Оюутан байх хугацаандаа хэр их хөдөлмөрлөж чадсанаас хамаарч ирээдүйн амьдрал нь шийдэгддэг гэдэгтэй маргах нэгэн байхгүй биз ээ. Сонгосон мэргэжилдээ дурлаж, сурч мэдсэн зүйлсээрээ эх орондоо хувь нэмрээ оруулах хүсэлтэй олон залуусын төлөөлөл М.Өэлүн охинтой ярилцлаа.
“Хичээсэн хүн бүрд шагнал байдаг” хэмээн ярих тэрээр оюутан болсон цагаасаа хойш тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тасралтгүй хамрагдаж, Герман, Хятад улсад зохиогдсон зуны хөтөлбөрүүдэд шалгарч, Өглөөний клубыг үүсгэн байгуулж байжээ. Түүнийг оюутан байх хугацаандаа өөрийгөө олон талаараа хөгжүүлэх боломж, суралцах таатай орчин нөхцөлөөр хангаж өгсөн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд талархлаа илэрхийлэх нь зүй ёсных биз ээ.
YOLO: Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Хүрээлэн буй орчны инженер гэдэг мэргэжил их сонирхолтой санагдаж байна. Мэргэжлээ хэрхэн сонгосон талаар болон мэргэжлийнхээ тухай бидэнд дэлгэрэнгүй ярьж өгөөч.
- Дунд сургуулиа төгсөх үед надад суралцахыг хүссэн хэд хэдэн их сургууль байсан. Орохыг хамгийн их хүсэж байсан сургууль бол Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль байсан. Яагаад гэвэл энэхүү сургуулийн сургалтын хөтөлбөрүүд нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн, бүх хичээл нь англи хэл дээр заагддаг, оюутны хотхонтой, Герман болон Хятад улсад зуны сургалтад хамрагдах боломжтой, мэргэжлийн дадлагаа олон улсад хийдэг зэрэг нь надад маш их таалагдсан. Миний хувьд сургуулиа эхэлж сонгоод дараа нь мэргэжлээ сонгосон гэж хэлж болно.
Намайг 1-р курсэд элсэж ороход оюутнуудын дунд чиглүүлэх долоо хоног зохион байгуулагдсан юм. Тухайн үед герман профессоруудын маань танилцуулсан сургалтын хөтөлбөрүүдээс надад хамгийн их таалагдсан мэргэжил нь хүрээлэн буй орчны инженер. Түүнээс хойш би сонгосон мэргэжилдээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. Мэргэжлийн хичээлээ судлах тусам мэргэжилдээ улам дуртай, итгэлтэй болсон.
Хүрээлэн буй орчны инженер нь байгаль орчинд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй аливаа нөлөөллийг судалж үзээд, түүнийг сайжруулах, засаж залруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд инженерийн мэдлэг, чадвараа ашигладаг. Манай сургуулийн хүрээлэн буй орчны хөтөлбөр нь нэн ялангуяа маш өргөн агуулгыг хамардаг. Жишээлбэл: газар зүй болон хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежмент буюу ус, хөрс, агаарын бохирдлыг хянах, бууруулах, хатуу хог хаягдлыг дахин боловсруулах, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх зэрэг асуудлыг судалдаг. Миний хувьд усны менежмент, хаягдал усыг цэвэрлэх зэрэг хичээлдээ илүү сонирхолтой байсан учраас “Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх технологи” гэсэн сэдвээр дипломын ажлаа бичиж байна.
Германы Дрезден хотын аялал – 2018 оны МГТИС-ийн тэтгэлэгтэй Зуны хөтөлбөр
Германы Дрезден хотын аялал – 2018 оны МГТИС-ийн тэтгэлэгтэй Зуны хөтөлбөр
YOLO: Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд суралцсанаар Герман болон Хятад улсад зуны сургалтад хамрагдах боломжтой байдаг гэлээ. Энэхүү хөтөлбөрүүд нь ямар шалгууртай байдаг вэ?
- Герман улсад зохиогддог зуны хөтөлбөрт 1-р курсийн оюутнууд 14 хоногийн турш хамрагддаг. Сургалтын бүх зардлыг цаанаасаа даадаг учраас нэг төрлийн тэтгэлэг гэж хэлж болно. Нийт 15 оюутныг “Яагаад энэхүү зуны хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байна вэ?” гэдгээ илэрхийлсэн эсээ, мөн сурлагын амжилт буюу голч дүнг харгалзан үзээд хамруулдаг. Харин 2-р курсийн зуны амралтаар нийт 5 оюутан Хятадын Шу Жөү Уул уурхай, технологийн их сургуулийн зуны хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг.
Миний хувьд Хятадад хамрагдсан зуны сургалт их сонирхолтой байсан. Яагаад гэвэл 14 өөр улсаас ирсэн доктор, магистр, бакалаврын түвшний оюутнуудтай нөхөрлөх, бие биенээсээ суралцах боломжтой байсан. Зуны сургалтад хамрагдсанаар тухайн сургуультай танилцаж, сургалтад хамрагдахын хажуугаар аялах, соёлоос нь суралцах боломжтой нь хамгийн гоё санагдсан.
ХБНГУ Фрайберг хотод сурч, амьдардаг Монголчуудын хамт – 2018 оны МГТИС-ийн тэтгэлэгтэй Зуны хөтөлбөр
ХБНГУ Фрайберг хотод сурч, амьдардаг Монголчуудын хамт – 2018 оны МГТИС-ийн тэтгэлэгтэй Зуны хөтөлбөр
YOLO: Суралцаж байх хугацаандаа олон тэтгэлэгт хамрагдаж байжээ. Германы Эрдмийн Солилцооны Албаны (DAAD) тэтгэлгийг жил дараалан авч байсан чинь анхаарал татлаа. Сургуулийнхаа болон уг тэтгэлэг авахад ямар шалгуур байдаг вэ?
- Сургуулийн маань оюутнууддаа олгодог хамгийн том боломжуудын нэг бол яах аргагүй тэтгэлэг. Нийт оюутнуудын 40 орчим хувь нь Германы Эрдмийн Солилцооны Албаны (DAAD) болон Монголын засгийн газрын санхүүжилттэй Монгол - Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн нэрэмжит тэтгэлгээр суралцдаг. Миний хувьд 1-р курсдээ сургуулийнхаа нэрэмжит тэтгэлгийг хоёр семестрийн турш авч байсан. Харин сүүлийн гурван жил DAAD-ын тэтгэлгээр суралцаж байна.
Сургуулийн нэрэмжит тэтгэлэг маань улирал бүр зарлагдаж сургалтын төлбөрөөс 100 хүртэлх хувиар хөнгөлдөг. DAAD-ын тэтгэлгийн хувьд жилд нэг удаа зарлагддаг ба сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөс гадна сар бүрийн амьжиргааны тэтгэлэг 200 евро олгодгоороо давуу талтай. Тэр ч утгаараа шалгуур нь ч гэсэн өндөр. Аль аль тэтгэлгүүд маань сургалтын амжилт буюу голч оноо, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцсон байдлыг шалгуур болгож үздэг. Миний хувьд тэтгэлэг гэдэг бол хичээнгүйлэн суралцаж сурлагын амжилт гаргахаас гадна өөрийгөө олон талаар нээн хөгжүүлж, олон зүйлийг шинээр сурч мэдсэний үр дүнд ирдэг шагнал гэж боддог. Хүн өөрийгөө бүрэн хэмжээнд дайчилж чадвал боломжгүй зүйл гэж байхгүй гэж боддог доо.
YOLO: Тэтгэлгийн гол шалгуурт өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн байдлыг харгалзаж үздэг гэлээ. Чиний хувьд чөлөөт цагаараа өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? Сургууль дээрээ ямар нэгэн клубд хамрагддаг уу?
- Би өөрийгөө аль болох олон талаас нь нээж хөгжүүлэх дуртай. Тийм ч учраас аливаа шинэ боломжийг үргэлж нээлттэй хүлээж авдаг. Оролдож үзээгүй байж “Би үүнийг хийж чадахгүй байх даа” гэж өөрийгөө хязгаарлах дургүй. Бид сургууль дээрээ спорт, урлаг болон хувь хүний хөгжлийн маш олон төрлийн клубүүдэд хамрагдах боломжтой байдаг. Инженерийн сургууль мөртлөө амьд хөгжмийн хамтлаг хүртэл бий. Хэрвээ тухайн оюутны сонирхсон клуб нь байхгүй бол шинээр үүсгэн байгуулах ч боломжтой.
Миний хувьд 1-р курсдээ “Өглөөний клуб”-ийг үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж байсан. Энэ жил төгсөх учраас дараагийн удирдагч оюутнаа бэлдэх төлөвлөгөөтэй байна. “Өглөөний клуб” маань “эртэч, эрүүл, идэвхтэй” амьдралын хэв маягийг сургуулийнхаа оюутнуудын дунд түгээн дэлгэрүүлэх, тэднийг өглөөний хүн болоход уриалан дуудах зорилготой. Өглөөдөө дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох болон хувь хүний хөгжлийн үйл ажиллагааг оюутнуудынхаа дунд тогтмол зохион байгуулдаг.
Сурагч байхдаа олны өмнө гарахаар ичиж сандраад, бэлдсэн зүйлээ ярьж чаддаггүй байсан. Их сургуульд элсэж ороод үүнийгээ засахын тулд “Мэтгэлцээний клуб”-т элсэж орсон. Мэтгэлцээнээр хичээллэснээр өөрийгөө бүрэн гүйцэд илэрхийлэх, аливаа асуудлыг олон өнцгөөс харах чадварт маш сайн суралцсан. Энэ клубд элсэх болсон өөр нэгэн шалтгаан гэвэл клубын маань дарга надад таалагддаг байсан юм. (инээв) Клубийнхээ ачаар түүнтэйгээ нэг баг болж мэтгэлцээнд хожиж, хожигдож олон сайхан дурсамжуудыг хамт бүтээлцсэн. Бидний үерхэж буй гурван жилийн хугацаанд тэр миний хамгийн шилдэг хамтрагч, сайн найз минь болсон байна. Бид хоёр хамтдаа The MU хэмээх Youtube суваг дээр влог хийдэг. Сургуулиа төгсөөд оюутнуудад зориулсан олон шинэ контент бүтээх төлөвлөгөөтэй.
YOLO: Эх орондоо чанартай боловсрол эзэмших талаар юу гэж боддог вэ?
- Чанартай боловсрол эзэмшихийн тулд харийн орныг зорилгүйгээр хайртай хүмүүсийнхээ хажууд боловсрол эзэмшинэ гэдэг олон давуу талтай. Манай сургуулийн сургалтын хөтөлбөр нь Европын боловсролын системийн дагуу явагддаг учраас 240 кредит цагийн хичээлийг судалж төгсдөг. Бүх хичээл маань англи хэл дээр заагддаг болохоор Европын оронд суралцаж буй мэт чанартай боловсрол эзэмшдэг гэж хэлж болно. Мөн инженерчлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Герман улсын доктор, профессорууд бидэнд хичээл заадаг.
Мэдээж эх орондоо чанартай боловсрол эзэмшинэ гээд зөвхөн Монголдоо байгаад байна гэсэн үг биш. Манай оюутнуудад 1, 2-р курсдээ Герман болон Хятад улсын уул уурхайн сургуулиудтай танилцах зуны хөтөлбөрт хамрагдах, 3-р курсдээ мэргэжлийн дадлагаа Германы уул уурхайн томоохон компаниудад хийх, төгсөх курсдээ Герман улсын Фгайбергийн уул уурхай, технологийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах гээд олон боломжууд нээлттэй байдаг. Эдгээр нь тухайн улсын соёлоос суралцах томоохон боломж болж өгдөг.
YOLO: Чиний хувьд танхимын болон цахим хичээлийн хосолсон туршлагатай учраас энэ хоёрын ялгааг сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. Цахим хичээлд хамрагдахын давуу тал нь юу байсан вэ?
- Оюутан болсноос хойш гэртээ нэг сараас илүү хугацаанд байж үзээгүй болохоор хөл хорионы үеэр гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх боломж гарч байгаад маш их баяртай байна. Цахим хичээлийн хамгийн гол давуу тал нь бид хаанаас ч хүссэн сургалтдаа хамрагдаж болохыг оюутнуудад болон бусад хүмүүст ойлгуулж чадсан болов уу. Хэрвээ та завтай байгаа бол дуртай сэдвээрээ цахим сургалтад заавал хамрагдаж үзээрэй гэж зөвлөе. Гадаад хэлний мэдлэгтэй бол Google-ээс хайхад л үнэгүй хичээлүүд маш их гарч ирнэ.
YOLO: Танай сургуулийн цахим сургалт ямар журмаар явагдсан бэ?
- Манай сургуулийн хувьд хөл хорио тогтоолоо гээд оюутнуудынхаа хичээлүүдийг цалгардуулсан, төлөвлөгөөний хувьд хоцроосон тохиолдол байгаагүй. Багш нар маань Zoom, Classroom платформ болон бусад аппликэйшнүүдийг ашиглан хичээлээ хуваарийн дагуу орж байсан. Мөн заасан хичээлээ бичлэг болгон оруулж байсан нь ойлгоогүй зүйлээ эргэж харах, бие даан суралцахад их тустай байсан. Цахим хичээлийг илүү үр дүнтэй явуулахын тулд сургуулийн маань Сургалт, оюутны асуудал хариуцсан алба оюутнуудынхаа санал хүсэлтийг нээлттэй сонсож, сайжруулалт хийх тал дээр сайн ажиллаж байгаа санагддаг.
DAAD буюу Германы эрдмийн солилцооны албаны 2018 оны тэтгэлэг /Сургалтын төлбөрийн нэг жилийн төлбөр, амьжиргааны зардал сар бүр 200 еврогийн хамт/
DAAD буюу Германы эрдмийн солилцооны албаны 2018 оны тэтгэлэг /Сургалтын төлбөрийн нэг жилийн төлбөр, амьжиргааны зардал сар бүр 200 еврогийн хамт/
YOLO: Танхимаар хичээллэдэг үетэй харьцуулбал чөлөөт цаг их гарч байгаа байх. Хөл хорионы үеэр шинээр сурсан, туршиж үзсэн зүйл бий юу?
- Энэ үед олдож байгаа цагаа илүү үр дүнтэй ашиглахын тулд өглөөний цагаар англи хэлний онлайн хичээл зааж байна. Сурч, мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах сайхан. Би хоол хийх их дуртай болохоор шинээр олон төрлийн хоол, нарийн боов хийх болсон. Хийсэн хоолыг маань амтархан идэж байгаа гэр бүлийнхнийгээ харах мэдрэмж сайхан байдаг. Мэдээж хэрэг хувь хүний хөгжилдөө цаг гаргахгүй байж болохгүй. Podcast сонсонгоо,хатгамал оёдог. Мөн цаасан номоос илүүтэй цахим ном уншиж сурахад маань М plus аппликэйшний “Цэнэг” хөтөлбөр их тус болж байна. Бэстсэллер номуудыг бараг л үнэгүй түрээсэлж унших боломжийг олгодог нь маш их таалагдсан.
YOLO: Их сургуульд л суралцаагүй бол би ийм зүйлийг мэдэхгүй, туршиж үзэхгүй байх байж дээ гэж бодож байв уу? Ер нь яагаад бид нар их сургуульд суралцах ёстой юм бэ?
- Хүмүүс тухайн мэргэжлийг эзэмшихэд шаардлагатай онолын болон практикийн мэдлэг чадварыг ганцаараа сурснаас илүү богино хугацаанд системтэйгээр олж авахын тулд мөнгө төлж их сургуульд суралцдаг байх гэж боддог. Би мэдлэг, чадвартай хүмүүст боломж илүү харагддаг гэдгийг их сургуульд суралцах хугацаандаа ойлгож авсан. Боломж хаа сайгүй байдаг. Гэхдээ хүн бүр түүнийг боломж гэж хараад байдаггүй шүү дээ. Харж чадсан хүнд нь л тэр боломжийг ашиглах эрх нь нээгддэг. Тиймээс тэр боломжийг олж харахын тулд мэдлэг, чадвар аль аль нь эн тэнцүү шаардлагатай. Мөн оюутны байранд дөрвөн жил өөр өөр оюутнуудтай амьдрахдаа бусдын үзэл бодол, үйлдлийг хүндэтгэх нь харилцааны хамгийн чухал хэсэг юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан.
МГТИС-ийн “Өглөөний клуб”-ийн гишүүд – Өглөөний дасгал
МГТИС-ийн “Өглөөний клуб”-ийн гишүүд – Өглөөний дасгал
YOLO: Их сургуульд сурах хугацаандаа гэрээсээ хол байвал илүү их юм сурч, зөвхөн хичээлдээ төвлөрөхөд тустай байдаг болов уу гэж бодогдог юм. Чиний хувьд оюутны хотхондоо байрлаж суралцах нь ямар байсан бэ?
- Манай сургуулийн бүх оюутнууд дотуур байрандаа нэгэн айл болж амьдардаг. Хотхон маань их тохилог болохоор цаанаа л халуун дулаан уур амьсгалтай. Сургуулиасаа байр руугаа ирэхэд нэг минут л зарцуулагдана. Налайх өвөлдөө хүйтэн ч гэсэн замын түгжрэлгүй, дуу чимээ багатай, агаарын бохирдол ч бага гээд олон давуу талтай. Гэр маань Эрдэнэтэд байдаг болохоор хотын оюутнууд шиг амралтын өдрүүдээр гэртээ хариад байдаггүй. Энэ бүхэн надад зөвхөн хичээлдээ төвлөрч, сайн сурахад тусалдаг. Заримдаа хот орж найзуудтайгаа хамт кино үздэг боловч хотын агаарын бохирдол, замын түгжрэлээс болоод хурдхан л оюутны байр луугаа буцмаар санагддаг. Их сургуулиа төгсөхөөр дотуур байраа л их санах байх даа.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх