YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Мэргэжил сонголтын талаар тасралтгүй ярих боллоо
Сайн байна уу. Би 14 настай, эмэгтэй. Би энэ жил 9-р ангиа төгсөнө. Тийм болохоор гэр бүлийнхэн маань мэргэжил сонголт, их сургуулийн талаар тасралтгүй ярих болсон. Тэд намайг их сургуульд заавал орж, дээд мэргэжил сонгох хэрэгтэй гэдэг. Харин би тэдний амыг дагуулан АШУҮИС-д орж эмч болно гэдэг ч энэ сонголтдоо сэтгэл хангалуун бус байна.
Би заавал дээд мэргэжил эзэмшиж, амжилттай, мундаг хүн болмооргүй байна. Би зүгээр л аз жаргалтай, байгаадаа сэтгэл хангалуун эмэгтэй болохыг хүсэж байна. Гэхдээ ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй, гэр бүлийнхэнтэйгээ ч зөрчилдмөөргүй. Би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Сонгосон мэргэжил чинь таалагдахгүй бол цаашид хичээл зүтгэл гарахгүй байх магадлалтай
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Мэргэжил сонголт нь амьдралд гаргаж буй томоохон шийдвэрүүдийн нэг байдаг. Энэ сонголт чамд хэцүү санагдаж байгааг ойлгож байна.
Гэр бүлийнхэн чинь эмч болох шаардлага тавьж байгаа нь чамд таалагдахгүй байгаа бололтой. Сонгосон мэргэжил нь чамд таалагдахгүй байвал чамаас энэ мэргэжлээр цаашид суралцах сонирхол, хичээл зүтгэл гарахгүй байж болно. Тиймээс мэргэжлээ сонгохдоо илүү няхуур хандах хэрэгтэй.
Өөрийн хүссэн мэргэжлээ сонгон суралцаж, ажиллах нь сэтгэл ханамжтай, аз жаргалтай байдлыг бий болгоход тусалдаг. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ мэргэжил сонголтын талаар дахин ярилцаж, өөрийн сонирхлын мэргэжлийг хэлэх нь зүйтэй. Ингэснээр тэд чамайг ямар бодол, мэдрэмжтэй байгааг ойлгож цаашид зөв шийдэл, үр дүнд хүрэхэд тусална.
Хэрэв ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байвал өөрийн хийх дуртай зүйл болон хийж чаддаг зүйлсийн жагсаалтыг гаргаж хооронд нь харгалзуулаарай. Мөн хийх дуртай зүйлтэй нь холбогдож болох ямар мэргэжил байгааг судлаарай.
Хэрэв дээрх арга туслахгүй байвал мэргэжлийн сэтгэл судлаачид хандаж мэргэжил сонголтын оношилгоо хийлгэх боломжтой. Мэргэжлийн сэтгэл судлаач чамд мэргэжлээ сонгохтой холбоотой сонирхол болон ур чадварыг чинь тодорхойлоход тусална. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун
АСУУДАЛ: Тэд солонгос дуу сонсдогт минь дургүй
Сайн байна уу. Би 15 настай, эмэгтэй. Сүүлийн гурван жилийн туршид би солонгос хамтлагийн дуунуудыг сонсож, фэн нь болсон. Үүнийгээ гэр бүлийнхнээсээ нууж байсан ч олоод мэдчихсэн. Тэд наанаа нэг их цааргалахгүй байгаа ч цаагуураа тийм ч дуртай биш байдаг.
Харин сүүлийн үед би гэр бүлийнхэнтэйгээ их муудалцаж, үгийг нь үл тоох болсон. Улмаар хөндийрсөн. Хамаг юмаа нууж, олигтой ярилцахаа ч больсон. Зүгээр л ярьж байхад хэн нэгэн нь уурласнаар дуугаа өндөрсгөж, маргалдаад дуусдаг. Тэд нар “юм л бол нөгөө хэдэн солонгос юмнуудаа сонсоод, сэгсгэнэсэн хэдэн юмаа үзээд, нөгөө гомочуудаа” гэх мэтээр ярьдаг нь надад үнэхээр таалагддаггүй.
Энэ сонирхлоосоо болоод найзгүй болж ганцаардах боллоо. Фэйсбүүкийн цөөхөн найзуудын маань гэр бүл, найзууд нь сонирхлыг нь дэмждэг, хамт сонсдог гэх үед би их атаархаж ганцаарддаг. Би найзуудтай болж, гэр бүлийнхэнтэйгээ өмнөх шигээ дотно болохыг хүсэж байна. Гэхдээ тэгэхийн тулд заавал сонирхол, хоббигоо хаяг хэрэгтэй юу?
ЗӨВЛӨГӨӨ: Тэдэнд дуртай зүйлийнхээ талаар мэдээллийг өгөөрэй
Сайн уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөрийнхөө дур сонирхолтой зүйлийг гурван жилийн турш нуух нь чамд амаргүй байсан байх. Хүн болгоны хийх дуртай зүйл, сонирхол ялгаатай байдаг ч дур сонирхолтой зүйлээ хийх үед бүх хүмүүст адилхан таатай мэдрэмж төрдөг. Зарим хүмүүс зураг зурахаас таатай мэдрэмж авдаг бол зарим нь кино үзэх, хоол хийх, рок эсвэл кпоп дуу сонсохоос таашаал авдаг. Тийм болохоор солонгос дуу сонсох дуртай байх нь хэвийн зүйл.
Бид сайн мэдэхгүй байгаа зүйлээ ойлгодоггүй шүү дээ. Үүнтэй адил гэр бүлийнхэнд чинь чиний сонирхлын талаарх мэдээлэл байхгүй учраас ойлгохгүй байх магадлалтай. Тийм болохоор өөрийнхөө сонсож буй хамтлаг дуучдын талаарх мэдээллийг гэр бүлийнхэндээ өгөөрэй. Тухайлбал, солонгос хамтлагийн дуучид олон жил бэлтгэл хийж, тууштай хичээсний үр дүнд дуучин болдог, мөн тэд дуулахын хажуугаар кино, рекламд тоглох, сайн үйлсийн аян хийх, сурч хөдөлмөрлөх зэрэг олон үйл ажиллагаанд оролцдог талаарх мэдээлэл өгч түүнээс нь давхар суралцдаг гэдгээ харуулаарай.
Мөн солонгос дуу сонсож үгийг нь орчуулах хэлбэрээр солонгос хэл сурах, заавал эвсэлтэй байх албагүй ч бүжгийг нь сурч дасгал хөдөлгөөнтэй байх, дуу дуулж солонгос хэлээ зүгшрүүлэх гэх мэт олон давуу талуудыг нь харуулах боломжтой. Эдгээр нь чиний сонирхлыг улам баяжуулахаас гадна эргэн тойрны хүмүүс чинь чамайг ойлгож, сонирхлыг чинь хүлээн зөвшөөрөхөд туслах боломжтой.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун
АСУУДАЛ: Муугаар бодвол би найздаа хайртай ч байж магадгүй
Сайн байна уу. Би 16 настай, эрэгтэй. Би нэг охинтой найзлаад хагас жил болж байна. Тэр миний хамгийн сайн найз. Бид өдөр бүр чаталж ярилцдаг. Асуудал юу вэ гэвэл тэр намайг найзаа гэж тийм ч их боддоггүй юм шиг үйлдэл гаргадаг. Жишээлбэл, хичээл дээр хамт сууя гэхэд үнэхээр дургүй. Тийм болохоор дандаа өөр хүүхдүүдийг дагаад явчихдаг. Тэр надаас өөр хэд хэдэн найзтай ч тэд нар нь энд байдаггүй юм.
Тэр надаас санаа зовдог юм шиг санагддаг. Хүмүүс бид хоёрыг хамт байгааг харчихвал нэг нэгэндээ сайн гэж бодох байх гэж боддог ч юм уу. Уулзахаараа надаас зайгаа барьдаг. Миний хувьд сэтгэлгүй хүнд сэтгэл гаргаад байгаа юм шиг санагдаж байна. Тэр миний найз ч би түүний найз биш юм шиг. Уг нь тэр намайг хамгийн сайн найзуудынхаа нэг гэж хэлдэг ч энэнд нь итгэхэд бэрх. Магадгүй би анх удаа ийм сайн найзтай болчхоод баярлаад, бусдаас харамлаад, хэт өндрөөр үнэлээд, эргээд гаргасан үйлдэл нь сэтгэлд минь хүрэхгүй болохоор гомдоод байгаа байх.
