Дүрвэгсдийн амийг аварсан Сири охин АЛТЫН төлөө өрсөлдөнө


Үжин | YOLO.MN
2016-08-08

Дүрвэгсэд гэдэг энгийн л хүмүүс. Эх оронтой, гэвч өөрийн хүслээр бус мөрөөдлийнхөө төлөө, амьд үлдэхийн төлөө төрсөн нутгаа орхин гарсан хүмүүс гэдгийг дэлхий нийт мэдээсэй гэж хүсэж байна

 

Юсра Мардини

Рио 2016 олимпт оролцож буй тамирчин бүрийн амьдралын замнал, их спортын түүх өөр өөрийн гэсэн өнгө аястай. Харин Сирийн дүрвэгч Юсра Мардини тэдний дундаас онцгой нэгэн юм.

Юсра Мардини өмнө нь өөрийнхөө болоод бусдын амь насыг аврахын тулд гурван цаг сэлж байсан бол одоо АЛТАН медалийн төлөө, алдарт “Цагаачдын баг”-ийн нэрийн өмнөөс Риод сэлж байна.

Өдгөө 18 настай Юсра Сирийн дүрвэгсдийг суулгасан завин дээрх хүмүүсийн амийг аварсан гавьяатай. Эгейн тэнгист живэх байсан завин дээр Юсра болон түүний дүү нийлсэн 20 хүн сууж явжээ.

Ердөө зургаан хүн суух зориулалттай завин дээр 20 хүн суусан байсан учраас завины хөдөлгүүр Грек хүрэхээс өмнө ажиллахгүй болсон аж. Ингээд Юсра охин дүүгийнхээ хамт өөр бусад хэдэн сэлж чаддаг хүмүүстэй цуг тэнгис рүү үсрэн орж, бүтэн гурван цаг сэлж байж Грекийн эрэгт хүрчээ.

Одоо охин Берлинд амьдарч байна. Үүгээр зогсохгүй Риогийн олимпт эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнд өрсөлдөх гэж байгаа бөгөөд арван гишүүнтэй “Цагаачдын баг”-ийн гишүүн юм.

Цагаачдын багт Өмнөд Суданы таван гүйлтийн тамирчин, Люксенбургт амьдарч байгаа Этиопын марафон гүйгч, Конгогийн хоёр жүдоч, өөр нэгэн Сирийн усанд сэлэлтийн тамирчин Рами Анис нар багтжээ.

Мардини хэвлэлийн хурлын үеэр “Дүрвэгсэд гэдэг энгийн л хүмүүс. Эх оронтой, гэвч өөрийн хүслээр бус мөрөөдлийнхөө төлөө, амьд үлдэхийн төлөө төрсөн нутгаа орхин гарсан хүмүүс гэдгийг дэлхий нийт мэдээсэй гэж хүсэж байна” гэжээ.

Тэрээр Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 11-ний 01:02 цагаас эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн урьдчилсан шатны тэмцээнд оролцох юм.

#Sport #Freetime #Rio2016 #World