С. Уянга: “Иргэн төсөл”-д оролцсон сурагчид ОЛОН ТАЛААРАА хөгждөг


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-05-18

Иргэний боловсролын төв ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгээр “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлдэг билээ. Уг төсөлд оролцож байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөрсдөдөө тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд төсөл бэлтгэн, түүгээрээ шийдвэр гаргагчдад нөлөөлөх замаар бодит өөрчлөлтийг бий болгодог онцлогтой.

Энэ удаа бид “Иргэн төсөл”-д 13 жилийн турш чиглүүлэгч багшаар ажиллаж буй Нийслэлийн СБД-ийн ЕБС-ийн 6-р сургуулийн түүх, нийгмийн багш С.Уянгатай ярилцлаа. 


YOLOТа багагүй хугацааны турш чиглүүлэгч багшаар ажилласан байна. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдээс нэгийг онцлооч гэвэл? 

- Манай сургууль 2007 оноос хойш “Иргэн төсөл”-д оролцож байна. Энэ хугацаанд хүүхдүүд маань өөрсдөдөө тулгамдаж буй асуудлаа гарган ирж төсөлд бичсээр иржээ. Бидний хамгийн анхны төсөл хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй гэдэг сэдвийн хүрээнд хийгдэж байсан юм. Ер нь сургуулийн ариун цэврийн өрөө, цайны газар, мэдээлэл зүйн кабинет, биеийн тамирын заал гэх мэт асуудлуудаар жил болгон төсөлд оролцдог.

Энэ бүх хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдээс ариун цэврийн өрөөний асуудал их сонирхолтой байсан. 2011 оноос өмнө манай сургуулийн ариун цэврийн өрөөнүүд хаалгагүй байсан юм. Нэг нь бие засахын тулд нөгөө нь заавал урд нь зогсож, биеэрээ халхалж, хаалга нь болдог байсан. Бие засна гээд л хоёр гурваараа гарч явахад нь бид нар гайхаад “нэг нь л явахгүй юу” гэдэг байсан чинь дараа нь судалгаа явуулахад энэ асуудал хөндөгдсөн юм. Тиймээс энэ санаагаараа төсөл бичсэн. Яг л хүүхдүүдэд тулгамдсан асуудал байгаа биз?

Төслийн хүрээнд хүүхдүүд анги хамт олноороо ярилцаж тулгамдсан асуудлаа хэлэлцэж, сургуулиасаа судалгаа авч, тухайн асуудлыг шийдвэрлэхээр "хөөцөлддөг". Хөндсөн даруйд шийдэгддэг асуудал байхад 2-3 жилийн дараа шийдвэрлэгддэг асуудлууд ч бий. Санхүүжилтээсээ болоод орхигдох асуудал ч байдаг. Янз бүр л дээ. Ямартай ч хүүхдүүд асуудлаа сонгоод шийдэх гэж явж байгаа энэ үйл явц болгон нийгэмд нөлөөллийн ажил болж үлддэгээрээ онцлог. 

YOLOТөслөө яг ямар шат дараалалтай бичдэг вэ? Энэ үйл явц уншигчдын маань сонирхлыг татаж байгаа байх. 

- "Иргэн төсөл" хүмүүсийн яриад байдаг төслийн аргачлалаас арай өөр байдлаар бичигддэг. Тухайлбал, дөрвөн үе шатаас бүрдэнэ. Нэгдүгээрт, шийдвэрлэх гэж буй асуудлаа тодорхойлно. Өөрөөр хэлбэл хүүхдүүд өөрсдөд тулгамдаж буй нийт асуудлыг жагсааж, тэдгээрийгээ чухлаас чухал бус руу нь эрэмбэлсний дараа хамгийн чухал гэж үзсэн асуудлыг олонхын саналаар сонгодог. Ингээд тухайн асуудалтай холбоотой мэдээ, мэдээлэл, төрийн бодлого, хууль эрхзүйн актын талаар судална. 

Хоёрдугаарт, сонгож авсан асуудлаа шийдвэрлэхийн тулд бодлогын ямар хувилбар боловсруулах вэ гэдгийг шийддэг. Ингэхдээ хэдэн ч хувилбар гаргаж болно. Гуравдугаарт, гаргаж ирсэн хувилбаруудаас хамгийн тохиромжтой гэж үзсэнээ сонгоно. Дөрөвдүгээрт, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө зохиодог. Ингээд эцэст нь төлөвлөгөөгөө тайлагнана. 


YOLOТөслийг сурагчид бие даан хийдэг байх нь. Таны хувьд энэ төсөлд ямар үүрэгтэйгээр оролцдог вэ?

- Тийм. Төсөл бичих үйл явц сурагчдын 100 хувийн оролцооноос бүрддэг. Бид буюу чиглүүлэгч багш нар хүүхдүүдэд заавар зөвлөгөө өгөх маягаар ажилладаг. Жишээлбэл, төслийн ажлаар уулзах гэж буй хүмүүстэй нь холбож өгөх, төслийн ажлыг гүйцэлдүүлэх үеийн аюулгүй байдлыг нь хангах зэргээр ажиллана. 

YOLOХүүхэд залуус өөрсдөө төсөл бичээд хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хугацаа шаардагддаг бол? 

- Хамгийн богино хугацаанд хэрэгжсэн төсөл нь найман сарын хугацаатай. Харин хамгийн удаан хугацааных нь гурван жилийн дараа шийдэгдсэн төсөл байна. 

YOLOТөсөл хэрэгжсэнээр бий болсон давуу талуудыг нэрлээч гэвэл?

Нэгдүгээрт, сурагчдын нийгмийн идэвх, оролцоо илт мэдэгдэхүйц хэмжээгээр сайжирдаг. Асуудлыг томчуудын чихэнд сонсгож, нүдэнд нь харагдуулахгүй л юм бол тэд тулгамдаж буй асуудлыг мэддэггүй юм байна гэдгийг ойлгож авсан. Багш, сурагчид сургуулийн тогоонд "чанагдаж" байдаг болохоор юу болоод байгаад тэд л хамгийн сайн мэддэг. Эцэг эхчүүд бол энэ талаар тийм ч их мэдээлэлгүй байдаг гэж хэлж болох юм. Тэд эцэг эхийн хурал болоод сургуулийн зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцохоос бусдаар сургууль дээр тэр бүр ирэхгүй шүү дээ. Тиймээс "Иргэн төсөл"-ийн тусламжтайгаар хүүхдүүд бусад хүмүүст сургуулийнхаа дотоод амьдралыг дүрслэн харуулах боломжтой болдог. 

Хоёрдугаарт, суралцах ая тухтай боломж нээгддэг. Энэ төсөл бол цэвэр сурагчдын оролцооноос бий болдог. Тиймд төсөлд хамрагдсаны дараа мэдээлэл, судалгаан дээр ажиллах чадвар нь сайжирсан нь илт ажиглагддаг. Хэн нэгнийг хүлээлгүйгээр асуудалд өөрсдөө гарц гаргалгаа хайж олж болдог гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас нийгмийн оролцоо нь хүртэл сайжирна шүү дээ. 

Гуравдугаарт, багаар ажиллах чадварт суралцана. "Иргэн төсөл" бол цэвэр багийн ажиллагаа, хамтын хөдөлмөр. Миний зүгээс өөрийгөө илэрхийлэх чадвар багатай, бусдын өмнө чөлөөтэй ярьж, илтгэж чаддаггүй сурагчдаа уг төсөл заавал хамруулахыг хичээдэг. Үр дүнд нь тэдгээр хүүхдүүд бусдаасаа суралцаж хөгждөг. Нөгөө талаар уг төсөлд оролцсон багшийн хүүхэдтэй ажиллах арга барил ч дагаад сайжирдаг. Тийм болохоор би энэ төсөлдөө их хайртай. 


YOLOЦар тахлын нөхцөл байдлын үед төсөлд оролцоход ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?

- Өмнө жил коронавирусийн халдвар дэлхий дахинаа тархаж эхэлсэн учир төслийн ажил явагдаагүй. Энэ жилийн хувьд дахин хөл хорио тогтоох хүртэл хичээл танхимаар орж байсан тул төслийн санаагаа энгийн үе шигээ ярилцаад явсан. Ингээд хөл хорио тогтоосноор сурагчидтайгаа холбогдох боломж багассан гэж хэлж болно. Тухайн үед сурагчид маань Google Meet, Zoom зэрэг апликэйшнийг бүрэн ашиглаж сураагүй байсан учраас холбоо тогтооход хүндрэл гарсан. 

Үүнээс гадна шийдвэр гаргагчидтай уулзахад бэрхшээл тулгарсан. Хүмүүс ажлаа цахимаар явуулж дадаагүй байсан ч сүүл рүүгээ цахимжаад, холбоо тогтооход асуудалгүй болж байна. Одоо бол сурагчид өдрийн цагаар хичээлээ хийдэг учраас оройн цагаар холбогдож төслийн ажлаа ярилцдаг. 

YOLOТөсөл хэрэгжсэний дараа сурагчдад хувь хүнийх нь хувьд ямар өөрчлөлт гардаг вэ? 

- Төслийн ажил дууссаны дараа сурагчдын аливаа асуудлыг харах өнцөг нь эрс өөрчлөгдсөн байдаг. Өөрийгөө илэрхийлж буй чадвар нь ч сайжирч, биеэ дааж сурдаг. Нэг үгээр бол өөртөө итгэлтэй болсон байдаг. 

YOLOИргэн төслийг бүхэлд нь тодорхойлооч гэвэл та юу гэж тодорхойлох вэ? 

- Энэ бол ирээдүйн төрийн бодлогыг боловсруулагч. Төрийн бодлого нь зөв, хууль дүрэм нь хэрэгждэг шинэ нийгмийг цогцлоон бүтээх иргэдийг бэлтгэдэг төсөл гэж үздэг тул жил бүр сурагчидтайгаа оролцдог. 

YOLOИргэн төсөл 2007 онд анх хэрэгжиж байх үеийг одоо үетэй харьцуулбал?

- Анх нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх үед 6-7 сургууль оролцож байсан бол одоо Монгол Улсын 21 аймгийн 330 сумд хүрэх гэж байна. 

YOLOОролцох сургуулийн тоо нэмэгдэх тусам хүүхдүүдийн гаргаж буй санаа ч өөрчлөгдөж байгаа байх? 

- Энэ их сонин. Бидний 2006-2007 онд сонгон авсан сэдвүүд одоо ч гарч ирдэг. Тэгэхээр сургуулиудад тулгамдаж буй асуудлууд ерөнхийдөө ижил. Сургуулийн ариун цэврийн өрөө, цайны газар, сургуулийн гаднах орчны асуудал жил бүр яригддаг. Бодоод үзвэл оролцох сургууль, хөндөж буй асуудлын тоо нэмэгдэх хэрээр асуудлын түвшин нь өөрчлөгдөх ёстой шүү дээ. Гэтэл манай сургуулийн 2008-2009 онд сонгож авсан мэдээлэл зүйн кабинетын асуудал энэ жилийн хэлэлцүүлэгт яригдаж байх жишээтэй. 


YOLOИргэн төсөлд оролцсоноор таны хувьд ямар эерэг өөрчлөлтүүд бий болж байна вэ? 

- Багш нар цаг үеэ дагаад зайлшгүй өөрчлөгдөж хөгжих шаардлагатай тулгардаг. Харин хүүхдүүдтэйгээ байнга тулж харьцаж, ойр байснаар хэлэх үг хэллэг маань хүртэл өөрчлөгдсөн. Үүнээс гадна "багш" гэдэг маскаа авчихдаг учраас сурагчидтайгаа үе тэнгийн найз нь юм шиг л харьцдаг. Олон жил чиглүүлэгч багшаар ажилласан болохоор сурагчдыг төслөө хэрэгжүүлэхэд нь хэн гэдэг албан тушаалтай уулзуулах, хэзээ сурталчилгаагаа явуулах вэ гэдэг асуудал хүртэл амархан болсон байна. Гэхдээ ингэж олон жил сурагчдаа чиглүүлж ажилласан ч жил бүр шинэ зүйлсийг сурсаар л байгаа нь авууштай. 

YOLOИргэн төсөлд оролцож байх үеийнхээ хамгийн дурсамжтай мөчөөс бидэнтэй хуваалцаач?

- Цаг үеийн нөхцөл байдал сайхан байхад буюу хичээл танхимаар ордог, халдвар тараагүй байх үед сурагчидтайгаа хамт төслийн ажлаа хийгээд шөнийн гурван цаг хүртэл суух үе байсан. Сурагчдын маань эцэг эх нь ч зөвшөөрчихсөн байсан учраас ажилдаа улайраад л суучихна. Төслийн ажлаа дуусаад хүүхдүүдээ гэр гэрт нь хүргэж өгнө.

Хөвгүүд нь охидоо гэр гэрт нь оруулж өгөөд, багш нь гадаа нь машинтайгаа хүлээж байдаг. Хамгийн сүүлийн хүүхдээ гэрт нь оруулж өгчхөөд өөрөө гэртээ ирэхэд үүрийн таван цаг болж байдаг байлаа. Энэ мэтчилэн дурсамжтай үеүд олон бий. Хамгийн сайхан нь энэ төсөл маань албан шахалтаар биш цэвэр сайн дурын үндсэн дээр явагддаг. Бүгд л ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хүсэл сонирхлоороо нэгддэг учраас үе тэнгийн найзууд мэт үргэлж урагшаа тэмүүлдэг дээ. 

YOLOБидэнтэй ярилцсанд баярлалаа. 

#Боловсрол #Ярилцлага #Иргэн төсөл