Фобиа буюу хяналтгүй айдсыг даван туулах талаар ХЭН, ЮУ гэж зөвлөв?



Сэтгэцийн эрүүл мэндийн цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт фобиа буюу хяналтгүй айдсыг хэрхэн даван туулах талаарх зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.
 


СЭТГЭЛ СУДЛААЧ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨВ?

МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, Сэтгэл судлаач Н.Должин:

YOLO: Хүмүүс энгийн айдас, фобиа хоёрыг андуурч ойлгох тохиолдол байдаг шүү дээ. Фобиаг хамгийн энгийнээр юу гэж ойлгож болох вэ?

- Фобиа бол хүн өөрийн ухамсраараа хянах боломжгүй, бодит бус, хүчтэй айдас юм. Тодорхой юмс эсвэл нөхцөл байдалтай холбоотойгоор хүчтэй айдсын мэдрэмж үүсэж, сэтгэл хөдлөл болон бие физиологийн хувьд илт анзаарагдахуйц хариу үйлдэл үзүүлдэг. Тухайлбал, 1998 онд Их Британийн Сэтгэцийн эмгэг судлалын сэтгүүлд хэвлэгдсэн 8000 оролцогчдыг хамруулсан судалгааны үр дүнгээс харахад хамгийн түгээмэл фобиа нь акрофобиа буюу өндрийн фобиа байжээ. Өндрийн фобиатай хүн өндөрт гарах, өндрөөс авсан зураг харах, өндөрт гарах тухай бодох төдийд толгой эргэх, зүрх дэлсэх, цээж давчдах, хүйтэн хөлс цуврах, дагжих, улмаар цочролд орох эрсдэлтэй бөгөөд хүчтэй түгшүүр илэрдэг. Хүн өөрийн бие, сэтгэл хөдлөлийн энэ мэт хариу үйлдлээ удирдах боломжгүй байдаг нь фобиагийн онцлог юм. Өндрийн фобиатай хүн ажлын байр нь өндөр барилгын дээд давхарт байвал ажил руугаа орох, шилэн цонхтой өрөөнд байхад хүндрэлтэй. Иймээс зарим фобиа нь хүний ажил, амьдралд хүндрэл учруулдаг учраас энгийн айдсын мэдрэмжээс ялгаатай.


YOLO: Мэдээж төрөл бүрийн фобиатай хүмүүс байгаа байх. Ер нь ямар ч төрлийн фобиа эмчлэгдэх боломжтой юу? 

- Олон улсад хоёр төрлийн сэтгэцийн эмгэгийн ангиллыг түгээмэл хэрэглэдэг бөгөөд үүний нэг нь Америкийн сэтгэц заслын нийгэмлэгийн Сэтгэцийн эмгэгийн оношилгоо, статистикийн гарын авлага (DSM) юм. Уг гарын авлагад бичсэнээр фобиаг амьтантай холбоотой, байгалийн үзэгдэлтэй холбоотой, цус, гэмтэл, эмнэлгийн асуудлуудтай холбоотой, онцгой нөхцөл байдалтай холбоотой, бусад гэсэн 5 бүлэгт авч үздэг. Зарим фобиогийн шалтгаанаас зайлсхийж болох бол зарим нь ажил, амьдралд их нөлөөлдөггүй учраас эмчилгээ заавал шаардлагатай биш байдаг. Эмчилгээний гол зорилго нь бодол, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлээ удирдахад туслахад оршдог. Хэрэв фобиа ажил, амьдрал нь хүндрэл учруулж байгаа бол сэтгэцийн эмчид хандан, мэргэжлийн тусламж авах хэрэгтэй.


YOLO: Хүндэрнэ гэсэн ойлголт байдаг уу? 

- Тодорхой юмс, нөхцөл байдлаас хүчтэй айж, сэтгэл хөдлөлөө өөрөө хянаж чадахгүй байхын зэрэгцээ бие физиологийн хувьд дээр дурдсан жишээ шиг хүчтэй хариу үйлдэл үзүүлж байвал сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй. Хэрэв шинж тэмдгийг тоодоггүй, архи согтууруулах ундаа, сэтгэц нөлөөт эм бэлдмэл хэрэглэдэг бол шинж тэмдгүүд илүү хүндрэх эрсдэлтэй. Мөн бусад сэтгэцийн эмгэг нь фобиагийн шинж тэмдгүүдийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.


YOLO: Фобиагаа өөрөө удирдан даван туулах аргуудаас хуваалцаач?

- Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар айдастайгаа бага багаар нүүр тулж, өөрийгөө тайвшруулах аргад суралцан, фобиагийн талаарх сөрөг бодлоо өөрчилснөөр өөртөө тусалж чадна. Айдастайгаа бага багаар нүүр тулна гэдэг нь айж байгаа зүйлээсээ айхаа болихын тулд эхлээд зургийг харж дасах, яваандаа ойр орчимд нь очих, ингээд тайван байж чаддаг болсон бол улмаар хүрэх зэргээр алхам алхмаар айдастайгаа нүүр тулна гэсэн үг юм. Харин өөрийгөө тайвшруулахад дараах аргуудыг туршиж үзээрэй. Үүнд:
- Өөртөө тухтай байдалд суух эвсэл зогсоод, хоёр гараа цээж болон гэдсэн дээрээ нэг нэгээр нь тавиад, 4 секундэд хамраараа амьсгал аваад, 7 секунд түгжээд, 8 секундэд амаараа амьсгалаа удаан гаргана. Энэ дасгалыг 5 минутаар өдөрт 2 удаа хийнэ.
- Түгшүүр үүссэн үед хамгийн хурдан тайвшруулах арга бол 5 мэдрэхүй боон хөдөлгөөндөө анхаарлаа хандуулах юм. Тайвшруулах, инээмсэглүүлэх зүйлсийг харах, намуухан хөгжим сонсох эсвэл тоглох, өөрийн дуртай үнэртэй асаах, үнэртэй ус цацах, дуртай хоолоо амтыг нь мэдэрч тайвнаар идэх, өөрийн гар хүзүүгээ барих, тэжээвэр амьтнаа тэврэх зэрэг мэдрэхүйнүүдээ анхаарлаа хандуулаарай. Харин хөдөлгөөний тухайд алхах, бүжиглэх, сунгалтын дасгал хийх боломжтой.
Хэрэв сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь цочролд оруулах түвшинд хүчтэй төрж байгаа заавал заавал мэргэжлийн тусламж авах хэрэгтэй. 


YOLO: Гэнэт фобиа бий болох боломжтой юу? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

- Ихэнх тохиолдолд хүүхэд насандаа ямар нэг цочролд оруулах үйл явдал тохиолдож байснаас үүдэлтэй байдаг. Тухайлбал, усанд живэх шахсан бол фобиа үүсэж болно. Мөн сэтгэл гутрал, сэтгэц нөлөөт эм бэлдмэлд донтох явдал нь фобиа үүсгэх эрсдэлтэй. Урьдчилан сэргийлэх тухайд эрсдэлтэй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй.

 

 

#Эрүүл мэнд #Сэтгэлзүй #Фобиа