Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: 17, 18, 19 насанд шилжилтийн нас гэж байдаг уу?
Сайн байна уу? Өмнөх асуултанд минь хариулсанд баярлалаа. Маш их баярлалаа. Дахин асуулт байна. Шилжилтийн нас яг хэдэн настайд эхлээд хэдэн насанд дуусдаг вэ? 17, 18, 19 насанд шилжилтийн нас гэж байдаг уу? Би одоо 19 тэй. 18 тай байхдаа хүн болгон ядаргаатай санагдаад л аль болох хүмүүсээс хөндийрөөл байдаг байлаа. Нэг сонин байгаа өөрөө хүртэл мэдрээд. Хандах гэхээр хаана хэнд яаж хандахаа мэдэхгүй. Одоо ингээд мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж байгаадаа баяртай байна. Миний хувьд 19-тэй ч гэсэн үеийнхнээсээ доод үеийнхэнтэйгээ харьцах илүү дуртай байдаг.
Яагаад гэвэл элдэв дээдийн ааш зангүй харьцахад тайван амгалан байдаг болохоор. Одоо бол би их муухай ааштай. Юманд маш амархан уурладаг, маш зүйлд хүртэл шүү. Ширээ арчиж дуусаад эргээд хүн үртэс уначихвал л уурлах жишээний. Мэдээд байгаа хэрнээ л барьж чадахгүй нь. Багасаа л ер нь иймэрхүү ааштай байсан. Гэхдээ улам хүндрээд байх шиг. Тэгээд хүмүүс жоохон л таалагдахгүй бол таалагдахгүй байгаа хэлээд л хаячихна.
Дотны найз ч гэж байхаа болилоо. Аав ээж минь бол их сайн улсууд гэхдээ иймэрхүү зүйл надтай ярьдаггүй л дээ. Би ч яримааргүй байна. Ээж надад чи ийм ааштай хол явахгүй шүү гэдэг тэр бараг үнэн байх гэдгийг сүүлийн үед ойлгоод л байна. Ямар арга зам хэрэглэвэл энэ аашийг жоохон ч болтугай дарах бол оо? Уг нь их л хичээдэг. Гэвч ерөөсөө болохгүй юм.
ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насыг албан ёсоор 11-19 нас гэж үздэг.
Сайн байна уу, бидний өмнөх хариулт тус болсон бол их баяртай байна. Өсвөр насыг албан ёсоор 11-19 нас гэж үздэг. Бас хүүхэд бүрийн онцлогоос хамаарч яг хэзээ эхэлж хэзээ дуусах вэ гэдэг нь ялгаатай. Ойролцоогоор 22 насанд хүний зан төлөв, үзэл баримтлал тогтворжиж эхлэдэг бол 25 насанд бүрэн утгаараа нас биед хүрлээ гэж үздэг.
Уур бүхимдлын хувьд хэрвээ хүн өөрөө хүсээд хичээж чадвал хянаж, өөрчлөх бүрэн боломжтой зүйл юм. Чиний хувьд өөрийгөө "ууртай" гэдгээ хүлээн зөвшөөрсөн бас өөрчлөгдөхийг хүсч байна, энэ нь л хамгийн чухал. Уур бухимдал ихэнхдээ төрөлхийн зүйл биш харин амьдралын явцад дадал болсон зан байдаг. Асуудлыг шийдэх, даван туулах нэг төрлийн арга, гэхдээ үр дүн муутай биед хөнөөлтэй арга юм. Тэгэхээр "би ууртай хүн биш, зүгээр л ингээд сурчихсан байна, одоо харин энэ муу зуршлаасаа салах болно" гэж өөртөө хэлээрэй.
1. Аливаа болж буй үйл явдалд яарч битгий хариу үзүүл. Ялангуяа уурлах үедээ шийдвэр гаргах, хариу хэлэхээс татгалз. Ядаж л 5 минутын дараа хэлэхийг хүссэнээ хэлж болно. Энэ үед чиний хэлэх үг ч өөрчлөгдсөн байх болно. Гол нь уурласан үедээ шууд гадагшлуулалгүй хэсэг харзана гэсэн үг.
2. Яг ямар үед хамгийн их уурладагаа жагсааж бич. Магадгүй ширээ цэвэрлэсний дараа үртэс үрүүлэх нь жижиг зүйл шиг ч гэлээ чиний хийсэн ажлыг үнэлэхгүй байгаа юм шиг санагдсанаас эсвэл цэвэр цэмцгэр байдал чамд их чухал учраас уурлаж байгаа юм. Яг энэн шиг тайлбаруудыг нь ард нь бичээд үүнийг өөрчилж болох уу гэдгийг өөрөөсөө асуугаарай.
3. Хүсвэл сэтгэл судлаачтай өөрийн биеэр ирж уулзаж болно. Гол нь дээр хэлсэн шиг "би өөрийгөө өөрчилж чадна" гэдэг бодлоо орхихгүй байхыг хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх