ЗАХИДАЛ: Дөрөвдүгээр сарын захидлын хариу №1


ССҮТөв | YOLO.MN
2021-04-01

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Муу гарчихвал үхсэнээс ялгаагүй юм шиг санагдаж байна

Сайн байна уу? Би 15 настай, 9-р анги. Аав ээж маань намайг бага байхаас л “онц сурвал бүх юм болно” гэж хэлдэг байсан. Тиймдээ ч гэрийнхнийхээ итгэлийг алдахгүй гэсэндээ аль болох онц сурахыг хичээдэг. Харин одоо эргэн тойрныхон маань бүгд л мэргэжлээ сонгосон байхад би зүгээр л дүнгийн төлөө сурчихсан, ямар ч зорилгогүй, хичээл хийх хүсэл ч үгүй болсон байна. 

Энэ жил улсын шалтгалтдаа унаж, муу дүнтэй гарчихвал үхсэнээс ялгаагүй юм шиг санагдаж байна. Гэрийнхэнтэйгээ энэ талаар ярилцах гэхээр надад уурлаж, загнах юм шиг санагдаж байна. Надад туслаач. 

ЗӨВЛӨГӨӨ: Одоо өөрийнхөө төлөө суралцаад үзээрэй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Удаан хугацаанд өөртөө тавьсан зорилго нь гэв гэнэт алга болчихсон мэт санагдаж байна гэж ойлголоо. Хэдийгээр тухайн үеийн хичээлээ хийх зорилго чинь гэр бүлийнхнийхээ итгэлийг алдахгүй гэдэг дээр тулгуурлаж байсан ч маш хичээнгүйгээр, чин сэтгэлээсээ хичээлээ хийдэг байсан мэт санагдлаа. Тийм болохоор энэ нь тийм ч үр дүнгүй цаг хугацаа, хичээл зүтгэл байгаагүй байх.

Харин одоо чи өөрийнхөө төлөө аливаа зүйлд шинээр суралцаж, хүсэл сонирхлоо тодорхойлох боломжтой. Тиймээс юуны түрүүнд гэр бүлийнхэнтэйгээ өөрийнхөө мэргэжлийн чиглэл, сонирхлынхоо талаар харилцан ярилцаад үзээрэй. Учир нь ярилцаж байж л харилцан ойлголцож, асуудлыг шийдвэрлэх боломжтой шүү дээ. Хэрэв өөрийн сонирхлоо тодорхойлоогүй бол дараах асуултуудад хариулаарай.

Чи хаана, юу хийж байхдаа хамгийн сэтгэл ханамжтай байдаг вэ? Чи юуг өөрийнхөө хувьд хамгийн сайн хийж чаддаг гэж боддог вэ? Тэдгээрийг тодорхойлоорой. Мөн олон нийтийн үйл ажиллагаа, сайн дурын ажилд оролцож, шинэ хүмүүстэй танилцсанаар өөрийгөө хаана, юу хийж байхдаа сэтгэл ханамжтай байдаг, юу хийж чаддаг талаараа танин мэдэх боломжтой. Мөн багш эсвэл ээж аавынх нь зүгээс чамд таалагдсан санал болгосон мэргэжил байгаа юу? Их сургуулиудын веб сайтуудаас сонирхож буй чиглэлийнхээ мэдээллийг авах боломжтой. Мөн мэргэжлийн сэтгэл судлаачид хандаж мэргэжил сонголтын оношилгоо хийлгэх боломжтой. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Худлаа ярьдаг зуршилтай болсон

Сайн байна уу? Би 16 настай, айлын бага. Дээрээ гурван эгчтэй. Аав ээж маань 50 гаран настай. Тэд намайг бусдаас илүү байж, амьдралдаа алдаа гаргахгүй байхыг шаарддаг. Надад энэ нь дарамт болдог. Үргэлж тэдний үгээр явсаар байгаад юу хүсэж мөрөөддөгөө ч мэддэггүй. 

Гэхдээ үүнийгээ хэнд ч хэлж байгаагүй. Зүгээр юм шиг л жүжиглэдэг. Хамгийн хэцүү нь худлаа ярьдаг зуршилтай болчихсон. Хэдэн сарын өмнөөс ямар ч сэтгэл хөдлөл гаргаж чадахаа больсон. Яг л үхсэн мэт. Яагаад байгаагаа үнэхээр ойлгохгүй байна. Хааяа үхэх тухай бодох болсон. 

ЗӨВЛӨГӨӨ: Хэлэхгүй л бол мэдэхгүй шүү дээ

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Гэр бүлийнхэн чинь чамайг дэмжээсэй, байгаагаар чинь хайрлаасай гэж хүсэж байна гэж ойлголоо. Энэ мэдрэмжээ удаан хугацаанд тээж явсан бололтой. Бид өөрт төрж буй сөрөг мэдрэмжээ удаан хугацаанд илэрхийлж, гадагшлуулаагүй үед өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлж чадахгүй болох, эсвэл ямар нэг зүйл мэдрэгдэхгүй хоосон санагдах гээд байдаг талтай. Тиймээс хэн нэгэн чамд таалагдахгүй, шийдвэрийг чиний өмнөөс гаргаж, чамд тулгах гээд байвал энэ талаарх өөрийн бодол санаагаа илэрхийлж байхыг хичээгээрэй. Илэрхийлэхгүй л бол бусад хүмүүс чамайг юу хүсэж, юу мэдэрч байгааг мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор аав ээж нь чамайг ямар бодолтой, ямар мэдрэмжтэй байгааг мэдэхгүй байх боломжтой.

Мөн амьдралдаа алдаа гаргахгүй байна гэж юу гэсэн үг вэ? Гэр бүлийнхэн чинь чамайг ямар талаараа бусдаас илүү байгаасай гэж хүсдэг вэ? Энэ талаар асууж гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай. Таалагдахгүй байгаа зүйлээ илэрхийлэхгүй удаан явах нь тийм ч амар зүйл биш шүү дээ. Тийм болохоор гэрийнхэнтэйгээ ярилцаж, харилцан ойлголцохыг хичээгээрэй. Хэрэв чи өөрийнхөө юу хүсэж, мөрөөдөж байгаагаа мэдэхгүй байвал дараах асуултуудад хариулж, сонирхлоо тодорхойлоход туслах зарим аргуудыг туршаад үзээрэй.

1. Хүмүүс өөрийн хамгийн сайн чадах, түүнийг хийж баяр баясал авдаг эсвэл танд хамгийн чухал тэдгээр зүйлсийг сонирхох хандлагатай байдаг. Тийм болохоор олон төрлийн үйл ажиллагаа, сайн дурын ажилд оролцож өөрийгөө сориорой. Энэ нь чи хаана юу хийж байхдаа сэтгэл ханамжтай байдаг мөн юуг сайн хийж чаддаг вэ гэдгийг тодорхойлоход тусална.

2. Заримдаа хүмүүс бидэнд өөрийнхөө мартсан мөрөөдлийг эргэн санахад тусалдаг. Тиймээс бусад хүмүүсээс өөрийнхөө юу мөрөөддөг мөн юуг сайн хийж чаддаг гэж боддог талаар асуугаад үзээрэй.

3. Бусад хүмүүстэй юуны талаарх ярилцах нь чамд сонирхолтой байдаг вэ? Чиний бусадтай хуваалцах мэдээлэл, ярилцах дуртай сэдэв чиний сонирхол, мөрөөдлийг илэрхийлэх боломжтой байдаг. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter