“Гадаадад сурмаар байгаа ч мөнгө байхгүй, тэтгэлэг авмаар байгаа ч хангалттай мундаг биш юм даа” хэмээн дэмий л гиюүрч сууна уу. Тэгвэл Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн Нагояагийн их сургуульд судлаач оюутнаар суралцаж буй Э.Чинболдын ярилцлагыг уншиж, чамд ч бас боломж бий гэдгийг ойлгоорой.
Тэрээр тэтгэлгийн явц болон тэтгэлэг авахад шаардлагатай ур чадваруудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн билээ.
YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу.
- Намайг Э.Чинболд гэдэг. 24 настай. 2016 онд МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр төгссөн. Одоо Япон улсын Нагояагийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Японд анх 2018 онд судлаач оюутны тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж ирсэн.
YOLO: Дэлхий нийтээр цар тахалтай байгаа хүнд цаг үед хилийн чандад суралцаж байна. Япон улсад нөхцөл байдал хэр байна вэ?
- Мэдээнээс халдварын тоо хэмжээ нь өдрөөс өдөрт нэмэгдэж, зарим нутагт эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нь хангалтгүй байна гэж сонссон. Тэр тусмаа Токио, Киото, Осака зэрэг томоохон хотуудад нөхцөл байдал илүү хүнд байна. Их сургуулиуд өнгөрсөн жилээс хичээлээ цахимаар зааж эхэлсэн.
Өнгөрөгч онд буюу коронавирусийн эхэн үеийн тархалтын үеэр онц байдал зарлаж, сургууль дээрх оюутны бүх үйл ажиллагааг 3-4 сарын хугацаатай цуцалж, номын сан, кафе, цайны газруудыг хаасан. Японд суралцахаар зорьж ирсэн гадаад оюутнуудын хувьд нэг бодлын хайран байлаа. Одоо хэвийн үйл ажиллагаандаа орж эхэлсэн болохоор сургууль дээрх оюутны идэвхтэй амьдрал маань эргэн ирсэн.
YOLO: Анхнаасаа л Япон улсад суралцах зорилготой байсан уу? Японыг сонгоход юу нөлөөлсөн бэ?
- Сурагч байхаасаа л гадаадад суралцвал Японд сурах юмсан гэж боддог байлаа. Японы анимэ, манга, телевизийн цуврал нь олон хүүхэд, залуусыг тус улсад сурах хүсэлтэй болгосон байх. Их сургуулиа төгсөхөд хөгжил өндөртэй улс оронд суралцахаас илүү өөр соёлтой ард түмэн дунд орж, гэр бүлээсээ хол, бие даан амьдрангаа суралцана гэдэг анхаарлыг маань татах болсон. Ер нь залуу хүн гэр бүл зохиохоосоо өмнө ганцаараа бие даан амьдарч үзэх нь зүйтэй гэж боддог. Тэр ч утгаараа төгсөөд хэсэг хугацаанд гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжуудыг хайж судалсны нэг нь Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр байсан.
YOLO: Судлаач оюутны тэтгэлэгт тэнцсэн хүн өөрөө сургуультайгаа холбоогоо тогтоож, зөвшөөрөл авдаг юм билээ. Нагояагийн их сургуулийн талаар танилцуулахгүй юу? Яагаад тус сургуулийг сонгосон бэ?
- Япон дахь эзэн хааны нэрэмжит сургуулиудын нэг нь Нагояагийн их сургууль юм. Тус сургууль Нобелийн шагналт профессорууд ихтэй, байгалийн болон инженерийн шинжлэх ухааны салбартаа нэр хүндтэй гэгддэг. Нэг хүн хэдэн ч сургуулиас судлаач оюутнаар суралцах зөвшөөрөл авч болно. Гэхдээ элчин сайдын яаманд гурван сургуулийн нэр өгдөг бөгөөд тухайн оюутан аль сургуульд судлаач оюутнаар очихыг Японы талаас шийддэг. Миний хувьд Нагояаг сонгосон хамгийн том шалтгаан нь англи хэл дээр эдийн засгийн чиглэлээр суралцах боломжтой тоотой хэдэн сургуулиудын нэг байсан явдал. Мөн МУИС-д суралцаж байх үедээ Нагояагийн их сургуулийн талаар тодорхой хэмжээнд сонсож байсан болохоор арай дотно байсан юм болов уу.
YOLO: Судлаач оюутны тэтгэлгийн бусад тэтгэлгээс ялгарах онцлог, давуу тал юу вэ?
- Судлаач оюутны тэтгэлгийн давуу тал нь магистр эсвэл доктортоо тэтгэлгээ сунгуулан суралцах боломжтой явдал. Тухайн сургуульдаа судалгаагаа хийх зуураа магистр эсвэл докторын элсэлтэд тэнцсэн тохиолдолд дахин хүсэлт гаргаж, тэтгэлгээ сунгуулж болно. Зөвхөн энэ тэтгэлэг гэлтгүй Японы засгийн газрын тэтгэлэг өөрөө их онцлогтой санагддаг. Мэдээж төлбөр, ирэх очих онгоцны зардал даана. Сар бүрийн хэрэглээнд зориулсан тэтгэлэг олгоно. Түүнчлэн заавал Япон хэлний өндөр мэдлэг шаарддаггүй. Бусад орны засгийн газрын тэтгэлгүүд TOEFL, IELTS гэх мэт англи хэлний түвшин шаардсан оноо эсвэл тухайн орных нь хэлийг сайн мэдэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг бол Японы засгийн газрын тэтгэлэгт япон хэл мэдэхгүй ч өрсөлдөж болно.
YOLO: Тус тэтгэлэгт тэнцэхийн тулд хангасан байх ёстой анхан шатны шаардлага юу байдаг вэ? Мөн тэтгэлгийн үйл явцыг танилцуулахгүй юу?
- Намайг бүртгүүлж байхад их сургуулийн голч оноог хамгийн эхэнд хардаг байсан. Мөн магистрын зэрэг хамгаалсан юм уу магистрт суралцаж байх эсвэл хоёр жилийн ажлын туршлагатай байх гэсэн гурван шалгуурын аль нэгийг нь хангасан байх ёстой. Би тухайн үед магистрт суралцаж байсан.
Тэтгэлгийн процессийн хувьд эхлээд тавдугаар сард материал хүлээн авна. Улмаар анхан шатны шалгууруудыг хангасан хүмүүст дараагийн шатны шалгалтад орох мандат олгодог. Бүрдүүлэх материал дунд судалгааны төлөвлөгөө байдаг тул анхааралтай, төлөвлөж бичих хэрэгтэй. Ярилцлагын шатанд таны бичиж өгсөн судалгааны төлөвлөгөөний талаар илүү дэлгэрэнгүй асууж тодруулдаг. Үүний дараа зургадугаар сарын эхэнд гадаад хэлний шалгалт авна. Япон хэл мэдэхгүй бол шалгалтаа англи хэл дээр өгч болно. Дүрэм, үгийн баялаг, уншлага гэсэн гурван хэсэгтэй ба сонсгол, ярианы хэсэг байхгүй. Гадаад хэлний шалгалтаа амжилттай давсан хүмүүс элчингийн ярилцлагад ордог. Ярилцлага 15 минут үргэлжлэх бөгөөд голцуу судалгааны төлөвлөгөө, зорилго, аргачлал гэх мэт Японд очоод хийхийг хүсэж байгаа судалгаатай чинь холбоотой асуултууд асууна.
Ярилцлагын шатаа амжилттай давсан хүмүүс сургуультайгаа бие даан холбогдон тухайн сургуульд суралцах зөвшөөрлийн бичиг авах ёстой. Сургууль болгонд бүрдүүлж өгөх материал, шалгуур нь өөр өөр байдаг. Долдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхэн хүртэлх хугацаанд сургуулиудаасаа зөвшөөрлөө амжиж аван, гурван сургуулийн нэрийг зөвшөөрлийн хамт тэтгэлгийн комисст өгнө. Эцсийн хариу арванхоёрдугаар сарын сүүл эсвэл нэгдүгээр сарын эхээр гардаг.
YOLO: Шалгалт, ярилцлагаас гадна сонирхсон сургууль руугаа материал явуулах гэсэн нэг даваа байгаа юм байна. Их, дээд сургуулиуд манайд ийм оюутан хэрэгтэй гээд онцолдог шүү дээ. Нагояагийн их сургууль ямар оюутан авах шалгууртай байв?
- Сургууль болгон өөр байхын зэрэгцээ салбар сургуулиудынх нь шалгуур ч ялгаатай байдаг. Манай сургуулийн хувьд судалгаагаа удирдуулахыг хүсэж буй багшаасаа зөвшөөрөл авах нь чухал байсан. Тэгэхээр нэмээд багш болгон өөр шалгууртай байх болохоор яг Нагояа их сургууль ийм шалгуур тавьдаг гэж хэлэхэд хэцүү юм.
YOLO: Монгол, Япон хоёр хоёулаа л Азийн улс орон хэдий ч сургалтын системийн ялгаа их байгаа байх. Монголын их, дээд сургуулийг Японыхтай харьцуулбал ямар сонирхолтой ялгаа харагдаж байна вэ?
- Хоёр орны сургалтын систем нь цэцэрлэг, бага сургуулиасаа эхлээд л ялгаатай. Гэхдээ миний хувьд Монголд бакалавраа хамгаалж, энд магистртаа суралцаж байгаа болохоор шууд харьцуулж хэлэхэд хэцүү юм. Адилхан их сургуулийн оюутан гэж явдаг ч Японд бакалавраа хамгаалсан найзуудынхаа яриаг сонсоход магистрын оюутны амьдралаас их өөр санагдсан. Японы нийгэм их хатуу, баригдмал гэж хүмүүс ярьдаг. Үүнийгээ дагаад юм уу япон оюутнуудын хичээлд оролцох байдал нь Монголоос их өөр санагдсан. Жишээлбэл, хичээлийн явцад тухайн яригдаж буй сэдэвтэй холбоотой асуулт гарч ирвэл гараа өргөөд багшаас асууж хэлэлцүүлэг өрнүүлэхээс илүү лекц семинар дууссаны дараа биечлэн асуух нь олон байдаг. Мөн хичээлийн бус үйл ажиллагаа буюу клубуудыг сургуулиас нь сайн дэмждэг.
YOLO: Энэ тэтгэлэгт тэнцтэлээ өөр тэтгэлгүүдэд хүсэлт явуулж байв уу? Зарим хүмүүс нэгээс нь тэнцсэн хариу авахын тулд асар олон тэнцээгүй хариу авдаг шүү дээ.
- Тийм шүү. Хэд хэдэн тэтгэлэгт хүсэлт явуулаад "тэнцээгүй" гэсэн хариу авч байсан. Бакалаврын нэгдүгээр курст сруч байхдаа Японы засгийн газрын тэтгэлэгийн их сургуулийн ангилалд материалаа явуулан, гадаад хэлний шалгалтад нь унаж байсан болохоор дахиад өгөхдөө энэ шатнаас их айж байсан. Мөн МУИС-д магистртаа үргэлжлүүлэн суралцаж байхдаа Япон руу нэг жилийн тэтгэлэгтэй солилцооны хөтөлбөрт нэрээ өгөөд ярилцлагадаа тэнцээгүй удаа ч бас бий. Тиймээс судлаач оюутны тэтгэлгийн ярилцлагадаа бэлдэж байхдаа өмнөх алдаагаа давтахгүйн тулд их анхаарсан.
YOLO: Уг тэтгэлэгт бэлдэхээр зэхэж буй залуучуудад зөвлөгөө өгөхгүй юу. Би ийм зүйлдээ сайн байсан болохоор тэнцсэн шүү эсвэл би тэнцсэн ч гэлээ өөрийнхөө тэр талыг дутагдалтай байсан гэж боддог. Тиймээс энэ чадвараа илүү хөгжүүлээрэй гэсэн “жижүүрийн” зөвлөгөө өгөөч.
- Энэ тэтгэлэгт тэнцэхэд нөлөөлсөн хамгийн чухал хүчин зүйл нь аангли хэлний чадвар маань байсан. Мөн цагийг нь тулгалгүйгээр материалаа бүрдүүлээрэй гэж зөвлөе /инээв/. Би материалаа хамгийн сүүлийн өдөр нь бүртгэл хаахаас 15 минутын өмнө бүрдүүлж очоод материал бүрэн бус байна хэмээн буцаагдаж, тэр хавиар нэг нотариат, принтер хайж сандарч гүйсэн хөгтэй түүхтэй.
Түүнчлэн гадаад хэлний шалгалт болон ярилцлагадаа сайн бэлдэх хэрэгтэй. Гадаад хэлний шалгалтын хугацаа нь богинохон тул сүүлийн уншлагын хэсгээ бүрэн ажиллаж амжихгүй байх эрсдэлтэй бий. Тиймээс дасгал ажил хийх үедээ аль болох хугацаа тавьж хариулах хурдаа сайжруулаарай.
Гэхдээ миний зүгээс судалгаа гэдэг зүйлийг сайтар ойлгоорой гэж зөвлөе. Би судалгааны талаарх мэдлэг, чадварын хувьд ихээхэн дутагдалтай байсан. Судалгаа гэдэг зүйлээ бүрэн ойлголгүйгээр судлаач оюутнаар суралцана гэдэг учир дутагдалтай. Мэдээж судлаач оюутны тэтгэлэгт тэнцэхийн тулд чадварлаг судлаач байх шаардлагагүй. Гэхдээ энэ тэтгэлгийн цаад зорилго нь судалгаа хийх учраас тэтгэлэгтээ тэнцвэл Японд суралцахаар бэлдэх хугацаандаа зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг чадварын нэг шүү. Тиймээс “The Craft of Research” гэх номыг уншихыг санал болгож байна.
YOLO: Японоос гадна өөр ямар хэл мэддэг вэ? Орчин үед хүмүүс хоёроос дээш хэлтэй байх нь хэвийн үзэгдэл болсон байна.
- Тийм шүү. Би англи хэл л мэднэ. Бас япон хэлний чадвараа сайжруулахаар хичээж байна.
YOLO: Англи хэл сурсан аргаа хуваалцаач. Хүн бүрд өөр өөр арга барил байдаг шүү дээ.
- Англи хэлийг анх сурахдаа дүрмийг нь огт ойлгодоггүй байсан. Гэхдээ англи хэл дээр компьютер тоглоом тоглох, англи хадмалтай анимэ үзэх, дуу сонсож дагаж дуулах сонирхолтой байсан болохоор дүрмээ ойлгохоосоо өмнө өдөр тутмын өргөн хэрэглээний үгийн сангаа бүрдүүлчихсэн. Англи хэл дээр кино үзсээр сурсан хүмүүс их байхад би хадмалтай анимэ үзэж сууриа тавьсан гэхээр хөгжилтэй санагдаад байдаг юм. Дунд ангидаа “Блийч”, “Наруто Шиппүдэн”-ий шинэ ангийг нь үзэхээр найзуудтайгаа интернет кафед суугаад, ойлгохгүй мөртлөө англи хадмалыг нь их хардаг байсан.
Бас англи хэл дээр ямар нэг зүйл уншихдаа өгүүлбэрт орсон үг болгоныг тухай бүрд нь ойлгох гэж хичээхгүйгээр тухайн үгийг хараад, толгой дотроо уншаад өнгөрчихдөг. Тухайн үг олон давтагдах үед сүүлд нь утгыг нь нэг мэдчихэд амархан цээжлэгддэг. Ер нь үг цээжлэхдээ өөрийгөө хүчилж цээжлэх биш хэрэглээ, давтамж дээр суурьлаж цээжилсэн. Үгийн сангаа тодорхой хэмжээнд бүрдүүлчихсэн болохоор дараа нь дүрмээ бэлдэхэд шинэ үгэн дээр цаг алдахгүй, зөвхөн дүрэмдээ төвлөрч чадсан.
Их сургуульд ороод, хичээлийн хүрээнд англи хэлийг өдөр бүр хэрэглэж эхэлсэн нь хэлний мэдлэгээ бэхжүүлэхэд их нөлөөлсөн. Хичээлийн хүрээнд долоо хоног бүр илтгэл хэлэлцүүлэх ба мэдээллийг нь гадаад хэлнээс тогтмол орчуулдаг байсан. Мөн чөлөөт цагаараа ном унших, аудио ном сонсох, нийтлэл, мэдээ унших гэх мэтээр өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг байлаа.
YOLO: Японд ажилладаг уу? Эсвэл тэтгэлгийн хэмжээ ажил хийх шаардлагагүй, хүрэлцээтэй байдаг уу?
- Тэтгэлгийн хэмжээ нэг хүний хэрэглээнд хангалттай хүрэлцээтэй. Гэхдээ хажуугаар нь цагийн ажил давхар хийдэг. Японд оюутнуудад цагийн ажил олдоц сайтай, нөхцөл нь таатай. Оюутны визтэй тохиолдолд долоо хоногт 28 цаг ажиллах эрхтэй байдаг.
YOLO: Оюутан байх хугацаандаа заавал хийх ёстой зүйл чиний хувьд юу вэ гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе.
- Хүнд асуулт байна /инээв/. Оюутан насандаа санхүүгийн сахилга баттай болох нь зүйтэй юм болов уу даа. Хувийн санхүүгээ зөв төлөвлөхийг оюутан насандаа сурч авахгүй бол гэр бүлтэй болоод эсвэл ажил дээр гарсны дараа сурахад оройтно. Бас чөлөөт цагаа ашиглаж орлогын эх үүсвэрээ нэмэх, өөрийн чадвараа үнэлүүлэх эсвэл шинэ чадварт суралцахад анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, зураг зурах тал дээр авьяастай бол үүгээрээ их бага нь хамаагүй орлого олох гээд оролдоод үзээрэй.
Эцэст нь хэлэхэд оюутан насаа харамсах зүйлгүйгээр өнгөрүүлээрэй. Алдсан ч алдаанаасаа суралцах боломжтой гайхалтай үе шүү. Гэхдээ оюутан насаар амьдрал дуусахгүй бас эхлэхгүй болохоор оюутан насандаа амжуулж чадсангүй гэж санаа зовох зүйл байхгүй гэдгийг санаж явахыг хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх