Чамд дээд боловсрол хэрэгтэй юу? Эсвэл огт шаардлагагүй юу? Дараах нийтлэлээс чи энэ хүндхэн гэмээр асуултын хариултыг олох болно.
Дээд боловсрол гэж юу вэ? Нэрээсээ л шууд ойлгогдохуйц байна. Дээд хэмжээний боловсрол, мэдлэг, туршлага, хүмүүжлийг хэлнэ. Тэгвэл үүнийг албан ёсны зөвшөөрөл бүхий их дээд сургуулиуд олгодог. “Хүн болох багаасаа” гэдэг үгийн адил хүүхэд балчир насандаа ахуйн орчинд эцэг эх дээрээ боловсорч улмаар цэцэрлэгт явж нийгмийн бүрэлдэхүүнд оролцож эхэлнэ.
Тодорхой хэмжээний чадваруудыг эзэмшсэнийхээ дараа бага сургуульд ордог. Тэгээд “бага” гэдэг үг нь өөрчлөгдөж “дунд” сургууль болдог. Харин манай орны хуулийн дагуу иргэн бүрт суурь боловсрол олгох зорилттой тул сурагч 9-р анги хүртэл заавал суралцах ёстой. Өөрөөр хэлбэл чи 9-р ангиа төгсөөгүй байгаа бол өөр юм бодолгүй урд байгаа хичээлээ хийнэ үү.
Харин түүнээс цааш сурна уу, байна уу, чиний л дур. Гэхдээ л хэн хүний эцэг эх хүүгээ бусадтай мөр зэрэгцээсэй, бусдаас битгий хоцроосой хэмээн шууд л үргэлжлүүлэн сургадаг. Гэвч “уулын мод урттай богинотой” гэдэг шиг сурах хүсэлгүй, сурах чадваргүй нэгэн ч бий. Тэр нь тухайн хүний ч буруу биш, эцэг эхийнх нь ч буруу хүмүүжил ч биш. Хүмүүсийн хэлдгээр бол “бурхнаас өгсөн өгөгдөл” гэсэн үг. Хүн бүр өөр, хүн бүрийн ертөнцийг харах үзэл бодол ч өөр, чадвар ч өөр.
Тийм байхад манай оронд нэгэн буруу баримтлал нэгэнтээ тогтчихжээ. Магадгүй 1950-1990 оны их хотжилт үүнд хүчтэй нөлөөлсөн байх. Учир нь тааваараа малаа хариулж гэрийн хөдөлмөрөөр аж төрөн жарган суудаг байсан хүмүүс дөрвөн хананы дунд зардал ихээр амьдардаг болсон. Тиймээс ажиллаж хөдөлмөрлөхгүй бол амьдрал тасрах гээд байж л дээ. Улмаар түүнд нь мэдлэг боловсрол шаардагдаж эхэлснээр эцэг эх бүр хүүхдээ их сургуульд хүчээр элсүүлдэг болсон байх.
Хүн өөрийнхөө хүссэнээр, бодсоноор, төлөвлөснөөр л гүйцэлдүүлэхгүй бол хэчнээн хүчлээд бүтдэггүй жамтай. Ийм учраас сүүлийн хэдэн жил “мэргэжил сонголт” гэх үгийг та мянгаас ч илүү удаа сонссон биз. Өнөө түрүүний хэлсэн дээр үед мэргэжлээ сонгодог хэн ч байсангүй. Тэд зүгээр л шалгалтаа өгцгөөнө, улс түүнийг ажиллах хүчээ болгох гэж сургана. Тэр үед ажилгүйдлийн тоо тун бага хэмжээтэй байсан нь үүнтэй холбоотой. Улсын гол зорилго нь бүх иргэдийг ажилтай болгох, тэрнийхээ төлөө их сургуульд сургах. Үндэсний ууган дээд сургуулиуд яг тэр үед байгуулагдаж байлаа.
Мөн айл бүрийн хананд өлгөөстэй байх гэр бүлийн зурагт үр хүүхдүүд нь заавал дээд сургуулийн ромбо тэмдгээ зүүдэг байж. Их хүндтэй зүйл учраас тэр шүү дээ. Ромбогүй хүн бараг байсангүй. Харин өнөө цагт энэ үзэл баримтлал хадгалагдсаар л.
“Чи заавал их сургуульд сур...тэгж байж мөнгө олно...сайхан амьдарна” гэх үгс ихэнх аав ээжээс гарч байгаа даа. Гэтэл хүүхэд нь сурах хүсэлгүй бол ингэж хүчээр сураад юу ч эзэмшиж чадахгүй, хүчээр эзэмшлээ гэхэд мэргэжлээрээ ажиллахын оронд өөр дуртай ажлаа олоод хийчихнэ. Тиймдээ ч дээр үед олон оюутан дипломоо авангуутаа Эрээн явж наймаанд орсон байх.
Нэг хэсэг нь дур сонирхолтой наймаагаа зовж байсан ч амжилттай хийж аз жаргалтай, бэл бэнчинтэй амьдарцгааж байхад нөгөө хөөрхий хэсэг нь хүчээр ажилласаар л. Ямар ч амьдралын идэвхгүй, “зомби” шиг аз жаргалгүй. Жишээ татахад Английн хөдөлмөр хариуцсан газраас хийсэн судалгаагаар гурван ажилтан тутмын хоёр нь ажлаа хаяхад бэлэн хэмжээнд хүртлээ ажлаасаа залхсан гэнэ. Мэргэжлээ зөв сонгосон бол ийм асуудал гарахгүй байсан байх аа.
Хөгжингүй орнуудыг ажиглахад дээд боловсрол шаарддаггүй ажлын байруудаар дүүрэн. Гудамжаар таарсан хүмүүсийн зарим нь дээд боловсрол байтугай дунд боловсрол ч үгүй байдаг. Тэгсэн мөртлөө гэр оронтой, унах унаатай, аз жаргалтай амьдран сууцгааж байна.
Их дээд сургуулийн төлбөр нь үнэгүй эсвэл маш хямдхан байхад ч хүчээр сурдаг оюутан байхгүй. Яг л өөрөө хүссэн бол элсдэг тогтолцоотой. Эцэг эх, асран хамгаалагч нар нь хүртэл хүүхдийнхээ санааг нь сонсож, сонголтыг нь хүндэлдэг. Угаасаа 18 хүрээд л тусдаа бие даасан хувь хүн болно шүү дээ. Өөрөө өөрийнхөө амьдралыг шийдэх нь зүйтэй. Харин гэрийнхэн туслах, дэмжих, санаа солилцох нь зүйтэй.
Нэгэн тод жишээ санаанд буулаа. “Тусгай салаа” киноны гол дүр Сүлд. Тэрээр уг нь нисгэгч болох хүсэлтэй залуу. Гэвч аав нь өөрийнхөө уурхайн үйлдвэрээ өвлүүлэх зорилгоор хүүгээ ашигт малтмалын сургуульд хүчээр сургадаг. “Дургүйд хүчгүй” гэдгийн адил Сүлд хичээлээ үргэлж тасалж, сурсан юм ч үгүй байж байгаад цэрэгт явдаг.
Тэгэхээр, хүн дээд боловсролгүйгээр амьдарч чадахгүй хэмээн та өөрийгөө дэмий хүчлэх хэрэггүй. Учир нь тэгж хүчээр хуурмаг сурч байснаас өөрийн хүссэн зүйлээ хийн “сайхан” амьдарч болох юм. Сайхан амьдарна гэдэг дипломтой байхыг хэлэхгүй ээ. Хүссэн ажлаа хийж, шударга, үнэн зөв, энгийн амьдрахыг хэлнэ шүү. Дахиж хэлэхэд, дээд боловсрол хүн бүрт шаардлагатай биш. Та амьдралынхаа төлөвлөгөөг дахиад нэг бодоод үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх