Аминчхан яриа №8: Умдагны үсээ "авах" шаардлагатай юу?


Нийгэмд тэр бүр нээлттэй ярьж чаддаггүй боловч хүн бүрийн мэдэж байх ёстой сэдэв болох бэлгийн боловсролын талаар бэлтгэн хүргэдэг “Аминчхан яриа” цувралынхаа ээлжит дугаараар ичимдэг эрхтэнд яагаад үс ургадаг, үүнийг хэрхэн арчлах талаар зөвлөмжийг хүргэж байна.

УМДАГНЫ ҮС ЯАГААД УРГАДАГ ВЭ?

Умдагны үс бэлгийн бойжилтын үед ургаж эхэлдэг бөгөөд энэ нь тухайн хүний нөхөн үржихүйн чадвар, бэлэг эрхтний хөгжил хөгжиж эхэлсэн гэдгийг илтгэдэг шинж тэмдэг юм. Хүний биеийн эрхтэн бүр өөрсдийн гүйцэтгэх үүрэг, зориулалттай байдгийн адилаар ичимдэг эрхтний үс ч гэсэн тодорхой зорилготой байдаг.

  • ҮРЭЛТИЙГ БУУРУУЛАГЧ

Хүний бэлэг эрхтэн орчмын арьс маш эмзэг байдаг учраас умдагны үс нь бэлгийн харилцааны үеийн үрэлт болон бусад эрсдэлээс хамгаалах зориулалттай. Зарим эх сурвалжууд үүнийг “хуурай тослогч” ч гэж нэрлэх нь бий. Учир нь арьсыг арьстай үрэхээс илүү үсийг үстэй үрэх нь илүү хялбар байдагтай холбоотой юм.

Мөн бэлэг эрхтэн дулаанаа хадгалах, бэлгийн сэрэл өдөөгдөх нэгэн хүчин зүйл болдог.

  • ӨВЧИН ҮҮСГЭГЧ НЯН, БАКТЕРИАС ХАМГААЛАГЧ

Сормуус, хамрын үс зэргийн адилаар ичимдэг эрхтний үс ч мөн хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал шороо, тоос, хог, аюул учруулж болзошгүй бичил биетнийг эмзэг эрхтэнд нэвтрэхээс сэргийлэх бөгөөд үсний булцуунд сэбум хэмээх тос ялгардаг нь нян үржихээс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн ичимдэг эрхтний үс нь дараах эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжтой гэнэ. Үүнд:

- Целлюлит
- Бэлгийн замаар дамжих халдвар
- Шээсний замын халдвар
- Үтрээний үрэвсэл
- Мөөгөнцрийн халдвар.

ХЭТ ИХ ҮС УРГАХ НЬ ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

Хүн бүрийн бие физиологийн онцлогоос хамаараад умдагны үсний ургалт өтгөн, шингэн байх нь харилцан адилгүй. Гэхдээ үсний ургалт хэт хэлбэлзэлтэй байх нь тухайн хүний дааврын өөрчлөлттэй холбоотой өвчний дохио ч байж болзошгүй. Тухайлбал, ичимдэг эрхтэн хэсэгтээ хэт бага үстэй эрчүүдэд тестостерон хэмээх даавар бага ялгарч байж болно. Тестостерон бага ялгарах нь бэлгийн дур хүсэл буурах, бэлгийн сулрал явагдах нөхцөлийг үүсгэдэг.

Санамж: Ичимдэг эрхтний үс хэвийн бус ургаж буй шинж тэмдэг илэрч байгаа бол эмчид хандахыг зөвлөж байна.

ИЧИМДЭГ ЭРХТНИЙ ҮС БОЛОН АРИУН ЦЭВЭР

2013 онд 7,580 хүнд хийгдсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 59 хувь, эрэгтэйчүүдийн 61 хувь бэлэг эрхтний ариун цэврээ сахих зорилгоор ичимдэг эрхтнийхээ үсийг авдаг гэж хариулсан аж.

Гэхдээ ичимдэг эрхтний үсээ авснаар бэлгийн ариун цэврээ сайн сахиж байна гэсэн үг биш. Үүнийг нийтийн дунд түгсэн буруу ойлголт гэж хэлж болно. Биеийн бусад үсний адилаар тос ялгаруулж, бактери шингээж, хөлс ялгаруулах бөгөөд онцлог нь арай өөр үнэртэй байдаг. Тогтмол угааж, бэлгийн ариун цэврээ хангаснаар ямар нэгэн асуудал үүсгэхгүй.

ИЧИМДЭГ ЭРХТНИЙ ҮСЭЭ АВАХАД ҮҮСЭХ ЭРСДЭЛ

  • ШАРХ

Хүмүүс гэрийн нөхцөлд умдагны үсээ авахдаа арьсаа зүсэх, түлэх нь бий. Мөн тууралтын шинж тэмдэг түгээмэл тохиолддог байна. Аливаа халдвар цусаар дамжиж биед ордог тул үсээ хэрхэн авах талаар зохих мэдлэгтэй байх нь чухал.

  • ХАЛДВАР

Өмнө нь дурдсанчлан, ичимдэг эрхтний үс нь таны биед нэвтэрч болзошгүй эмгэг төрүүлэгч бичил биетүүдээс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс энэ хэсгийн үсийг авах нь үтрээний үрэвсэл, мөөгөнцрийн халдвар гэх мэт нийтлэг халдваруудад өртөх магадлалыг нэмэгдүүлдэг.

Үсийг буруу авах нь арьсыг цочроож, улмаар целлюлит, фолликулит зэрэг арьсны халдварт өвчинг үүсгэж болно.

  • БЗДХ

Бэлэг эрхтний үсийг авах нь БЗДХ-ын эрсдэлийг нэмэгдүүлдэг. 2017 онд хийгдсэн судалгаанаас харахад ичимдэг эрхтний үсээ тогтмол авдаг хүмүүс БЗДХ-аар энэ хэсгийн үсээ авдаггүй хүмүүстэй харьцуулахад хавьгүй илүү хувиар өвчилсөн байдаг байна. Ичимдэг эрхтний үсээ авсны улмаас хламид, бэлгийн хомхой, ХДХВ, тэмбүү зэрэг БЗДХ-аар өвчлөх магадлал ихсэж болно.

ИЧИМДЭГ ЭРХТНИЙ ҮСЭЭ ХЭРХЭН ЭРСДЭЛГҮЙГЭЭР АВАХ ВЭ?

Энэ хэсгийн үсийг авахдаа шарх, халдвар авахгүй байх зөвлөмжийг дагаж мөрдөөрэй. Хэрвээ та үсээ ваксдуулах гэж байгаа бол мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй. Харин хусах аргыг ашиглах гэж байгаа бол гэрийн нөхцөлд дараах зааврын дагуу, өөрөө аюулгүй арга сонгохыг санал болгож байна.

- Усанд орох – Үсээ хусахаасаа өмнө арьсаа цэвэрхэн байлгах нь нян бактери дамжихаас сэргийлнэ.

- Сахлын хутга, хайчаа халдваргүйжүүлэх эсхүл ирийг нь шинээр солих – Шаардлагатай бүх багаж хэрэгсэл чинь халдваргүйжүүлэгдсэн буюу ариутгагдсан байх ёстой. Сахлын хутганы ирийг тогтмол сольж, хайч болон сахлын хутгыг бусад зорилгоор ашиглахгүй байхыг зөвлөж байна.

- Гар толь ашиглах – Үйл явцыг харж ажиглахад тань гар толь тусална.

- Арьсаа чийгшүүлэх – Хэрвээ та хусах аргыг хэрэглэж байгаа бол арьсаа чийгтэй байлгаарай.

- Үсний ургалтын дагуу хусах – Арьсандаа цочрол бага өгөхийн тулд үсний ургасан чиглэлд хусах, тайрах нь тохиромжтой.

- Дараа нь чийгшүүл – Үсээ хуссан болон ваксдуулсны дараагаар чийгшүүлэх тос түрхэх нь цочирдсон арьсыг тайвшруулахад тусална. 

- Хэдэн өдрийн турш бариу хувцаснаас зайлсхий – Таны дотуур хувцас арьстай чинь хэт наалдсан буюу бариу байх нь цочролыг улам даамжруулна.

- Тогтмол гуужуулах – Үхэжсэн арьсыг арилгахын тулд гуужуулагч эсвэл бие үрэгчийг ашиглаж байгаарай.

ИЧИМДЭГ ЭРХТНИЙ ҮСЭЭ АВАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГАА БОЛ АРИУН ЦЭВРЭЭ ХЭРХЭН ХАНГАХ ВЭ?

- Шүршүүрт орохдоо савантай, бүлээн усаар угаах.

- Үнэр оруулагч, химийн хортой найрлагатай бүтээгдэхүүнүүд бэлэг эрхтний шүлтлэг орчны тэнцвэрийг алдагдуулдаг тул энэ төрлийн бүтээгдэхүүнээс зайлсхийх.

- Ариун цэврийн өрөөнд орсныхоо дараа бэлэг эрхтнээ урдаас нь хойш чиглэлд арчиж хэвших

- Цэвэрлэснийхээ дараа энэ хэсгийн үсийг заавал хатааж байж дотуур хувцсаа өмсөх

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ...

Ичимдэг эрхтэнд үс ургадаг нь шалтгаантай. Гэхдээ та энэ хэсгийн үсээ хусах, тайрах, ваксдах, ургуулах эсэх нь зөвхөн таны сонголт гэдгийг битгий мартаарай.

Хэрвээ чамд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар тулгамдаж буй асуудал байгаа боловч хэнд хандаж зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа бол 21 аймаг, 9 дүүрэгт байрлах Залуучуудын хөгжлийн төвд хандаж зөвлөгөө авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Залуучуудын хөгжлийн төв” Фэйсбүүк бүлгэмд нэгдэн аваарай.

Цувралын бусад дугааруудыг унших бол ЭНД дараарай. 

#Боловсрол #Эрүүл мэнд #Бэлгийн боловсрол #Аминчхан яриа