М.Болдбаатар: Монголын түүх хичээлээр шалгалт өгөх 854 хүүхэд ирээгүй


Г.Гомбо | YOLO.MN
2021-08-19

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт Монгол улсын түүхийн хичээлээр эхэлсэн. Үргэлжлүүлэн 14:00 цагаас Англи хэлний шалгалт явагдаж буй. Шалгалтын явцын талаар Боловсролын үнэлгээний төвийн шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайханаас тодрууллаа. 

Тэрбээр "Монгол улсын түүхийн хичээлийн шалгалтад 3345 хүүхэд бүртгүүлсэн. Үүнээс 2491 хүүхэд буюу 74.4 хувь нь шалгалтад оролцлоо. Аймаг, хотоос ирүүлж байгаа мэдээгээр цар тахлын улмаас ирцэд нөлөөлсөн зүйл ажиглагдаагүй. Шалгалтад ирээгүй 854 орчим шалгуулагч ихэнх нь өмнөх онуудад ерөнхий боловсролын сургууль төгсөөд ажиллаж, хөдөлмөрлөж байгаад хүмүүс байна. Олон жилийн ирцийг аваад үзэхэд өмнөх оны төгсөгчид шалгалтдаа бүртгүүлсэн боловч ирдэггүй байдал ажиглагддаг. Энэ нь магадгүй ажил, хөдөлмөр эрхэлж буйтай холбоотой.

Улсын хэмжээнд энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 82 байранд зохион байгуулж байна. Үүний 42 хувь нь хөдөө орон нутагт, 40 нь Улаанбаатар хотод. Цар тахлаас шалтгаалан хүүхдүүдийн халууныг үзэж дотогш нэвтрүүлнэ. Энэ үед халуурах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл тухайн хүүхдээс тусгай ангид шалгалт авахаар төлөвлөсөн. Тусгай анги шалгалтын байр бүрт хоёр бий. Энэ ангид шалгалт авах шаардлага гарвал хянагч багш хамгаалалтын хувцас өмсөж, шалгалтыг зохион байгуулна. Мөн тухайн хүүхдийн явсан зам, маршрутад гэрээтэй компаниар дамжуулан ариутгал хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, хөдөө орон нутагт тусгай ангид шалгалт авсан мэдээлэл ирээгүй байна" гэв. 

Нийслэлд 42 байранд элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулж буй. Тухайлбал Сүхбаатар дүүрэгт найман сургууль дээр шалгалтын ажиллагаа явагдаж буй. Нийслэлийн 45 дугаар сургуулийн байранд Монголын түүх хичээлээр шалгалт өгөөд гарч ирж буй шалгуулагчдаас сэтгэгдлийг нь сонслоо. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад оролцож буй сурагчдын хувьд давтлага авах боломжгүй, цахимаар хичээллэсэн нь хүндрэлтэй байсныг хэлэв. 

116 ДУГААР СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ Б.ТЭМҮҮЛЭН: АППЛИКЕЙШНААР Л ИХ БЭЛДСЭН ДЭЭ

-Дөнгөж сая Монголын түүх хичээлээр шалгалт өгөөд гарч ирлээ. Даалгавруудад нь үзэж байсан хичээлүүд багтсан байна. Надад тийм хүнд санагдсангүй. Хөл хорионоос болж гэрээр л бэлдэх шаардлага тулгарсан. Тийм болохоор жаахан хүндрэлтэй л байлаа. ЭЕШ өгөх хүүхдүүдэд зориулсан аппликейшнаар л их бэлдсэн дээ. Бас гэрийн багш авч, онлайнаар ч суралцсан. Миний хувьд нийт таван хичээлээр шалгалт өгч байгаа. Өндөр оноо авбал МУИС-д орж англи хэлний багш орчуулагч мэргэжлээр суралцана. 

116 ДУГААР СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ Б.ПҮРЭВЗАЯА: БИ НҮБ-Д АЖИЛЛАХЫГ МӨРӨӨДДӨГ

-Би нийгэм, монгол хэл, англи хэлний хичээлээр шалгалт өгнө. Англи хэл дээрээ гарын авлага авч байгаад дүрмээ судалсан. Ер нь англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бол эртнээс бэлдэх нь зөв юм билээ. Монгол хэлний хичээлдээ харьцангуй сайн. Харин нийгмийн хичээлээ их уншсан. Олон янзын аппликейшн татаж аваад их хичээж бэлдлээ. Чадвал МУИС-д, чадахгүй бол Улаанбаатар их сургуульд олон улсын харилцаагаар суралцана. Би НҮБ-ын төлөөлөгчөөр ажиллаад дэлхийн улс, орнууд тэр дундаа Афганистанаар аялж үзэхийг мөрөөддөг. 

Бүртгэлд хамрагдсан ихэнх хүүхдүүд 2-3 хичээлээр ЭЕШ өгч байгаа гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Хүүхдүүд шалгалтаа өгсөн даруйд 82 шалгалтын байранд шууд засалтын үйл ажиллагааг явуулна. Ингээд шалгалт өгснөөс хойш 20-30 минутын дотор системд анхны дүн оноог оруулдаг. Маргааш өглөө бүх аймгуудаас шууд засалтын дүнг авч нэгтгэсний дараа хэмжээст оноог зарлах аж.

Улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад давхардсан тоогоор 10250 багш, эмч, эмнэлэг боловсролын байгууллагын ажилтнууд ажиллаж байна. 

#Боловсрол #ЭЕШ