Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: БИ ТҮҮНИЙ ТУСАЛЖ ДЭМЖДЭГ НАЙЗ НЬ БАЙМААР БАЙНА
Сайн байна уу. Би одоо 17 настай, 11р ангийн сурагч гадаадад сурдаг л даа. Ер нь их ичимхий өөртөө итгэх итгэл муутай их тайван дуугай хүн л дээ. Уг нь жоохон байхдаа ийм хүүхэд байгаагүй л юм. Энэ жил нүүгээд шинэ сургуульд орсон дуу муутай болохоор бүгдэнтэй нь найзууд сайхан харилцаатай ч гэсэн гоё инээж баясаж дотно зүйлсээ ярилцдаг, байнга л цуг явж байдаг сайн найзтай болоогүй л байна. Гэхдээ энэ ч яах вэ, анх ангид орход л нэг хөвгүүн нүдэнд туссан юм.
Тэгээд Англи Испани хэл дээр хоёр хуваагдаад ордог юм л даа. Анх англи хэлний ангид ороод суусан чинь миний хажууд ирээд сууж болох уу гээл суучихсан дотроо ямар их баярласан гээч. Тэгээд дараа нь Испани хэл дээр намайг дагасаар бас миний хажууд ирээд л суучихсан тэгээд испани хэлээр хажууд сууж байгаа хүүхэдтэйгээ танилц гээд сайхан юм ярих боломж олдоод жоохон биеээ барьж ичэнгүйрэх аястай байсан ч инээлдээд их гоё байсан. Тэр хүүхэд бол намайг бодвол найзуудтай дөрвүүлээ зүү орох зайгүй байдаг. Би ч мөн бусадтай нь ч гайгүй найз л даа.
Испани Англи хэл дээр л юм ярих боломж олддог бусад үед юм нэг их яриад байдаггүй. Гэхдээ тэрэнтэй байхдаа өөрийнхөөрөө гоё байдаг тэрэнтэй л гоё инээлдэж юм ярьдаг. Харин бусад үед намайг тоодоггүй ч гэмээр юм шиг өглөө сайн уу ч гэдэггүй би яг үнэндээ сайн ойлгохгүй л байгаа. Би энэ хүүхдэд хайртай юм болов уу? догдолж бариаад байдаггүй ч гэсэн харах их дуртай хараад л байдаг, хааяа бодогдоно санаа зовно зүгээр л энэ хүүхэдтэй сайн найзууд ч болмоор байгаа юм болов уу ? Чухал хүн нь болмоор зүгээр тааралдахаараа инээгээд юм яридаг биш байнга цуг байж тусалж дэмжих найз нь баймаар байна. Сая хэлсэндээ өглөө таараад сайн уу ч гэдэггүй гэж... Яг өглөө очихоор найзуудтайгаа дөрвүүлээ тойроод ихэнхдээ инээлдээд юм яриад зогсож байдаг болохоор зориглож очиж чаддаггүй, намайг тоохгүй байх вий ярьж байгаа юманд нь орохгүйдээ гэж бодоод зүгээр л чихэвчээ салгалгүй хараагүй юм шиг зогсдог. Надад зөвлөөч?
ЗӨВЛӨГӨӨ: Түүний хувьд чухал хүн байхыг хүсэх нь хэвийн зүйл юм
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе!
Өсвөр насанд бие махбодийн болон сэтгэл санааны өөрчлөлт их гардаг тул харилцан ярилцаж ойлголцох найз их хэрэгтэй байдаг. Тэр тантай онцгойлж харьцаж байна гэж бодсон болохоор түүнийг сайн найзаа байлгамаар байж магадгүй юм. Тийм болохоор түүнтэй найзлаж түүний хувьд чухал хүн байхыг хүсэх нь хэвийн зүйл юм. Та түүнээс яагаад өөр газар тааралдахаараа мэндэлдэггүй талаар нь асуух юмуу эсвэл өөрөө эхлээд мэндлээд үзвэл ямар вэ?
Мөн таныг өөртөө итгэлтэй илүү нүүрэмгий байж сайн найзтай болж харилцахыг хүсдэг гэж ойлголоо. Танд дараах зүйлсийг зөвлөж байна.
1. Өдрийн тэмдэглэл хөтлөх. Хэрэв та Анне Франкийн өдрийн тэмдэглэл хэмээх номыг уншсан бол үүн дээр ‘Цаас хамгийн тэвчээртэй нь’ гэж бичсэн байдаг. Өдөрт хийсэн юмаа нэгд нэгэнгүй тайлагнах биш өөрийн юу бодож байгаагаа, юу мэдэрч байгаагаа тэмдэглэхийг илүүд үзээрэй. Ийнхүү бичих нь бодлоо цэгцлэх, асуудлыг олж харан гарцыг олох, өөрийн алдаагаа ч олж харах боломжийг гаргаж өгдөг.Хэрвээ энэ номыг уншиж амжаагүй бол уншихыг зөвлөж байна. Өдрийн тэмдэглэл яаж хөтлөж болох талаар сайн санаа өгдөг мөн их сонирхолтой, сургамжтай ном юм шүү.
2. Мэтгэлцээн, илтгэх урлаг гэх мэт өөрийгөө илэрхийлэх чадвар суулгадаг зүйлийг хийх. Магадгүй мэтгэлцээний клубт хамрагдаж болох юм. Өөрийгөө чадахгүй гэж бодолгүй туршаад үзэхийг хүсч байна. Уг аргыг хэрэглэн өөрийгөө илэрхийлэн, бусадтай чөлөөтэй харьцдаг болсон жишээ их байдаг.
3. Нийгмийн идэвхитэй байх. Сайн дурын үйл ажиллагаа, номын клуб, гадаад хэлний ярианы клуб зэрэг маш олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагддаг болсон учраас үүнд хамрагдан шинэ найз нөхөдтэй болж мөн өөрийгөө илүү таньж илэрхийлэх чадвартай болох боломжтой юм.
4. Харилцааны байр сууриа сайтар бодох. Үерхэл нөхөрлөл, найзын талаар өөрийн гэсэн бодолтой болох. Энэ талаар гэр бүлийнхэн болон дотны хүмүүстэйгээ ярилцаад үзээрэй.
Танд амжилт хүсье!
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Зөвлөгөөг хүргэсэн: Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн дадлагажигч сэтгэл судлаач Б.Номин-Эрдэнэ
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх