McDonald's-ын ажилтнаас мэргэжлийн боксчин болсон түүх


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-04-16

Мэргэжлийн боксын WBO холбооны cruiserweight /91 кг/ жингийн шинэ аваргын амьдрал 2012 оны наймдугаар сарын нэгэн өдөр бургерийн мах шарах хооронд өөрчлөгдсөн юм.

"Викториа буудлын McDonald's-д ажилладаг байлаа" гэж Лоуренс Околи 2012 оны зуныг дурсан ярив. Ганцаардсан, амьдралдаа юу хийхээ мэдэхгүй төөрөлдсөн, хэт таргалалттай тэр үе.

120 кг давсан жинтэй, цагийн 5 фунт стерлингийн /19 640 төгрөг/ цалин авдаг, аз жаргалгүй өсвөр насны хүүгийн амьдрал "галзуу" гэмээр өөрчлөгдөж, ердөө сарын өмнө WBO холбооны cruiserweight жингийн аварга болсон билээ.

Аваргын төлөөх тулаан

Түүний амьдрал 2012 оны наймдугаар сарын нэгэн өдөр McDonald's-д бургерийн мах шарах хооронд өөрчлөгдсөн. Махаа эргүүлж орхичхоод гал тогооны арын өрөөнд байх зурагтаар Олимпын хүнд жингийн финал, Энтони Жошуагийн тулааныг үзэж байв.

Околи олимпын алтан медальт Жошуагийн цохилт, тулааны агшин бүрийг шимтэн үзэж, тэрхэн мөчөөр амьсгалж байлаа. Тэрээр хэдхэн өдрийн дараа ажлаа орхин, боксын бэлтгэлд явж, тулалдахыг суран, "нохой шиг" зүтгэж 2016 оны олимпын наадамд Их Британийн нэрийн өмнөөс өрсөлдөхөөр зориг шулууджээ.

Жингээ хасаж, өдөр ирэх тусам сайжирч байсан Околи Английн 2014, 2015 оны их сургуулиудын аваргад түрүүлж, 2016 оны Европын аваргаас алтан медаль хүртсэн. Улмаар зорьсондоо хүрч Их Британийн нэрийн өмнөөс Риогийн олимпод оролцох эрхээ авсан бөгөөд олимпын наадмын шөвгийн 16-д ялагдсан юм.

Эссекс дэх McDonald's-д 18 сарын турш ажилласан Околи "Сайхан хувцастай, үнэтэй цаг зүүсэн сургуулийн найзууд минь Victoria буудлаас галт тэргэнд суухынхаа өмнө яаран ирж бургер авдаг байлаа. Ямар нэг том ажлын уулзалтад яарсан тэднийг хараад би юу ч хийхгүй амьдарч байгаагаа ухаарсан.

Би ичдэг байсан. Хэзээ ч гоёмсог хослолтой зураг авахуулж байгаагүй. Өмнөх найз охиныхоо эцэг эхэд ийм ажил хийдгээ мэдэгдэхийг хүсдэггүй байлаа. Оронд нь ажилгүй гээд хэлчихдэг байв" гэв.

Жошуагийн тулааныг үзсэн явдал нь Околигийн амьдралыг өөрчилсөн. "Амьдралыг чинь хормын дотор өөрчлөх зүйл байна гэдэг хачин л даа. Гэхдээ Э.Ж /Энтони Жошуа/ над шиг л Нигери гэр бүлээс гаралтай, хүүхэд байхдаа олон бэрхшээлтэй тулгарсан нэгэн. Тэр 2012 оны олимпын финалд амархан ялаагүй. Амьдралынхаа саад бэрхшээлийг даван туулж байгаа юм шиг л тулааны хүнд хэцүүг даван гарсан". Энэ л бодол Околиг зоригжуулжээ.

Тэр финалыг үзээгүй бол амьдрал нь өөрчлөгдөхгүй байсан гэж Околи хэлсэн. Тиймдээ ч бусдад урам зориг өгөх зорилготой өөрийнхөө тухай номоо хэвлүүлсэн байна.

Лондон хотын Хакни дүүрэгт өссөн Околи өсвөр насандаа дээрэлхүүлж, хулигаануудад алуулах дөхсөн удаатай. Энэ дурсамжууд нь ч түүнийг энгийн хүн гэдгийг сануулдаг аж.

