Спортын ертөнцөд: Себастиан Феттел “Феррари” багийг орхино


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-05-23

Спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

СЕБАСТИАН ФЕТТЕЛ “ФЕРРАРИ” БАГИЙГ ОРХИНО

“Формула 1”-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг нисгэгчдийн нэг, дэлхийн дөрвөн удаагийн аварга Себастиан Феттел энэ улирлын тэмцээнийг дуусгаад Италийн алдарт “Феррари” багийг орхих болсноо мэдэгдлээ. 

Герман нисгэгч маань 2015 оноос хойш “Феррари” багийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаануудад оролцсоор ирсэн бөгөөд энэ хугацаанд багийнхныхаа хамт нийт 14 удаа Гран при тэмцээнд түрүүлсэн ч дэлхийн аваргын тэмцээнд нэг ч удаа түрүүлж байгаагүй билээ. Шинжээчид энэ л шалтгааны улмаас түүнийг багаа орхих болсон гэж үзэж байгаа юм.

Алдарт нисгэгч маань багаа орхих болсноо зарласны дараа “Феррари” баг түүнийг орлуулахаар алдарт Карлос Сайнцын хүү, Раллигийн ДАШТ-ний хоёр удаагийн аварга, “МкЛарен” багийн нисгэгч Карлос Сайнц Жуниортой гэрээ байгуулав.

Ингэснээр тэрээр 2021 оны улирлаас эхлэн улаан өмсгөлийг Шарль Леклерийн хамтаар өмсөн уралдахаар болж байна. Харин Их Британиийн “МкЛарен” баг түүнийг орлуулахаар нисгэгч Даниель Риккардотой гэрээ хийлээ.

“Формула 1”-ийн 2021 оны улирал ч сонирхолтой болох нь дээ.

“ДЭЭД ЛИГ 2020” ИРЭХ САРД ЭХЭЛНЭ

Монголын хөлбөмбөгийн 2020 оны дээд лиг зургадугаар сард эхлэхээр болсныг Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ) мэдэгдлээ.

Хэдийгээр “Дээд Лиг 2020” тэмцээн дөрөвдүгээр сарын 18-нд эхлэн гурван тойргийн системээр явагдах байсан ч "COVID-19" цар тахлын улмаас хойшлогдон, ирэх сарын 5-наас аравдугаар сарын 31-нийг хүртэл хоёр тойргийн системээр явагдахаар болжээ.

Өнгөрсөн жил дээд лиг 2.5 тойргийн систем буюу баг бүр бусад багуудтай хоёр, хоёр тоглолт хийж, хамгийн их оноотой таван баг болон бага оноотой таван багууд дахин хоорондоо нэг, нэг тоглолт хийх зарчмаар явагдаж “УЛААНБААТАР СИТИ” клуб лигийн аваргаар тодорсон билээ.

Дээд лигт нийт 10 баг оролцох бөгөөд баг тус бүр эзэн болон зочин тоглолтоор нийт 18 тоглолт хийн, улирлын төгсгөлд хамгийн их оноог цуглуулж чадсан баг нь аваргаар тодрох юм. Дээд лигт түрүүлсэн баг 50 сая төгрөгийн шагналыг авах ажээ. Харин аравдугаар байранд шалгарсан баг нэгдүгээр лиг рүү унах бол есдүгээр байранд орсон баг нэгдүгээр лигийн мөнгөн медаль хүртсэн багтай хоёр нэмэлт тоглолт хийн, дээд лигт үлдэх эсэхээ шийдвэрлэх юм.

БУНДЕСЛИГИЙН 26-Р ТОЙРОГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Эцэст нь хөлбөмбөг эргэн ирлээ. Германы хөлбөмбөгийн дээд ангилал Бундеслигийн 26-р тойрог "COVID-19" цар тахлын улмаас хоёр сар гаруй хугацаанд хойшлогдсоны эцэст өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдлаа. 

Алдарт Рурын дерби буюу Боруссия Дортмунд болон Шальке 04 багуудын хоорондын тоглолтоор энэхүү тойрог эхэлсэн юм.

Тоглолтын эхний гоолыг 29 дэх минутад Боруссия Дортмунд клубийн 19 настай довтлогч Эрлинг Хааланд оруулсан. Энэ нь түүний Бундеслигт оруулж буй 10 дахь гоол болсон бөгөөд тэрээр ердөө есөн тоглолтод л оролцоод байгаа юм. Тоглолт 4:0-ийн харьцаатайгаар Боруссия Дортмунд клубийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд 45 болон 63 дахь минутад Рафаэл Геррейру 2 гоол хийсэн бол Бельги жигүүр Торган Азар 48 дахь минутад гоолдсон. Ингэснээр Боруссия Дортмунд клуб 54 оноотойгоор хүснэгтийн хоёрдугаар байраа хадгалж чадсан бол Шальке 04 клуб наймдугаар байр луу уналаа.

Харин хамгаалагч Ханс Дитер Флик дасгалжуулагчтай Байерн Мюнхен клуб нийслэл хотын баг Юнион Берлиний талбайд зочлон тоглож 2:0-ийн харьцаатайгаар хожин цомын эзэн боллоо. Тоглолтын 19 дахь минутад Герман хагас Томас Мюллер гоолдсон боловч отон тоглолт гэж үзсэн учир тооцоогүй юм. Харин 40 дэх минутад тоглолтын тооны харьцааг Польш довтлогч Роберт Левандовский нээсэн бол 80 дахь минутад Бэнжамин Павард багийнхаа 2 дахь гоолыг хийсэн. Энэхүү тоглолтын дараагаар Байерн Мюнхен клуб 58 оноотой буюу хоёрдугаар байранд яваа Боруссия Дортмунд багаас 4 оноогоор илүүрхэж хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.

“ТОКИО 2020” НААДАМД ЗОРИУЛАН 800 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

Хүн төрөлхтний спортын хамгийн том наадам болох олимпийн наадам энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зохиогдох байсан боловч мөн л "COVID-19" цар тахлын улмаас 2021 оны зун хүртэл хойшилсон билээ. 

Үүнээс шалтгаалан Япон улс санхүүгийн хувьд асар том алдагдлыг хүлээх болоод байгаа юм. Харин энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) ирэх жил хүртэл хойшилсон олимпийн зохион байгуулалтын ажилд 800 сая ам.долларыг зориулахаар болсон байна.

Япон улс 650 ам.долларын санхүүжилтийг авах бол үндэсний болон олон улсын спортын хороод 150 сая ам.долларыг авахаар болсон байна. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын мэдэгдсэнээр энэхүү санхүүжилт нь тамирчид болон арын албаны ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд зарцуулагдах аж.

32 дахь удаагийн зуны олимпийн наадам хэдийгээр 2021 онд зохион байгуулагдахаар хойшлогдсон боловч “Токио 2020” нэрийн дор, спортын 33 төрөлд, нийт 11'000 гаруй тамирчдыг оролцуулах билээ.

Эх сурвалж: BBC, Skysports, ESPN, Guardian

#Спортын ертөнцөд #Бундеслиг #Формула #Олимп