ДУГУЙ УНАСНААР цусны эргэлт сайжирч, чихрийн шижнээр ӨВДӨХГҮЙ


Цэцээ | YOLO.MN
2017-01-07

Хэрвээ чи өвлийн цагт амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөхийг хүсч байвал, дугуй унах дуртай ч өвөл даарахаас халширдаг бол, хөдөлгөөний дутагдалд орсон, эсвэл жингээ хасахыг хүсч байгаа бол дуулгах сайхан мэдээ байна.

"Өвөл дугуй унаж байгаа болохоор л  хүмүүс “Өвлийн дугуй” гэж нэрлээд байгаа юм. Үнэн хэрэгтээ өвөл зуны ялгаа гэх юм байхгүй” хэмээн ярих “Оргил” уулын дугуй сонирхогчдын клубын тэргүүн Б.Наранбаатар энэ спортод сонирхолтой хэн бүхнийг уриалан өвөл зуны улиралд хамтдаа дугуй унаж, дугуй унахын ач холбогдлыг ойлгуулж, түгээн дэлгэрүүлж яваа билээ.

11 дэх жилдээ дугуй унаж байгаа түүнийг бид урьж ярилцсан юм. Моторгүй, хөлөөрөө жийж хөдөлгөж явдаг учраас дугуй унадаг хүн хөдөлгөөний дутагдалд орохгүй, замын ачаалал ихтэй Улаанбаатар хотод богино хугацаанд хүрэх газартаа очиж чаддаг учраас цаг хэмнэдэг гээд олон талын ач тустай. Мөн агаарын бохирдол үүсгэдэггүй тээврийн хэрэгсэл гэдгийг энд тэмдэглэе.

 

YOLO: Өвөл дугуй унах, дулааны улиралд дугуй унах хоёр ямар ялгаатай вэ? Мэдээж хүмүүс даарахаас халширдаг юм болов уу.
Өвөл дугуй унахаар хүмүүс даарлаа гэж хардаг. Үнэндээ дугуй жийж байхад хүний цусны эргэлт сайн байдаг учраас даарахгүй. Мөн өвөл дугуйнд машинтай адил тодорхой хэмжээний өвлийн үйлчилгээ хийх ёстой.  Өвлийн нөхцөлд халтиргаа ихтэй байдаг болохоор машины адил дугуйныхаа гадар хамерыг хөлддөггүй хамераар солих хэрэгтэй. Газартай зууралт сайтай гулгаанд халтирахгүй. Мөн шруптэй, хадаастай дугуй тавьж болно.

Мэдээж гадаа хүйтэн болохоор дулаан хувцаслах хэрэгтэй. Өвдгөөрөө дулаалж, даарч болохгүй. Малгай, бээлий өмсөнө. Гэхдээ хөдлөхөд аль болох эвтэйхэн, чөлөөтэй  хувцас сонгож өмсөх хэрэгтэй. Дугуй унахдаа заавал каск /толгойн хамгаалалт/ зүүх ёстой. Жолооч машин барих үедээ бүс зүүх ёстой байдаг бол дугуй унаж  байгаа хүнд каск маш чухал хамгаалалтын хэрэгсэл юм.

YOLO: Дугуй унахдаа нүүрээ бас хамгаалах ёстой байх?
Салхи сөрж байдаг учраас нарны тос түрхэж, алчуур зүүж нүүрний арьсаа хамгаалж болно. Өвлийн улиралд их зузаан хувцас өмсөж болохгүй. Учир нь хөлрөөд, хөлөрсөн нь хатахгүй байх гэмтэй.  Хоёроос гурван давхар даавуун хувцас тохируулаад өмсчихсөн байхад халууцаад явж байдаг.

Мөн өөрт  хэрэгцээтэй зүйлсээ авч явах хэрэгтэй. Дугуй хагарахгүй гэх баталгаа байхгүй учраас насос, нөхөөс, жижиг тусгай түлхүүрүүдтэй явж байх шаардлагатай. Өвлийн цагт халуун баригчтай халуун уух зүйл авч явбал зүгээр.

YOLO: Дугуйн зам байхгүй Улаанбаатар хотод дугуй унах эрсдэлтэй юм шиг санагддаг.  Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
Дөнгөж дугуй унаж сурсан хүнд Улаанбаатарт дугуй унах эрсдэлтэй. Тиймээс өвлийн цагт дугуй унах гэж байгаа бол зун тодорхой хугацаанд  унаж, дадал болоод, эргэх хөдөлгөөнд саадгүй болсон үедээ өвөл дугуй унах хэрэгтэй. Хотын гудамжинд дугуй унахдаа авто хөдөлгөөнд оролгүй, явган хүний замаар маш зөөлөн явахад алхах эсвэл түгжирч явснаас илүү хурдан очдог.

 Мөн харанхуй бүрэнхийд явах шаардлага явбал дугуйндаа гэрэлтүүлэг хийх хэрэгтэй. Өнгөлөг тод хувцас өмсөж, дугуйныхаа ард цацруулагч тавьж, обудандаа гэрэл ойлгогч тавьж өгснөөр хүмүүсийн нүдэнд тусна.

 

ДУГУЙГҮЙ ХҮМҮҮСТ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

YOLO: “Оргил” уулын дугуй сонирхогчдын клубын гишүүд амралтын өдрүүдэд цуглаж, хаагуур дугуй унадаг вэ?

Амралтын өдрүүдэд дугуй сонирхогч залуустайгаа нэгдээд хамтдаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэн цэвэр агаарт гарч дугуй унадаг. Бид аль болох хотоос гарч Гүнт, Шаргаморьт, Туул гол гэсэн хэд хэдэн маршрутаар явдаг. Албан ёсны Фэйсбүүк хуудас, групптээ аяллынхаа зарыг тавиад Шаргаморьтын тэр дэлгүүрийн гадна уулзана гэх мэтээр уулзах газраа товлочихдог. Уулзах газар хүртлээ дугуйгаа жийж ирэлгүй, машинаар тээвэрлэж ирээд тэр цэгээсээ аяллаа эхлүүлдэг.

Сонгосон маршрутаа бид  хөдөлгөөн болон халтиргаа гулгаа багатай сайхан орчин байлгахыг эрмэлздэг. Бага зэргийн хоол хүнсээ бэлдээд жижиг үүргэвчиндээ хийгээд салхинд гарна. Хамтдаа дугуй жийнгээ дугуйны талаар мэдээлэл хуваалцаж, хамтдаа хоолоо идээд орой нь буцаад хот руугаа явдаг даа. 

Аялалд гарахаасаа өмнө машинтай явах гэж байгаа хүмүүсээ тоолоод нэмж машин гаргах тохиолдол бий. Мөн дугуйгүй хүмүүст түрээслүүлэх стандартын дугуйнууд ч байдаг. Манай клуб дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Жилийн дөрвөн улиралд хоногийн аялал ч хийдэг.

Аль болох хотоос гадна л аяллаа зохион байгуулдаг юм. Өвлийн цагт Туул гол бүрэн хөлдсөн үед цуваагаар тодорхой хэмжээний дэг журамтай, хоёр хүн нь зам заагаад, ард нь бас хоёр хүн цоожлоод явдаг. Очоод ганц хоёр тоглоом, тэмцээн уралдаан зохион байгуулж, замдаа бие биедээ санаа тавиад явдаг даа. Нэг удаад доод тал нь 30 хүн цугладаг. Хамгийн ихдээ 92 хүн цуглаж байлаа.

YOLO: Нэг удаад дунджаар хэчнээн км зам туулдаг?
Анхан шатны сонирхогчдын хувьд дунджаар ирж очихдоо 20-25 км зам туулдаг.  Олон жил дугуй унасан бол 100 км ч унах нь бий.  Улаанбаатарт сонирхогчдын дөрвөн клуб бий. Харин мэргэжлийн дугуйчдын клуб зөндөө бий. Бид мэргэжлийнхэнтэй дугуй унахаас илүү сонирхогчидтойгоо ажлын цаг заваараа дугуй унаж, хамт жийгээд, байгальд гарах л сонирхолтой.

 

YOLO: Дугуйн үнэ хүмүүсийн бас нэг сонирхож байгаа асуулт байх?
Энгийн оригинал дугуй манайд 400-500 мянган төгрөгөөс эхэлдэг. 200, 300 мянгын үнэтэй энгийн хуулбар загвар дугуйнууд зөндөө бий. Тийм дугуй унаад явах, сайн чанарын дугуй унах хоёр ялгаатай. Мэдээж техник учраас амь нас, эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Муу дугуй нь рам, ац, рулиэрээ хугарах явдал их гардаг. Тийм болохоор анхнаас нь та аль болох сайн чанарын  дугуй сонгох хэрэгтэй.

500 мянган төгрөгөөр дугуй авлаа гэхэд та өөрөө таван жил хэрэглэнэ. Үнэхээр сайн чанарын дугуй унах тусам биед ирэх ачаалал багасдаг. Бартаатай замд сайн амортизатортой дугуй унаснаар гарт ачаалал ирэхгүй, чичиргээ мэдэгдэхгүй, бөөрөнд доргилт өгөхгүй. Уулын бартаатай замд дугуйн дэээрээ суух, босч явах уу гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Цуг аялж, туршлагатай хүмүүстэй хамт явснаар энэ бүхнийг мэдэж авдаг.

YOLO: Дугуй унах нь эрүүл мэндэд маш эерэг нөлөөтэй унаа гэдэг.
Дугуй унаснаар чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Миний таньдаг настай ах чихрийн шижинтэй. Аппаратаараа сахарын хэмжээгээ тогтмол хянадаг юм билээ. Ихсэхээр нь дугуйгаа унахад сахрын хэмжээ нь эрс багасдаг. Мөн дугуй унаад жингээ эрс хассан Ичинхорлоо гээд эмэгтэй байдаг. 130 кг-аас 80 кг хүртэл маш эрүүл турсан. Эмэгтэй хүмүүс тэрийг сонсоод дугуй их унадаг болсон шүү.

YOLO: Дугуйг хэрхэн өөртөө зөв сонгох вэ?
Бид Фэйсбүүкээрээ дамжуулж зурган зөвлөмжүүд гаргадаг. Дугуйны эд ангийг хэрхэн нэрлэдэг, ямар өндөртэй хүн ямар инчтэй дугуй унах ёстой, тормоз атгахад гарын байрлал ямар байх вэ гэх мэт зөвлөмжүүд өгдөг.

Дугуй нэг талаар техник учраас заавал хоёр тормоз бүрэн ажиллагаатай, араа нь бүрэн солигдож байдаг байх ёстой. Хэт жижигхэн дугуй унахад бие организмд муу. Өндөр хүн жижиг дугуй унавал нуруунд ачаалал өгөх гэх мэт сөрөг талтай. Тиймээс дугуйгаа зөв сонгох нь их чухал.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

#Sport #Спорт #Freetime #Hobby #BMX