11 настайдаа SBS телевизийн “Ballad of Seodong” нэртэй СОАК-нд гүнжийн дүр бүтээн дэлгэцийн ертөнцөд хөл тавьж, 2009 онд Өмнөд Солонгосын охидын “f(x)” хамтлагийн гишүүнээр элсэн дуучны гараагаа эхлүүлсэн Чүэ Жинри буюу Sulli 25 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн туйлын харамсалтай хэрэг гарлаа.
Тэрээр өчигдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр гэртээ нас барсан байдалтайгаар олджээ. Одоогоор түүний нас барсан шалтгааныг цагдаагийн газраас мэдэгдээгүй байгаа бөгөөд ямар нэгэн гэрээслэл олдоогүй ч ихэнх шүтэн бишрэгчид нь түүнийг сэтгэл гутралын улмаас амиа хорлосон хэмээн таамаглаж байна. Цагдаагийн газрынхан гэрээс нь өдрийн тэмдэглэлтэй төстэй бичвэрүүдийг олсон ч энэ нь түүний үхлийн шалтгааныг тодорхойлоход хангалттай нотлох баримт болоогүй тул тухайн тэмдэглэлд юуны тухай бичигдсэн байсан талаарх мэдээллийг нийтэд дэлгэхээс татгалзжээ.
“Red Light” дуу цацагдах үед интернэтэд түүний талаар тархсан цуу яриа, дарамт зэргээс болоод урлагийн салбараас түр завсарлага авч байсан. Үүнээс жилийн дараа буюу 2015 оны наймдугаар сард "f(x)" хамтлагаас албан ёсоор гарсан. Гэвч 2017 оны эхээр хар тамхины хэрэгтэй холбоотой асар их цуу ярианд өртөж, "No Bra Day" буюу хөхөвч өмсөхгүй байх хөдөлгөөнийг дэмждэгээсээ болж Солонгосчуудаас маш их үзэн ядалт, зэмлэл хүртсэн гэх мэтчилэн багагүй дарамт амсаж байсан билээ. Шүтэн бишрэгчид нь эдгээр дарамтууд түүнийг амиа хорлоход хүргэсэн хэмээн таамаглаж, эмгэнэл илэрхийлсээр байна. Шүтэн бишрэгчдийн сэтгэгдлээс:
- “Sulli бүхий л ертөнцийг хүртэх эрхтэй байсан, харин хорвоо ертөнц түүнийг хүртэх эрхгүй байж.”
- “Өнөөдөр диваажинд ахин нэг сахиусан тэнгэр нэмэгдлээ. Үнэхээр хэн ч хүртэх эрхгүй, сахиусан тэнгэр мэт эмэгтэй байсан юм шүү. Өдөр нь авахуулсан хэд хэдэн зургийг нь саяхан харж суусан юмсан. Тийм жаргалтай инээмсэглэлийнхээ ард юу нууж байсан нь үнэхээр аймшигтай юм...”
- “Чи минь үнэхээр их зүйлийг туулжээ. Яаж ч хашхирсан хоолойг чинь хэн ч дуулаагүй, яаж ч тусламж хүссэн хэн ч гараа сунгаагүй бололтой. Ахиад хэн ч түүний мэдэрснийг мэдрэхгүй байгаасай... Аймшигтай юм”
2019 оны тавдугаар сард "Kara" хамтлагийн гишүүн Гу Хара амиа хорлохыг завдаж байсан бөгөөд 2017 онд "Shinee" хамтлагийн гишүүн Ким Жонхён сэтгэл гутралын улмаас амиа егүүтгэсэн харамсалтай хэргүүд гарч байсан. Солонгосын урлагийн ертөнц хамгийн хатуу, ширүүн өрсөлдөөнтэй салбарын нэг. Дуучид нь нэг өдөр зүгээр сууж байгаад л дуулах дуртайгаа ухаараад, маргааш нь тайзан дээр гарчихдаггүй.
Ихэнхдээ 10-13 наснаасаа эхлээд дуулах, бүжиглэх, жүжиглэх, биеэ авч явах зэрэг бүхий л талаараа олон жилийн туршид бэлтгэгдсэний эцэст сая нэг тайзан дээр хөл тавих эрхээ авдаг. Асар их хичээл зүтгэл гаргадаг хэдий ч бусдын хэл амны бай болох нь хамгийн энгийн үзэгдэл. Үргэлж л дааж давшгүй их ачаалалтай ажиллаж, байнгын дарамтад байдгаасаа болоод сэтгэцийн эрүүл мэнддээ хангалттай анхаарал тавьж чаддаггүй тул ийм харамсалтай үйл явдлууд гарч байгаад зөвхөн шүтэн бишрэгчид нь төдийгүй олон нийт харуусал илэрхийлж байна.
Гаднаас нь харахад хамгийн гоё сайхныг нь өмсөж, хэн хүнгүй атаархам сайхан амьдралаар амьдарч буй мэт харагдаж болох ч хэн ч дотроо юуг нууж, яаж шаналж буйг нь мэдэх боломжгүй. Зөвхөн Солонгос дуучид ч гэлтгүй хүн бүрийн сэтгэлд хошин дүрээрээ алдаршсан жүжигчин, комедиан Robin Williams ч мөн адил 2014 онд сэтгэл гутралын улмаас амиа егүүтгэсэн байдаг.
Хүссэн бүхнээ олж аваад элбэг хангалуун амьдарч байлаа ч, бие мах бодынхоо хувьд эрүүл саруул байлаа ч сэтгэл зүйн хувьд эрүүл, тогтвортой байж чадахгүй бол хүссэн аз жаргалдаа хэзээ ч хүрэхгүй шүү дээ. Тиймээс сэтгэцийн эрүүл мэнддээ үргэлж анхаарч, өөрийгөө үргэлж хайрлаж байгаарай. Мөн хэлж буй үгс бүхэн тань бусдыг аврах ч, алах ч хүчтэй тул үг үйлдлээ хянан, дэргэдээ буй хайртай хүмүүстээ санаа тавихаа мартуузай.
Хэрэв та ч гэсэн ямар нэг байдлаар сэтгэл зүйн хувьд бэрхшээлтэй тулгараад байвал заавал хэн нэгэнтэй ярилцах, сэтгэл судлаачтай уулзах зэрэг ямар нэг байдлаар гарах гарц хайгаарай. Амьсгалах хором бүхэн тань, зүгээр л оршин буй тань хязгааргүй их үнэ цэнтэй юм шүү.
Ингээд энэхүү харамсалтай мэдээг түүний хамгийн сүүлчийн уран бүтээл болох "Goblin" дуугаар төгсгөе.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх