“Би БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ болмоор байна”


ССҮТөв | YOLO.MN
2017-03-10

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би багаар ажиллах чадвартай болмоор байна”

Сайн байна уу? Надад нэг асуудал тулгараад байна л даа. Юу гэхээр надад бусдын хийсэн зүйл огтхон ч таалагддаггүй. Ялангуяа багаар ажиллах хэрэг гарвал хүүхдүүд найзуудын хийсэн юмнууд сэтгэлд нийцдэггүй. Гэхдээ ийм асуудал гарах бүрт бусдыг шүүмжилж , урмыг нь хугалмааргүй байдаг. Бас тэдний магтахад ч хэцүү юмыг нь хараад үнэхээр хэцүү байдалд ордог.

Хэрвээ ийм хэвээрээ байвал багийн ажил баллана гээд бараг бүгдийг нь өөрөө хийчихдэг. Ингээд өөрөө хийсний эцэст сая нэг сэтгэл амарч сайхан болдог. Бас миний хийсэн зүйлс бусдын сэтгэлд нийцдэг ч энэ хэвээрээ ганцаараа хийгээд баймааргүй байна. Өөрөө хийх тусам бусад хүүхдүүдийн идэвх багасаж, бүх ажлыг надад орхиод явчихдаг. Энэ дутагдлаа эртхэн засахгүй бол том болоод ажил дээр гарахад багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй байдаг.  Надад зөвлөгөө өгөөч!

ЗӨВЛӨГӨӨ: Бусдыг урамшуулж дэмжин, хийсэн зүйлсийг нь голохгүй сайшаах талаас нь харилцаарай

Захидал илгээсэнд баярлалаа. Багаар ажиллахын тулд бусдыг дэмжиж хийсэн зүйлийг нь шүүмжлэх биш харин санаа нэмэх аргаар бусдыг сэдэлжүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл чи үүнийг буруу хийсэн байна гэхээсээ илүү “ингэж хийвэл яаж байна?”, “Чиний бодлыг сонсъё?” “Нээрээ энэ арга давгүй юм байна, гайхалтай санаа байна” гэх мэтээр бусдыг урамшуулж мөн дэмжиж хийсэн зүйлсийг нь голохгүй сайшаах талаас нь харилцвал илүү үр дүнтэй юм.

Эхэндээ энэ чамд хэцүү санагдаж магадгүй гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ байдал чамд таалагдаж бусадтай хамтран ямар нэгэн зүйл хийхэд хүндрэл бага учирна. Мөн нөгөө талаас чиний онцлог шинж бусдыг дагуулж хамт олноо удирдах тийм чадвар ч юм билүү өөрийгөө нэг ажиглаж үзээрэй. Ингээд чамд хамт олноо дагуулсан мундаг удирдагч, хамтрагч болохыг хүсье.
 
 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Зөвлөгөө өгсөн Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн туслах сэтгэл судлаач Б.Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

 

#Problem #Class #School #Leader #Teenagers