Сайн чанарын УСНЫ САВ сонгоход тань туслах зөвлөгөө


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-08-26

Бид цар тахлын улмаас хоёр жил гаруйн хугацаанд гэрээсээ ажиллаж суралцсан билээ. Энэ жилийн хувьд танхимаар хичээллэж эхлэх болсонтой холбоотойгоор хичээлдээ олон цагаар масктай суухад шингэний дутагдалд орох эрсдэлтэй байна. Ийнхүү оюутан сурагчид дахин ашиглаж болох усны савыг биедээ авч явах нь эрүүл мэнд болоод мөнгө санхүүгийн хувьд ч ашигтай учраас чанартайг нь хэрхэн сонгох талаар зөвлөгөөг энэхүү нийтлэлээрээ хүргэхээр шийдлээ. 

ЯАГААД ЗААВАЛ ДАХИН АШИГЛАДАГ САВ ГЭЖ? 

Дахин ашиглах боломжтой усны сав худалдаж авах нь хуванцар хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх эхний алхам юм. АНУ-д л гэхэд нэг минут тутамд нэг сая ширхэг хуванцар сав худалдаалагддаг. Харин дэлхийн хэмжээнд авч үзвэл бид нийт хуванцар хаягдлын ердөө есхөн хувийг дахин боловсруулж чаддаг гэсэн тооцоо бий. Мөн нэг удаагийн хуванцар саванд нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлөх, хөхний хорт хавдар үүсгэх тэргүүтэй эрсдэлтэй химийн нэгдэл агуулагддаг.

Иймд хүнсний дэлгүүрээс савласан ус худалдаж авахаас илүүтэйгээр дахин ашиглаж болох усны савыг сонгосон нь хамаагүй дээр байгаа биз?

1. ЗОРИУЛАЛТ

Дэлгүүрийн лангуунд маш олон төрлийн усны сав өрөөстэй байх тул чухам ямрыг нь сонгох вэ гэдэг нь асуудалтай. Тиймээс чи өөрөө ямар үед түлхүү ашиглах вэ гэдгээ сайтар эргэцүүлээрэй. Хичээлдээ явахдаа юу? Дасгал хийхдээ юу? Ихэвчлэн хүйтэн, бүлээн ус уудаг уу? Халуун чацарганаа ч хийж уумаар байна уу? 

2. ХЭЛБЭР, ХЭМЖЭЭ

Зориулалтаа тодорхойлсны дараа анхаарал хандуулах ёстой зүйл бол багтаамж юм. Ердийн үед хэрэглэх бол 0.5-1 литр хүртэлх багтаамжтайг сонгох нь тохиромжтой. Хичээлдээ явахдаа голчлон ашиглах бол хэлбэрийн хувьд ямар ч байсан болно оо. Харин дасгал хийх, ууланд авирах, явган аялал хийх бол хэмжээ томтой, зарим үед гарандаа дүүжлээд явах уяатай байвал илүү тохиромжтой. 

3. АМСАР

Бидний ус хэр тогтмол уух нь усны савны амсараас бага ч атугай хамаардаг гэвэл итгэх үү? Ус уух гэхээр л амны хажуугаар ус гойжоод, эсвэл цүнх савандаа хийхээр асгараад байвал тухайн савыг байнга ашиглах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс уухад эвтэйхэн, сайн таглагддаг, онгойлгоход тийм ч их хүч зарцуулагддаггүй байх нь тохиромжтой. 

4. МАТЕРИАЛ

Усны савыг ихэвчлэн хуванцар, зэвэрдэггүй ган эсвэл шилэн материалаар хийдэг. Хуванцар савны хувьд хөнгөхөн бөгөөд авч явахад авсаархан зэрэг давуу талтай. Гэвч зарим хуванцар саванд чихрийн шижин, хорт хавдар үүсгэдэг бисфенол А (BPA) хэмээх химийн бодис агуулагддаг аж. Ийм учраас аль болох хуванцар савнаас зайлсхийх хэрэгтэй. Хэрэв үнэхээр авах шаардлагатай бол "BPA FREE" гэх шошготойг нь сонгоорой.

Шилэн сав эрүүл мэндэд эрсдэлгүй, усны амтанд нөлөө үзүүлдэггүй. Сул тал нь дулаан барихгүй, амархан хагарах эрсдэлтэй. Мөн усны сав дотроос хамгийн хүнд нь шилэн сав байдаг.

Өдөр тутмын хэрэглээнд хамгийн тохиромжтой усны сав бол зэвэрдэггүй ган материалаар хийсэн дулаанаа барьдаг усны сав. Хэрэв та дахин ашиглах боломжтой хуванцар савыг ашиглахаар шийдсэн бол хоёроос гурван жил тутамд солих, мөн элэгдэж байгаа эсэхийг нь тогтмол шалгаж хэвшээрэй. 

Эх сурвалж: Minimal Bottle

#Зөвлөгөө #Эрүүл мэнд #Усны сав