Европын холбооны Эрасмус+ тэтгэлгээр арван оюутан суралцана


Б. Чимэг | YOLO.MN
2022-08-30

Европын Холбооны Эрасмус+ тэтгэлгээр энэ жил арван монгол оюутан суралцахаар шалгарчээ. Тэд тус бүрнээ Европын 2-3 улсад амьдрангаа өөр өөр их сургуульд хоёр жил хүртэл хугацаанд магистрын хөтөлбөрт хамрагдана.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз тэтгэлэгт шалгарсан оюутнуудад баяр хүргэж, цаашдын аялалд нь амжилт хүсэн үдлээ.  

"Европт сурахаар зорьж буй залуусыг харахад үнэхээр сайхан байна. Эрасмус+ хөтөлбөр олон орны туршлага хуримтлуулах, академик болон мэргэжлийн түвшинд хөгжих, дэвших онцгой боломж олгодог. 2021-2027 онд тус хөтөлбөрийн төсөв ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн. Бид цаашид олон  Монгол залууст энэ боломжийг таниулах, хамруулахын тулд хичээх болно." хэмээн Элчин сайд Аксель Никэйз ярьжээ.

Уулзалтын үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хамт олон тэтгэлгийн талаар мэдээлэл өгч, өөрсдийн сурсан улсын соёл, хэл заншил, нийгмийн амьдрал, хоол хүнс гээд хувийн туршлагаасаа хуваалцжээ.

2014-2020 онд 160 гаруй Монгол залуус тэтгэлэгт хамрагджээ. Энэ хөтөлбөр  зөвхөн магистрын тэтгэлгээр хязгаарлагдахгүй бакалаврын оюутнууд, эрдэмтэн судлаачид, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүст Европт суралцах, дадлага хийх, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох зэрэг олон боломж санал болгодог аж.

Европын Холбооны боловсрол, сургалт, залуучууд, спортын тэргүүлэх хөтөлбөр болох Эрасмус+ нь 35 жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн. 2020 он гэхэд 640 мянга гаруй хүн хамрагдаж, 126 900 орчим байгууллага, 20,400 орчим төслийг санхүүжиж үр шимийг нь хүртжээ.

Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг erasmus-plus.ec.europa.eu/ хуудаснаас аваарай.

#Мэдээ