14-тэй байхдаа өөрийг нь тарган гэж "шоглосон" хүүг доромжилсны дараа хулигаанууд түүнийг зодохоор гэрийнх нь үүдэнд хүлээж байв. Энэ үед Околи хутгалуулж үхнэ гэдгээс өөр зүйл бодохгүй байсан гэдэг.

Тэрээр энэ талаар "Би хэдий айж байсан ч ирж байгааг нь сонсоод уулзахаар гарсан. Гэвч тэднийг харсан даруйдаа гэртээ үлдэх байснаа ухаарсан. Дүү бид хоёрын өөдөөс 20 орчим хөвгүүд хараад зогсож байлаа. Тэдний дунд, сургууль дээр намайг шоглож байсан хүү гартаа лонх барьжээ.

Намайг цохиж чадах байсан ч найз нь болиулаад надад миний найз чамайг тэнд зогсоож байгаад нүүр рүү чинь, болсон гэж бодох хүртлээ цохино. Хэрэв чи үгүй гэвэл зохих шийтгэлээ хүрт гэсэн юм. Би хутганаас маш их айж байсан тул хэлснээр нь зогсоод хоёр ч удаа цохиулсан.

Харин дүү минь надаас илүү зоригтой байсан ба миний нэрийг хэлэн хашхирсан. Тэрхэн мөчид би тэр хүүг зөрүүлээд унатал нь цохичихсон. Санаатай үйлдэл байгаагүй л дээ. Зүгээр л дүүг хашхирсны дараах хариу үйлдэл байв. Бусад нь намайг зодож, хутгалахаар завдахад зарим нь хэрэггүй гэж байлаа.

Гэтэл нэг нохойтой залуу гарч ирээд тэднийг болиулж хөвгүүдийг шударгаар зодолдуул гэсэн юм. Ингээд би намайг шоглосон хүүгийн хамрыг хугалахад дахин нэг л цохилт хэрэг болсон. Дараа нь бид гар бариад салцгаасан. Тэдний энэ байдал хачин санагдсан ч би хүндэтгэлийг нь хүлээсэн юм шиг.

Удалгүй хулигааны бүлэглэлүүд намайг элсүүлэхийг хичээх болсон. Энэ амархан байсан ч би ээжээсээ эмээгээд тэднээс зайгаа барьдаг байлаа. Гэхдээ л өдөр бүр алуулахвий гэсэн айдастай явдаг байв.

Заримдаа хүмүүс хар тамхи зардаг хулигаануудтай нөхөрлөдөг. Учир нь тэд мөнгөтэй, гял цал болсон хувцас, машинтай. Тиймдээ ч би сургуульд байхдаа хулигаан байсан залуусын амьдралыг сайн ойлгодог байв" гэв.

Околи Энтони Жошуатай хамт

Околи хулигаан шиг харагддаг, хар арьстай болохоор нь цагдаа нар хэд хэдэн удаа баривчилж байжээ. Одоо тэр ийм байдалд ордоггүй ч өнгөт арьст хөвгүүдтэй бүдүүлэг харьцах цагдаа нар байсаар байгаад сэтгэл эмзэглэж буйгаа илэрхийлсэн юм.

Околигийн ээж хүүгээ дэлхийн аварга болох мөчид гэр дүүрэн баярлаж, хашхирч байсан гэдэг. Учир нь тэр мөч Африкаас дүрвэн, хүнд хэцүүг туулсан амьдралынх нь хамгийн сайхан зүйл байсан юм.

Одоо McDonald's-аас хүссэн хэмжээгээрээ авч чаддаг болсон ээж хүүгээ цагаан хоолтон болсныг хэлсэн бөгөөд "McDonald's цагаан хоолны сонголттой болох хэрэгтэй юм байна даа" хэмээн инээмсэглэв.

Околи удахгүй heavyweight /Энтони Жошуагийн жин/ жинд шилжин аварга болохыг зорьж байгаа бөгөөд "Жошуа олимпод түрүүлж байхад би McDonald's-д ажиллаж байлаа. Дараа нь яг л түүн шиг олимпод оролцож, мэргэжлийн боксын аварга болсон. Миний амьдрал яг л нэг тойрог шиг санагдаж болох ч би жингээ сольсноор тойрог дуусах болно" хэмээсэн юм.

Эх сурвалж: The Guardian

#Спорт #Тамирчин