Муугаар бодвол би найздаа хайртай ч байж магадгүй. Гэхдээ найзлаад удаагүй болохоор сэтгэл хөдлөлдөө автаад л ингэж байгаа байх. Сүүлдээ миний сэтгэл санаа түүнээс 100 хувь шалтгаалдаг болчихсон байна. Зайгаа барья гэхээр харьцмаар санагдаад үнэхээр хэцүү. Эрэгтэй, эмэгтэй найзууд ер нь ямар байх ёстой вэ? Би энэ байдлаас яаж гарах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Өөрт төрж буй мэдрэмжээ тодорхойлоорой
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Бид амьдралынхаа туршид найз нөхөд, хайр дурлал, гэр бүл, ажил хэргийн гэх мэт маш олон төрлийн харилцааг бусадтай тогтоодог. Магадгүй чи анх удаа ийм сайн найзтай болсон учраас тэр охинтой үүсгэсэн харилцаа болон өөрт төрж буй мэдрэмжээ ойлгохгүй байх боломжтой.
Чиний хувьд сайн найз ямар байх хэрэгтэй вэ? Хамгийн анх юу эсвэл ямар үйлдэл тэр хүнийг сайн найзаа гэж бодоход хүргэсэн бэ? Ямар учраас түүнд хайртай байж магадгүй гэж бодсон бэ?
Найз нөхөд болон хайр дурлалын харилцааны ялгааг товчхон тайлбарлая. Найзууд бие биенээ дэмжиж, хэрэгтэй үед нь тусалж, өөрсдийн сонирхол, үзэл бодол, мэдрэмжээ хуваалцаж, санаа тавьж, бие биенээ ойлгодог ба энэ нь хүйснээс хамаардаггүй. Мөн сэтгэл хөдлөл, мэдрэмж 100 хувь нэгнээсээ хамааралгүй байдаг.
Харин хайр дурлалын харилцаан дээр эрэгтэй эмэгтэй хүмүүс сэтгэл хөдлөл, мэдрэмжээрээ илүү холбогддог ба бие биенээ гунигтай үед нь гуниглаж, жаргалтай үед нь баярлаж, халамжилж, хэн нэгэнд хуваалцдаггүй бодол, мэдрэмжээ хуваалцаж бие биенээ ойлгодог. Өөрт төрж байгаа мэдрэмжээ тодорхойлоорой.
Хэрвээ чи түүнийг үнэхээр сайн найзаа гэж үзвэл чамаас зайгаа барьж байгаа нь таагүй санагдаж байгаа талаараа ярилцаад үзээрэй. Та хоёр бие биенээ буруу ойлгосон байх боломжтой шүү дээ. Харин хайртай болсон бол түүнийгээ илэрхийлэх эсэх нь чиний сонголт. Хэрэв илэрхийлэхээр шийдвэл ямар ч хариу сонссон бай тэр хүний гаргасан шийдвэрийг нь хүндэтгээрэй. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун
АСУУДАЛ: Бүгд миний буруу юм шиг санагдаж байна
Сайн байна уу? Би оюутан, дотуур байранд амьдардаг. Дотуур байранд амьдарч байх явцдаа дээд курсийн ахдаа хайртай болчихсон. Бид хоёр үерхэж байлаа. Энэ хөл хорионы үед бид хоёр гэр гэрлүүгээ явцгаасан ч гэртээ ирсэн нь зөв сонголт байсангүй. Хол байх хэрэгтэй болсон нь миний хувьд хэцүү санагдаагүй ч найз залуугийн минь хувьд хүнд байсан юм шиг санагдана.
Өмнө нь өдөр бүр уулзаж болох, болохгүй зүйлсээ ярилцдаг байсан бол тэгэхээ больсон. Хичээл гээд хоёулаа л их завгүй болж эхэлсэн. Байранд байхдаа хэдэн удаа салахаа шахсан. Найз залуу маань үргэлж л .намайг орхи гэдэг байлаа. Би салах бодолгүй гэдгээ хэлэх эсвэл уулзаад л эвлэрчихдэг байв.
Би түүндээ их хайртай. Энэ удаа бол тэр "би чамд сайн биш өөр хүнд хайртай" гээд салах талаараа хэлсэн. Би бардам зан гаргаж, гуйхгүй гэж шийдсэн болохоор сална гэхэд нь сайн сайхныг хүсээд л салсан. Гэхдээ надад хайргүй гэдэгт нь итгэж чадахгүй юм аа. Эхэндээ зүгээр Фэйсбүүк найз байж нэгнийхээ түүхийг үздэг байснаа намайг нэг л өдөр найзаасаа хасчихсан.
Харин одоо би хуурамч хаяг нээж түүнтэй найз болж нүүр хуудсынх нь түүхийг үздэг болсон. Өдөртөө бодох санах нь арай гайгүй. Өөрийгөө завгүй байлгах гэж их хичээдэг. Унтах гээд хэвтэхээр л бүх зүйлс бодогдож эхэлнэ. Нойргүй хонох үе их. Үүнээс шалтгаалаад хичээлдээ төвлөрөх минь сул болсон. Анхнаасаа салчихгүй дээ гээд өөрийгөө их буруутгах юм. Бүгд миний буруу юм шиг санагдаад.
Тэр маань эхэлж сургуулиа төгсөөд гадаадад сурах зорилготой. Тэгээд ирээд хамт амьдрах талаараа эсвэл цугтаа гадаадад суралцах талаараа надтай их ярьдаг байсан. Бид хоёрын хувьд ирээдүйгээ төлөвлөж чаддаг байсан гэж бодож байна. Би гэхдээ үргэлж айлын ганц охин болохоор аав ээжийгээ орхиж чадахгүй гэдгээ хэлж байсан. Тэр нэг удаа бүр хоёулаа ч бүрхэг юм даа гэж хариулж байсан юм. Би хувьдаа бол болгоно, бүтээнэ л гэж бодсон.
Өмнө нь хүнтэй үерхэж байгаад хууртагдаад салсан тухайгаа надад хэлж байсан. Магадгүй тэр нь өөрт нь шарх болсон юм болов уу? Энэ үед яах ёстой вэ? Ойрд ярилцах гэж их хичээж байна. Надтай харилцах бүхий л зүйлсээрээ блоклож, намайг илт түлхэж байгааг нь харахаар болих хэрэгтэй санагдах юм аа. Энэ эсвэл зүгээр л нэг өсвөр насны бэрхшээл юм болов уу?
ЗӨВЛӨГӨӨ: Тэр хүнийг тархи маань цаанаасаа шаардаж эхэлдэг
Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Хүмүүс өөрт нь аз жаргалтай, сайхан дулаахан мэдрэмж өгсөн хүмүүстэйгээ хамт байх замыг сонгодог. Тэр хүмүүстэйгээ цагийг удаан өнгөрөөж, бие биенийхээ хүсэл мөрөөдөл болоод үнэт зүйлсийг сонсож мэддэг болсноор бусад хүмүүсээс илүү онцгой харилцаатай болдог.
Аз жаргалтай мэдрэмж өгдөг байсан хүнээсээ холдож харилцаа холбоогүй болох нь бидний сэтгэл санаанд хүндээр тусдаг. Салалтын дараа бидэнд сайхан мэдрэмж өгдөг байсан хүнийг тархи маань цаанаасаа биднээс шаардаж эхэлдэг. Гэвч тэр хүнтэй хүссэн үедээ уулзаж чадахгүй тул, өөрөөр хэлбэл тархи хүссэнээ авч чадахгүй байгаа тул бухимдал бий болдог.
Өөрт чинь яг одоо бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэцүү байгаа болов уу. Бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа болохоор түүнийг өөрөөсөө тавьж явуулж чадахгүй, хуурамч хаяг ашиглаад түүнтэй холбоотой байхыг хичээгээд байгаа байх. Гэвч ингэлээ гээд өөрөө тайтгарал мэдэрч чадаж байна уу? Өөрийгөө улам бүр зовоогоод байгаа биш үү? Ингэлээ гээд тэр өөр дээр чинь буцаж ирэх үү?
- Таагүй үйл явдал тохиолдох үед өөрт чинь ямар сэтгэл хөдлөл бий болсон гэдгийг анзаарах буюу үүнийг байгаагаар нь хүлээн авах нь чухал. Таагүй мэдрэмж төрсөн бол уг мэдрэмжээ анзааран илэрхийлж гаргах хэрэгтэй. Тэр намайг орхисон нь үнэн. Надад хэцүү байгаа нь үнэн гэх мэт хэцүү байгаа мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрөх нь өөртөө бэлэглэж байгаа сэтгэлийн тайтгарал. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь харин өөрийгөө шийтгэж байгаатай адил өвддөг.
- Дотнын хэн нэгэнд сэтгэл санааныхаа байдлыг хуваалцаарай. Хуваалцахад хэцүү байна гэвэл бүх мэдрэмжүүдээ цаасан дээр бичээрэй. Дотор хуримтлагдсан мэдрэмжүүдээ гадагшлуулах тал дээр анхаараарай.
- Бусдаас хэт хамаарч наалдах зэрэг үйлдэл хийх нь биднийг эргүүлээд ганцаардсан мэдрэмжтэй болгодог. Хэн нэгэнд тоогдохгүй байлаа гээд өөрийн чинь үнэ цэн алдагдахгүй. Нэг хүн өөрөөс чинь зайгаа барьсан ч өөртөө зөөлөн хандаарай. Харилцаа ийм байх ёстой гэсэн цензур тавьж түүндээ хүрч чадахгүй байгаагаас болж өөрийгөө битгий голоорой, битгий зэмлээрэй. Өөрийгөө буруутгах хэрэггүй.
- Хэн нэгнийг хайрлана гэдэг нь авах гэхээсээ илүүтэй өгөх байдаг. Түүний сонголтыг хүлээн зөвшөөрөх нь түүнд өгч байгаа сүүлийн хайр гэж бодоорой. Бусдын сонголтод нөлөөлж чадаагүйгээсээ болж өөрийгөө зэмлэх хэрэггүй.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Сүүлдээ найз хэрэггүй ч юм шиг санагддаг боллоо
Сайн байна уу? Би 14 настай. Би өмнө жил нэг хүүхэдтэй зун байнга хамт тоглосоор сайн найзууд болсон юм. Гэхдээ сүүлийн үед хөл хорионоос болоод ээж аав маань намайг гадаа гаргахгүй байхад байнга л уулзъя гэх юм. Хааяа дэлгүүр гарахдаа л хальт уулздаг.
Сүүлийн үед тэр бид нарт “уулзахгүй юм, би хэцүү зүйл гуйгаад байна уу” гээд уурладаг болсон. Өнгөрсөн аравдугаар сард хичээлээсээ ирэх замдаа түүнтэй уулздаг байсан юм. Тэр үед эгчийн ажил дээр хичээл давтана гэж хэлээд явахаасаа өмнө дуу сонсож юм үздэг байсан. Эгч тэр хайлтуудыг хараад ээж аавд маань намайг хичээл хийхгүй, буруу хүүхэдтэй нийлээд байна гэж ховлоод их загнасан. Би тэр үед гомдоод үхмээр санагдаж байсан. Сүүлдээ найз хэрэггүй ч юм шиг санагдах болсон. Би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Хэрхэн хүлээн авах нь найзын чинь шийд
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Найздаа өөрийн нөхцөл байдлаа хэлсэн үү? Нийгмийн нөхцөл байдлаас болж гэрийнхэн маань гаргахгүй байна. Намайг ойлгоорой гэж найздаа илэрхийлсэн үү? Өөрийн нөхцөл байдлаа илэрхийлсэн бол өөрийн зүгээс хийж чадах зүйлийг хийсэн байна гэсэн үг. Яаж хүлээж авах нь найзын чинь шийд. Бусдын шийдвэрт бид шууд нөлөөлж чадахгүй шүү дээ. Биечлэн уулзаж чадахгүй хэдий ч онлайнаар эсвэл утсаар холбогдож ярилцах гэх мэт арга замуудыг найзтайгаа ярилцаарай.
Гэрийнхэндээ өөрийн бодлыг ч мөн илэрхийлээрэй. Өөрийн бодлыг гэрийнхнээсээ нуугаад эхэлсэн бол цаашид ч ярихгүй өөрийгөө тусгаарлах гээд байдаг. Өөрийн мэдрэмжийг гадагшаа илэрхийлж байж бусад хүмүүс чамайг ойлгоно шүү дээ. Насанд хүрсэн хүмүүс ч төгс харилцааны чадвартай байж чаддаггүй тул тэднийг бас ойлгоорой. Захиан дээр бичсэн өөрийн мэдрэмжийг тэдэнд хэлээрэй.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх