YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Өвөө эмээтэйгээ байх хэцүү болж байна
Сайн байна уу? Би 19 настай, оюутан. Өвөө эмээ, авга ахын гэр бүлтэй хамт амьдардаг. Сүүлийн хоёр жил сэтгэл санаагаар амархан унах гээд байдаг болсон.
Юуны өмнө би мэргэжил болон сургуулиа өөрөө сонгосон гэхэд хэцүү. Мэргэжилдээ дургүй болохоор сургуулиасаа нэг жилийн чөлөө авсан. 12-р ангиа төгсөх үед гэнэт таних танихгүй хамаатан садан, эмээ өвөө гэх мэт их мэдэгчид гарч ирсэн. Өвөө эмээтэйгээ мэргэжил сонголтын талаар ярилцахад тэд намайг шууд “тийм хүн бол, яг тэрэн шиг бол” гээд хуурай дүүгийнхээ хэлсэн мэргэжлийг тулгаж байсан. Миний сонирхлыг огтхон ч хүндлээгүй. Үүнээс болж яахаа мэдэхээ байж, стрессдсэнээс болоод мэргэжлээ буруу сонгочихсон юм.
Миний сул тал бол даруухан, ярихдаа тааруухан байдаг явдал. Ер нь л өвөө, эмээгийн хэлснээр байсаар ирсэн. Бусдад аль болох төвөг болохгүйг хичээдэг, асуудлаа дотроо хадгалдаг нэгэн. Харин одоо бол би бага зэрэг өөрчлөгдсөн. Өөрийн гэсэн бодолтой, хүнтэй харилцах нь ихэссэн. Тулгамдсан асуудлаа эргэн тойрныхонтойгоо аль болох зөвлөлдөх гэж хичээдэг. Гэсэн ч өвөө эмээ маань намайг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй хэвээр. Гэвч өвөө маань бусад ач зээ нараасаа зөвхөн намайг л ад үздэг болохыг хоёр сарын өмнө мэдээд сэтгэл санаа тогтворгүй байсан дээр шулуун цохилт болсон.
Дээрээс нь надтай янз бүрийн асуудлаар хэрүүл хийх болсон. Тэр надаас төгсийн төгс байхыг шаардаж томоос том хүлээлт үүсгэдэг. Ямар ч алдах эрхгүй мэт. Хэдий эмээтэй эвтэй байдаг ч гэсэн ер нь хэрэлдчих гээд байдаг. Өвөө эмээтэйгээ байх хэцүү болж байна. Тэгээд хоёр өрөө байранд маш олуулаа амьдардаг. Би яг л шоронд байгаа мэт санагддаг учраас түрээсийн байр ч болов хөлсөлж тусдаа гарах нь зөв юм байна гэж бодох боллоо. Энэ шийдвэр нь зөв болов уу?
ЗӨВЛӨГӨӨ: Мэдрэмжээ цаг тухайд нь илэрхийлж байгаарай
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун бус бөгөөд хувийн орон зай ихээхэн дутагдаж байгаа юм байна. Сөрөг бодол давамгайлсан үед өөрийн амьдралын эргэн тойронд байгаа эерэг зүйлсийг анзаарахаа больдог. Өөрийн мэдрэмжийг нуух биш бусдад хэлж, ойлгуулж эхэлж байгаа чинь сайн байна. Асуудлаа хэн нэгэнд хэлж зөвлөлдөх үед бид тайвширдаг. Тиймээс өөрийн мэдрэмжийг цаашид ч тогтмол илэрхийлж байгаарай.
Эмээ өвөөгөөсөө тусдаа гарлаа гээд харилцааны асуудал шийдэгдэх боломжтой юу? Харилцааны асуудлыг харилцаагаар л шийдэх боломжтой. Захианд хэлсэн байна, тэдний үгээр л байнга явсан гэж. Эмээ өвөөдөө өөрийн бодлыг тэр болгон хэлдэггүй байсан болохоор өөрийг чинь ойлгохгүй байсан юм болов уу? Тиймээс тэдэнд өөрийн бодлыг хэлсэн хэвэндээ л байгаарай.
Магадгүй эмээ өвөөдөө гомдсон учраас ярилцах гэж оролдох болгондоо таагүй өнгөөр хэлээд үл ойлголцол бий болдог байсан байж магадгүй. Өөрийн мэдрэмжийг тэвчиж байгаад хэлэх, тухай бүрт нь хэлэх хоёрын үзүүлэх хариу үйлдэл их ондоо байдаг. Тиймээс өөрийн мэдрэмжийг цаг тухайд нь зөвөөр илэрхийлж сураарай. Мөн тусдаа гарах боломж өөрт чинь байгаа юу? Эдийн засгийн хувьд боломжтой юу? Хэрэв тусдаа гарахад асуудалгүй гэвэл сайн бодож байгаад сонголтоо хийгээрэй.
Мэргэжил сонголтын хувьд хүсээгүй мэргэжлээ сонгосон оюутнууд олон байдаг. Мэргэжлээ солих боломжгүй, шилжих боломжгүй тохиолдол их. Ийм нөхцөл байдалтай тулгараад байгаа оюутнуудад дараах зөвлөгөөг хүргэж байна:
- Дургүй мэргэжлээ сонгосон гээд сурах дөрвөн жилээ үр бүтээлгүй битгий өнгөрөөгөөрэй. Сурсан мэдлэгээ ямар ч салбарт хөрвүүлэх боломжтой гэдгийг ойлгоорой. Эзэмшсэн мэргэжлээ ашиглаад өөр олон салбар луу салаалж, хөрвөж ажиллах боломжтой цаг үе гэдгийг санаарай.
- Бакалавраа хүссэн мэргэжлээрээ сурч чадаагүй хэдий ч магистртаа өөр мэргэжлээр дахин сурч болдог. Магистрт сурах гэлтгүй өмнөх үзсэн бакалаврынхаа хичээлүүдийг дүйцүүлэн тооцуулаад дахин өөр мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт сурах боломжтой. Хүн амьдралдаа зөвхөн нэг мэргэжил л эзэмшинэ гэсэн хууль байхгүй шүү дээ.
- Мөн сургуулиа сайн судлаарай. МУИС хос хавсарга мэргэжлээр сургах хөтөлбөртэй байдаг. Одоо тулгараад байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд ямар үйлдэл хийвэл нөхцөл байдал өөрийн чинь хүссэнээр эргэхээр байна вэ гэдгийг бодоорой. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Эдгээр үгс яагаад ч юм сэтгэлд минь үлдчихсэн
Сайн байна уу? Би 11-р ангид сурдаг, эмэгтэй. Хөл хорио гээд гэртээ байх тусам улам ууртай болж, сэтгэл гутрал маань ихэссэн. Би өөрөө илүүдэл жинтэй учраас өөртөө итгэх итгэл гэдэг зүйлийг хэзээ ч мэдэрч байгаагүй. Ярьсан нэг зүйлээсээ болоод хэдхэн найзаасаа салчих вий гэж ихэд болгоомжилдог боловч дуугүй байдал маань бүр ч илүү холдуулдаг бололтой.
Надад яриа эхлүүлэх чадвар гэдэг зүйл огт байхгүй. Би хоёр найзынхаа яриаг санамсаргүй сонссон юм л даа. Д гэдэг найз маань намайг А-тай холбох дуртай. Тэгээд юм л бол А-г над руу юм бичээч гэж хэлдэг. Гэтэл тэр “би хөөрхөн хүн хайж байна, сайхан сэтгэлтэй биш. Бид хоёрт ярих сэдэв байхгүй ээ, яриа явахгүй болохоор юм бичихгүй” гэж хэлсэн. Эдгээр үгс яагаад ч юм сэтгэлд минь үлдчихсэн. Уул нь тоохгүй байх гэж хичээсэн ч огт толгойноос гарахгүй юм.
Тэгээд ч болоогүй, одоо төгсөх жил рүүгээ орох гэж байж миний дүн маш их буурч байна. Шинжлэх ухааны хичээлийн дүн маш муу болсон. Хичээлээ давтах гэхээр яагаад ч юм хүсэл төрдөггүй бас огт тогтоогддоггүй. Сурах арга барилаа огт олж чадахгүй байна. Миний мөрөөдөл бол сэтгэл зүйч мэргэжилтэй болох. Гэхдээ энэ янзаараа тэр мөрөөдөлдөө хүрэхгүй зүгээр л ийш тийшээ гэсэн ажилтай болчихвол яана гэх айдас үнэхээр их төрлөө. Та бүхэн надад зөвлөөч, яах ёстой вэ? Мөн та бүхнээс энэ асуултыг асуумаар байна. Найзын хайр, эрэгтэй эмэгтэй хосын хоорондын хайрын ялгаа яаж илэрдэг вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө бага ч болов зөөлөн хандаарай
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хүн болгонд дутуугийн мэдрэмж гэж бий. Өөрт байгаа дутуугийн мэдрэмжээ “юугаар” дүүргэж байгаагаас хамаарч бие хүний онцлог өөрчлөгдөнө. Өөрийн дутуу байдлаа мэдээд түүнийгээ эерэгээр өөрчилдөг хүмүүс байдаг. Яг одоо өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд чамд юу надад саад болж байна вэ?
Илүүдэл жин маань өөртөө итгэх итгэлийг маань багасгаад байна - Тэгвэл энэ дутуугийн мэдрэмжээ би юугаар дарах вэ? Магадгүй дасгал хөдөлгөөн тогтмол хийж болох юм. Үүний тулд сэтгэлийн хат болоод цаг хугацаа шаардагдана гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амьдралдаа бага ч болов өөрчлөлт хийж эхлэхэд бидний сэтгэл санаа тогтвортой болдог.
Сэтгэл санаа тогтворгүй, энэ байдал удаан үргэлжилсэн үед одоо цаг битгий хэл ирээдүй маань ч бүтэхгүй мэт санагдаж эхэлдэг. Өөртөө бага ч болов зөөлөн хандаарай. Чи чадахгүй юм биш харин яг одоо сөрөг сэтгэл хөдлөл давамгайлаад байгаа болохоор бүх зүйл бүтэхгүй мэт санагдаж байгаа юм. Ирээдүйн өөртөө биш яг одоо байгаа өөрийгөө тайвшруулж сураарай. Сөрөг бодлууд бодогдож эхлэх үед гүнзгий амьсгаа аваарай. Одоо бодогдож байгаа бодлууд маань түр зуурынх, эдгээр бодлуудаас болоод миний үнэ цэн буурахгүй гэж хэлж өөртөө анхааруулж байгаарай. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн цагт хүн өөрчлөгдөж эхэлдэг гэдэг үг бий. Өөрийн давуу болон сул тал, гадаад үзэмж, зан ааш, амьдралын туршлага гээд бүх зүйлийг байгаагаар нь харахыг хичээгээрэй. Өөрийгөө хүлээн авах хандлагатай байгаарай. Үүний дараагаар өөрчлөгдөх хэрэгтэй гэж үзвэл түүнд тохирох жижиг ч хамаагүй үйлдэл хийж эхлээрэй. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Одоо надад хэн ч алга
Сайн байна уу? Би 14 настай. Өнгөрсөн сарын дундуур нэг хүүтэй үерхсэн. Тэр намайг чатаар гуйсан. Би түүнд сайн, би ч түүнд таалагддаг байсан. Үерхсэн өдрөө л шууд гурав дөрвөн удаа ярьж, бие биенээ сайн мэдэлцэж, бие биедээ улам их татагдаж, уулзмаар бас тэврэхийг маш их хүссэн. Удалгүй бид хоёр уулзаж, намайг үнсэж тэвэрч үнэхээр гоё хайрласан.
Гэвч үерхээд 20 хоноод бид хоёр уйдаж бие биендээ нэг л хайргүй болсон юм шиг болов. Надад ч тэр, түүнд ч тэр тэгж санагдсан. Даанч салж чадахгүй, байнга бодож хайрласан. Тэр миний эмэгтэй найзтай чатлаад намайг хуурсан. Дараа нь тэр нэг орой над руу залгаад салъя гэж хэлсэн. Өмнө нь манай найзууд сал сал гэдэг байсан ч би чадахгүй хэцүү байсан. Гэхдээ л салсан. Түүнээс салаад ганц хоёр хоног үнэхээр хэцүү байсан. Надад өмнө нь хэн ч хэзээ ч ийм их хайр халамж, аз жаргалыг өгч байгаагүй учраас би түүнийг санаж хоолойг нь сонсохыг хүссэн.
Харин хэд хоногийн өмнө тэр над руу залгахад нь би маш их санаснаа хэлэхэд тэр намайг санаагүй гэсэн. Миний анхны ийм гоё нандин үерхэл байсан учраас түүнийг үнэхээр их санаж буцаад нийлэхийг хүссэн. Одоо надад хэн ч алга. Яг яахаа мэдэхгүй байна.
ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө битгий буруу өгөөрэй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Анхны үерхлийн дурсамж өгсөн хүнээ санах, түүний өгсөн мэдрэмжийг дурсах нь хэвийн үзэгдэл. Энд өөрийн чинь буруу байхгүй. Гэвч нөгөө талаас чи түүнтэй удаан хугацааны эрүүл харилцааг бий болгож чадах байсан уу? Үерхэж байх үедээ найзтай чинь харилцаж байсан нэгэн удаан хугацааны үерхэл бий болгож чадах байсан уу?
Эрүүл харилцаа гэдэг нь бие биенээ сонсдог, өөрсдийн мэдрэмжээ айж эмээхгүйгээр ярилцдаг, бие биенийхээ сонголтыг хүндэлдэг, хамтын шийдвэрт хүрдэг харилцаа гэж байгаа юм. Түүнтэй эрүүл харилцаа бий болгож чадах байсан уу гэдгээ дахин бодоорой. Үерхлээ үргэлжлүүлсэн ч энэ харилцаа эерэг байх байсан болов уу? Нэг харилцаа дуусах нь өөр шинэ харилцааны эхлэл болдог. Энэ үед өөртөө зөөлөн хандаарай. Өөртөө буруу битгий өгөөрэй. Чамд амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх