гэдгээ хэлэх. Ээжийгээ хоол хийж байх үед эсвэл анхаарал нь төвлөрөөгүй байх үед нь ярих хэрэггүй шүү. Ээж чинь чамайг сонсоход бэлэн байх ёстой.
  • Уг үйл явдал өөрийг чинь өдийг хүртэл зовоож, түгшээж байгааг заавал илэрхийлээрэй. Захиан дээр дурдсан бүхий л мэдрэмжээ илэрхийлээрэй.
  • PTSD буюу гэмтлийн дараах стресс өөрт чинь үүссэн байх магадлалтай тул сэтгэл зүйн зөвлөгөө биечлэн авахыг зөвлөж байна. Энэ талаараа ээждээ хэлээрэй.
  • Цагаан сар болоод бусад өдрүүдэд тэр хүний гэрт очих, түүнтэй холбогдож байхыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэх.
  • Тухайн зүйлийг үйлдсэн хүүхэд өөрийгөө яаж ч өмөөрч байсан өөрийг чинь зэмлэхгүй байх талаар хэлээрэй. Өмнө нь хэлсэн энэ явдалд чиний буруу байхгүй.

Бэлгийн дарамтад бага насандаа өртөж байсан хүүхдүүд сэтгэл зүйн олон дарамтыг мэдэрч, туулж байдаг. Бусдаас тусламж гуйхаас битгий санаа зовоорой. Дуу хоолойгоо гаргаж байгаарай. Мэдрэмжээ ойр дотны хүмүүстэй илэрхийлж байгаарай.

АСУУДАЛ 2:Хойд ээжтэйгээ таарамжгүй, амьдрах хүсэл алга

Сайн байна уу? Би одоо 9 дүгээр ангийн сурагч, 15 нас хүрч байгаа охин байна. Ойрд маш олон хэцүү зүйлс тохиолдоод, амьдрах хүсэл ихээр буурч, ямар ч идэвхгүй болж эхлээд байгаа юм. Би хойд ээжтэй. Бид хоёр ерөөсөө таардаггүй, багаас маань их дээрэлхэж элдэв зүйлс хэлж урам зориг хүсэл мөрөөдлийг минь мохоодог байлаа. Гэхдээ тухайн үедээ жаахан байсан учраас айсандаа ерөөсөө үгийг нь сөрж байгаагүй. Том болоод төрсөн ээж биш гэдгийг нь мэдээд бага багаар хэрүүл болдог болсон. Шалихгүй зүйл дээр үргэлж загнаж, тэр битгий хэл цохиж зодох үед уурлаад өөдөөс нь улам хэрэлддэг болсон. Сүүлдээ бүр л хэцүүдлээ, өдөр болгон хэрүүл. Ганц энэ ч биш найз нөхөд маань хүртэл надаас хөндийрч ангийхан ч улам л холдож эхэлсэн. Өчүүхэн зүйлс дээр уурлаж, найзтайгаа жижигхэн асуудлаас болж муудалцсан. Энэ нь намайг бага багаар ууртай, тэвчээргүй ааш зантай болж, эвдэрч байгаа юм шиг санагдуулсан юм. Гэрт ч, сургуульд ч тэр аль алинд нь байхыг хүсэхгүй ганцаардаж байна. Аав маань өөр газар ажилладаг тул би ихэнхдээ ээж дүү нартайгаа хамт байдаг. Тийм ч учраас аавтайгаа ярилцах боломж байдаггүй. Би өөрөө тэсвэр тэвчээр хатуужил гэж байхгүй амархан эмзэглэж гомддог төрлийн хүн. Ярилцах нэгэн ганц ч үлдсэнгүй, утас л хань болно. Элдэв зүйлээ кино үзэж, дуу сонсож л түр мартана. Тэгэхгүй бол байнга бодогдож хэцүү байдаг. Ээж, ангийнхан, найз нөхөд эцэс төгсгөлгүй зөрчил, хэрүүл дээр нь өөр олон асуудал энэ бүгд толгой өвтгөж байна. Сүүлдээ зүгээр л үхээд өгвөл бүх зүйл дуусчих юм шиг санагдаж эхэлж байна. Яг яах ёстой юм бэ?


 
ЗӨВЛӨГӨӨ: Бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд тэвчээртэй байгаарай, хүчтэй байгаарай

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Тэвчээртэй байгаарай, хүчтэй байгаарай. Тэвчээртэй байна гэдэг нь үгээ дотогшоо залгих биш илэрхийлж чаддаг байхыг хэлж байгаа юм шүү. Хүчтэй байна гэдэг маань одоо мэдрэгдэж байгаа мэдрэмж чинь үүрд үргэлжлэхгүй гэдгийг илэрхийлж байгаа юм шүү. Сөрөг сэтгэл хөдлөлийг удаан мэдрэх нь таатай зүйл биш. Тийм байхад  амиа хорлох тухай бодох нь өөрийгөө шийтгэж байгаагаас ялгаагүй зүйл. Сэтгэл зүйн зөвлөгөө биечлэн авахыг зөвлөж байна. Энэ тухай аавтайгаа ярилцаж сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах боломжтой. Авч чадахгүй гэж байгаа бол судалж байгаад мэргэжлийн онлайн зөвлөгөөг(ярилцдаг) судлаарай.

Эхний алхам бол бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх юм. Судалгаанаас харахад гэр бүлийн таагүй уур амьсгалаас болж хүүхдүүд сургуулийн орчинд бусадтай чөлөөтэй харилцаж чаддаггүй байдал ажиглагддаг. Гэр бүлийн харилцаа таагүй байсан ч найз нөхөд анги хамт олноосоо өөрийгөө тусгаарлахгүй байхыг хичээгээрэй. Аль болох найз нөхдөдөө өөрт тохиолдож буй зүйлсээ ярьдаг байхыг хичээгээрэй. Мөн яагаад түргэн уурлаад байгаа шалтгаанаа найзууддаа тайлбарлахыг хичээгээрэй. Бусад хүн өөртэй чинь түрүүлж харилцахыг биш эхний алхамыг өөрөө хийж байгаарай. Бусадтай мэндлэх, бодлыг нь асуух, таатай үг хэлэх, бусдыг хамгаалах чадвар өөрт чинь байгаа юм шүү. Өөрт мэдрэгдэж байгаа сэтгэл хөдлөлийг бага хэмжээнд ч болов гадагш илэрхийлдэг байх нь чухал юм шүү.

АСУУДАЛ 3: Эцэг эх, хамаатан садан бүгд ах эгч болон дүүд минь санаа тавьдаг, сайн ханддаг атлаа надад огтхон ч анхаарал хандуулдаггүй

Сайн байна уу? Би одоо 16 настай. Би нэг жилийн өмнөөс маш их өөрчлөгдөж эхэлсэн. Эцэг эх, хамаатан садан бүгд ах эгч болон дүүд минь санаа тавьдаг, сайн ханддаг атлаа надад огтхон ч анхаарал хандуулдаггүй. Би бүх хичээл, судлагдахуун дээрээ хичээж, бүх хичээлдээ хангалттай дүн авдаг ч огтхон ч хичээдэггүй эгч, ахад минь илүү сайн байдаг. Намайг өөрийн охиноо ч гэж боддоггүй. Хэчнээн хичээсэн ч үл тоомсорлож, үргэлж муу талуудыг минь ярьж ирээдүй минь хэр бүрхэг талаар ярьцгаадаг. Сүүлдээ хамт хооллохоос ч, хамт хэдэн минут нэг өрөөнд байх, бараг харахаас дургүй хүрдэг болчихлоо.

Хэдэн жилийн өмнөөс эхэлсэн энэ байдлаас болоод өрөөндөө хэт удаан байж, аль болох тэвчиж, сонсоогүй мэт царайлсан ч нөхцөл байдал улам хурцадсаар уурлахаараа огцом уйлж, гартаа таарсан бүгдийг нь нураадаг болсон. Гэртээ ирэх хүсэлгүй болж, бага багаар өөрийгөө алдаж байгаа мэт санагдаад эхэллээ. Гэвч энэ бүхэнд хэзээ ч ах эгч дүү нараа буруутгаж, үзэн ядаж байгаагүй. Зүгээр л надад асуудал байна гэж бодоод улам л дотроосоо үхэж байгаа юм шиг санагдах боллоо...

Би яг яах хэрэгтэй вэ, ярилцах талаар бүр бодоод ч хэрэггүй болчихсон...

ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эх нь чамайг анхаараасай, чамайг үнэлээсэй мөн бусад хүүхдүүдтэйгээ адилхан ижил тэнцүү хандаасай гэж хүсэж байгааг ойлголоо

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Эцэг эх нь чамайг анхаараасай, чамайг үнэлээсэй мөн бусад хүүхдүүдтэйгээ адилхан ижил тэнцүү хандаасай гэж хүсэж байгаа юм шиг санагдлаа. Энэ мэдрэмж нь чамд удаан хугацаанд үргэлжилсээр байгааг ойлголоо. Захидлаас уншихад хэдэн жилийн өмнөөс л энэ байдал бий болсон гэсэн байна.

Хэдэн жил гэдэг нь яг хэзээнээс гэсэн үг вэ? Тэр үед чи хэдэн настай байсан бэ? Хэдэн жилийн өмнө яг юу болсон учраас одоогийн нөхцөл байдал үүссэн гэж бодож байна вэ? Чамд ийм мэдрэмж бий болохоос өмнө гэр бүлийнхэн нь чамд хэрхэн ханддаг байсан бэ? Өмнө нь тэдний харилцаа, хандлага чамд ямар мэдрэмж төрүүлдэг байсан бэ? Гэр бүлийнхний чинь яг ямар үг бас үйлдэл нь чамд анхаарал тавьж байна, үнэлж байна гэсэн мэдрэмжийг төрүүлэх бол?

Чамд ийм мэдрэмж төрж байгааг гэрийнхэн чинь мэдэж байгаа юу? Өмнө нь чамд таагүй мэдрэмж төрөх бүрд тухайн мэдрэмжээ илэрхийлдэг байсан уу? Хэрэв тийм бол мэдрэмжээ илэрхийлэхдээ ихэвчлэн ямар байдлаар илэрхийлдэг вэ? Мэдрэмжээ тухай бүрд нь аль болох тайван байдлаар илэрхийлж байх нь гэнэтийн огцом үйлдэл хийхгүй байхад туслах боломжтой. Мөн илэрхийлэхдээ аль болох бусдыг буруутгасан өнгө аястай бус харин өөрт төрж байгаа мэдрэмжээ л илэрхийлж байх нь чухал юм шүү. Мөн гэр бүлийнхэнтэйгээ чи өөрөө хэрхэн харилцдаг вэ? Гэр бүлийнхнээсээ хүсдэг харилцаагаа чи гэр бүлийнхэндээ өгч чаддаг уу? Эдгээр асуултуудад хариулаад хариу захидал илгээгээрэй

АСУУДАЛ 4: Өнөөдөр биеийн тамирын хичээл дээр найзуудтайгаа сууж байгаад нэг тоглоомоос болж ангийнхаа охинд гаж донтойгоороо дуудуулсан

Сайн байна уу? Би 17 настай, эрэгтэй. Уг нь найзуудтайгаа гадуур гарч, дурсамж бүтээх нас гэж боддог. Гэхдээ энэ цаг үед чөлөөтэй гарч чадахгүй байгаа болохоор муухай байна. 

Өчигдөр сургалтаа тараад найз охиноо гэрт нь хүргэж өгөөд, өөрөө гэр лүүгээ их аз жаргалтай явж байлаа. Гэтэл автобусанд нэг муухай юм болсон. Миний урд зогсож байсан эрэгтэй хажууд минь зогсож байсан эмэгтэйн биед хүрсэн юм шиг байна лээ. Гэтэл тэр охин намайг хүрсэн гэж ойлгоод над руу их сонин харж чанга дуугаар "Автобусанд ч зүгээр юм болохгүй юм. Ямар заваан юм бэ?" гэсэн. Тэр үед би биш гэдгээ хэлмээр байсан ч хэлж чадаагүй өнгөрсөн. 

Өнөөдөр биеийн тамирын хичээл дээр найзуудтайгаа сууж байгаад нэг тоглоомоос болж ангийнхаа охинд гаж донтойгоороо дуудуулсан. Би яахаа мэдэхгүй, сонин байдалд орчихлоо. 

ЗӨВЛӨГӨӨ: Бид бусдын бодлыг хянах боломжгүй ч өөрийнхөө бодлыг илэрхийлж бусадтай ойлголцох бүрэн боломжтой

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Өөрийн хийгээгүй үйлдлийг хүлээн зөвшөөрөх нь мэдээж шударга биш. Дараа дараагийн удаа бусдын таагүй үйлдлийг өөр дээрээ хүлээж авахын оронд “би биш” гэдгээ илэрхийлээрэй. Өөрийн нөхцөл байдлыг илэрхийлэх нь өөрийгөө хамгаалж буй хэрэг.

Ангийнхаа охинд тоглоомоос болж буруугаар ойлгогдсон гэж ойлголоо. Ямар тоглоом байсан юм бол? Зарим тохиолдолд бидний тоглоом гэж харж байгаа зүйл нөгөө хүнд тийм биш байдаг. Тиймээс тоглоом байсан гэдгээ тайлбарлаж тэр хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлалт хүсээрэй. Бид бусдын бодлыг хянах боломжгүй ч өөрийнхөө бодлыг илэрхийлж бусадтай ойлголцох бүрэн боломжтой. Чамд амжилт хүсье!
Сэтгэл судлалын үндэсний төв

АСУУДАЛ 5: Аав маань намайг "гомо, эр биеэ үнэлэгч" гэсэн.

Сайн байна уу? Би 16 настай, эрэгтэй. Би сүүлийн 3-4 жилийн турш чөлөөт бөхийн спортоор урдаа тавьсан зорилготойгоор хичээллээд нэг ч амжилт гаргаж чадаагүй. Тиймээс өөртөө гутарч сэтгэлээр унаж байна. Бөхийн секцэд анх орохдоо өөртөө итгэлтэй, маш их хүсэл тэмүүлэлтэй байсан. Харин одоо ямар ч итгэлгүй боллоо. 

Энэ спортоор хичээллэхэд намайг ээжээс минь өөр хүн дэмжээгүй. Ганц ч болов тэмцээнээс медаль аваад ээжийгээ баярлуулахыг хүсдэг. Анх явдаг байсан бэлтгэлээсээ гараад өөр бэлтгэлд ороод арай дээрдсэн ч бас л амжилт гаргасангүй. 

Бас би охин дүүтэйгээ нэг ангид сурдаг. Хичээлдээ очихдоо, хичээлээсээ ирэхдээ байнга л дүү болон эмэгтэй найзтайгаа байдаг учраас хараалын үг хэлдэггүй. Ингээд ээжээсээ бусад бүх хүмүүсээс "охин шиг" гэдэг үгийг сонсдог. Нэг удаа аав маань уучихсан байхдаа намайг "Чи бол гомо, охин, эр биеэ үнэлэгч" гэсэн. Тэр үед их гомдож, зөндөө ч уйлсан. Аав минь намайг ингэж хэлж байгаа юм чинь бусад нь ч аргагүй биз гэж бодсон. 

Би мундаг байхгүй бол хэн ч тоохгүй гээд маш их хичээдэг. Даанч хүссэндээ хүрч чадахгүй байна. Бас өөрөөсөө илүү хүүхдүүдтэй найзлахыг хүсдэг. 

ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эхчүүд минь ямар ч үед хүүхдүүдээ дэмжиж байхыг хүсэж байна. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Ээж нь чамайг дэмжиж байгаад баяртай байна. Өөрийн чинь хичээл зүтгэл зөвхөн медаль авснаар хэмжигдэж, үнэлэгдэхгүй шүү дээ. Чөлөөт бөхдөө гаргаж байгаа цаг минут бүр чинь чиний хичээл зүтгэлийг илэрхийлж байгаа юм шүү. Аливаа спортод гаргах амжилтад бидний сэтгэл хөдлөл их нөлөөлдөг. Сэтгэл санаа таагүй бол барилдаж байх агшинд орон зайн баримжаа алдагдах, эсвэл самбаачлах хугацаагаа шийдэмгий гаргаж чадахгүй байх гэх мэтээр нөлөөлж болдог (энэ зөвхөн жишээ юм шүү). 

Хүн бүрийн онцлогоос хамаараад сэтгэл хөдлөлөө илэрхийлэх байдал нь өөр байдаг. Ийм учраас өөрийгөө сайн ажиглаарай. Гомдсон үедээ би ямар үйлдэл гаргаж байна? Шантарсан үедээ би хэрхэн өөрийгөө тайтгаруулдаг юм бол? Би юунаас илүү урам зориг авч байна? Би хэзээ илүү идэвхтэй, эрч хүчтэй байна вэ гэх мэтчилэн өөрийгөө ажиглаж, сонсоорой.

Сэтгэл зүйн байдал тогтвортой байснаар бэлтгэл сургуулилтаа чанартай эхэлж, чанартай дуусгана. Энэхүү хариу захидалд бусдаас хэр илүү байх вэ гэхээс илүүтэй зөвхөн өөртэйгөө ажиллах талаар ярьсан байгаа гэдгийг анхаараарай. Энэхүү спортоор чи өөрөө л хичээллэж байгаа. Алдаа оноо, амжилт, ялагдал бүр чинь чиний хувьд эрхэм зүйл юм шүү. Өөрийн чинь сэтгэл санааг тогтворгүй болгоод байгаа хэн нэгний үг болон тэр хүмүүсийн харилцаанд хэт анхаарал өгөхгүй байхыг хичээгээрэй. Энэ нь мэдээж амар зүйл биш. Хэдий тийм ч анхаарлаа өөр зүйлд бага багаар хандуулахыг хичээгээрэй. Мөн аавдаа зарим үгс нь чамд таагүй сэтгэгдэл төрүүлж байгааг хэлэхийг хичээгээрэй. Чамд амжилт хүсье. 
Эцэг эхчүүд минь ямар ч үед хүүхдүүдээ дэмжиж байхыг хүсэж байна. Хүүхдүүд өөрийн сонирхлоо олох гэж хичээхэд хүртэл тэднээс хүч хөдөлмөр зарцуулагдаж байдаг. Аливаа дугуйлан, спортоор хичээллэхэд цаг зав, хичээл зүтгэл, бие махбод болоод сэтгэл зүйн эрүүл мэнд асар чухал тул хүүхдүүддээ шүүмж хэлэхээс илүүтэй юу хэрэгтэй байгаа талаар лавлаж асууж байгаарай. 

ТА ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД НЭГДЭХ ҮҮ?

Нэгдэхийг хүсвэл Change.org сайт дахь уриалгад SIGN товч дээр дарна уу.

#Хүчирхийллийг үл тэвчье