ЗАХИДАЛ: Би нийгмээс ТУСГААРЛАГДСАН НЭГЭН, гэрээсээ ч гарах дургүй


ССҮТөв | YOLO.MN
2017-09-04

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Гадаа гарахаар бүх хүн намайг хараад байгаа юм шиг санагддаг

Гэрээс гарах дургүй. Гэрээс гарахаар гадаа байгаа хүмүүс бүгд над руу хардаг гэж боддог.

Сайн байна уу ? Намайг Г… гэдэг. Би одоо 14-н настай. Би уйдамхай зантай л даа. Энэ зангаа арилгах бүх аргыг хэрэглэсэн, гэвч огтоосоо зогсоож чадахгүй байна. Би энэ жил найз охинтой болсон юм л даа. Гэвч эхний хоёр гурван хоног надад сайхан байсан ч хэд хоногийн дараагаас салах хүсэл төрж эхэлсэн. Үүнийг яаж зогсоох вэ? Би бас ерөнхий ичимхий зантай. Нийгмээс тусгаарлагдсан гэх үү дээ. Гэрээс гарах дургүй. Гэрээс гарахаар гадаа байгаа хүмүүс бүгд над руу хардаг гэж боддог. Дотроо юу гэж боддог бол гэж маш их эмээдэг юм. Энэ байдлаа хаямаар байгаа ч даанч чадахгүй байна. Үүнийг хэрхэн зогсоох вэ ? Надад туслаач?

ЗӨВЛӨГӨӨ: Сөрөг мэдрэмжүүдээс салахын тулд хийх дуртай зүйлтэй байх хэрэгтэй

Ялангуяа гэртээ ихэнх цагийг өнгөрөөдөг хүмүүс тав тухтай өөрийнхөөрөө байх орчин буюу гэртээ дасчихсан байдаг учраас гадуур явж нийгмийн харилцаанд ороход ичих, биеэ барих нь улам ихэсдэг.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа.
1. Найз охинтойгоо эхний хэдэн өдөр яагаад сайхан байсан бэ? Чи түүнтэй хамт байхад юу бодож мэдэрч байсан бэ, юуны талаар ярилцаж байсан бэ? Энэ чамд таатай байсан уу? Дараа нь яагаад чамд салах хүсэл төрсөн бэ? Яг ямар үед ямар нөхцөлд салах мэдрэмж илүү их төрж байна вэ? Түүний ямар үйлдэл чамд таалагдахгүй байна? Үнэхээр чи хүсэж үерхсэн үү аль эсвэл сэтгэл хөөрлөөр хандсан уу? Өөрөөсөө энэ бүх асуултыг асуугаад хариулаад нэг үзээрэй. 

2. "Бүгд над руу хардаг" гэж байна. Энэ байдал чинь хэзээнээс эхэлсэн бэ?  Ер нь ихэнх хүмүүст ялангуяа өсвөр насныханд бусад хүн өөрийг нь ажиглаад байгаа юм шиг мэдрэмж их төрдөг. Ялангуяа гэртээ ихэнх цагийг өнгөрөөдөг хүмүүс тав тухтай өөрийнхөөрөө байх орчин буюу гэртээ дасчихсан байдаг учраас гадуур явж нийгмийн харилцаанд ороход ичих, биеэ барих нь улам ихэсдэг. Тиймээс үүнээс сэргийлэх, багасгах нэг арга нь гадуур олон нийттэй харилцах цагаа ихэсгэх юм. Жишээ нь, дэлгүүрээс юм авахдаа худалдагчтай мэндлэх, баярлалаа гэж хэлэх гэх мэт. Хүн айдаг, сандардаг зүйлтэйгээ олон дахин нүүр тулах тусам айх, сандрах мэдрэмж нь суларч арилдаг. Хэрвээ эдгээрийг хийгээд ч үр дүн гарахгүй бол сэтгэл судлаачтай уулзаж ярилцах хэрэгтэй. Бас үнэхээр чамайг ажиглаад чиний тухай бодоод байна уу эсвэл чамд ингэж санагдаад байна уу гэдгийг нэг бодоод үзээрэй. Ихэнхдээ бусад хүмүүс өөрсдийн ажил амьдралыг бодон завгүй явдаг учраас бусдыг анхаарах нь бага байдаг. Тиймээс энэ нь зөвхөн чиний л бодол байх магадлал өндөр юм.

3. Өөрт чинь үүсээд байгаа таагүй бодол болон үйл явдлын эсрэг юу туслах вэ? Хүн аливаа сөрөг мэдрэмжүүдээс салахын тулд хийх дуртай зүйлтэй байх хэрэгтэй. Өөрийн хийх дуртай зүйлээ хийж, цааш хөгжүүлснээр сэтгэл зовнисон бодол үйл явдлууд аяндаа холдоод ирдэг. Тиймээс чи хийх дуртай зүйлээ хийхийг хичээгээрэй. Хэрэв хийх дуртай зүйл байхгүй бол чамд тохирох спорт, дугуйлан судлаарай.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Society #Shy #Teenagers