Есдүгээр сарын 21-ний Бямба гарагт автомашингүй өдөр болно. Энэ өдөр хүмүүс машинаас айх айдасгүйгээр хүссэнээрээ явж, машин зам дээр дэвсгэр дэвсэн хөзөр тоглож, инээд хөөртэй нэг өдрийг өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ өдрөөр хийж болох өөр сонирхолтой санааг танд хүргэе. Ажил, хичээлээ мартан нэг өдрийг сайхан амарч өнгөрүүлээрэй!
АВТОМАШИНГҮЙ ӨДРИЙН ҮҮСЭЛ
“Автомашингүй өдөр” нь хотын бохирдол, замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах зорилготой арга хэмжээ юм. Энэхүү санаа нь 1970-аад оноос эхтэй. Ялангуяа 1973 оны газрын тосны хямралаас үүдэлтэй бөгөөд олон улс орны газрын тосны хараат байдлыг бууруулах хэрэгтэйг сануулсан арга хэмжээ юм. Автомашингүй өдрөөр түм түжигнэж, бум бужигнасан хотын хөл хөдөлгөөнийг эргэн харж, тайван явган алхаж, дугуй унах зэргээр олон нийтийг хөдөлгөөний дутагдлаас хамгаалах, нийтийн тээвэр гэх мэт өөр төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих боломж санал болгодог билээ.
1990-ээд онд байгаль орчны идэвхтнүүд болон ”Дэлхийн автомашингүй сүлжээ” зэрэг байгууллагуудын санаачилгаар автомашингүй өдрийг албан ёсоор баталсан юм. Ийнхүү 1994 онд Исландын Рейкьявик хотод анхны албан ёсны автомашингүй өдрийг зохион байгуулжээ. “Дэлхийн автомашингүй өдөр”-ийг 2000 онд байгаль орчныг хамгаалах байгууллага, орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр жил бүрийн есдүгээр сарын 22-нд албан ёсоор эхлүүлсэн. Олон жилийн турш дэлхийн хотууд энэ санаачилгад нэгдэж, зарим замын автомашины хөдөлгөөнийг хааж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний нэг нь манай Монгол улс юм.
АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
1. Алхангаа хоттой танилц
Хаа сайгүй дохиолол, сигналын чанга чимээ сонсогдож, ууртай жолоочдын хашхираан, бүдүүлэг үгс дунд хотын амьдралыг өнгөрүүлэх ямар ч хүний стрессийн түвшнийг нэмэх нь гарцаагүй. Иймээс автомашингүй өдрөөр хөл хөдөлгөөн ихтэй байдаг гудамж, замаар тайван алхаж, завгүй амьдралд анзаараагүй өнгөрсөн хотынхоо өнцөг, булан бүрийг ажих таатай боломж юм.
2. Арга хэмжээнд оролцох
Автомашингүй өдрөөр зам хаасан газруудад олон төрлийн урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулагддаг. Яг л баярын өдөр шиг байдаг шүү. Иймээс үнэгүй арга хэмжээнүүдэд оролцож, цагийг сонирхолтой өнгөрүүлээрэй.
3. Хотын төв дэх зугаалга
Хотын төвд машины зам дээр дэвсгэр дэвсэн, яг л байгальд хөдөө хээр байгаа мэт бяцхан зугаалга хийж болох юм. Зарим автомашингүй өдрөөр цэцэрлэгт хүрээлэн гэх мэт ногоон байгууламжид иогийн хичээл, фитнесийн арга хэмжээ зохион байгуулдаг шүү.
4. Байгальд ээлтэй семинарт оролцох
Байгальд ээлтэй арга хэмжээ учраас дахин боловсруулах, бордоо хийх, мод тарих зэрэг тогтвортой хөгжлийг дэмжих байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, семинарууд зохион байгуулагддаг учраас оролцоод үзээрэй.
5. Гэрэл зураг даруулж, зураг зурах
Энэ өдөр олон зурагчид хотоор явж, зураг дардаг учраас загварлаг, жаргалтай мөчөө гэрэл зурагт мөнхлөх сайхан боломж шүү. Өөрөө ч зураг дарж болно. Эсвэл нэг газар тухалж суугаад хотоо, хүмүүсийг зурж ч болно шүү дээ.
6. Гадаах кафед суух
Кафе, ресторанууд гадаа суудлаа нэмдэг учраас гадаа кофе шимэнгээ тайван сууж, өөрөө өөртэйгөө бясалгаарай. Бид ихэвчлэн ажлын өдрүүдэд уулзалт, ажлаа хийх гэж л кафед суудаг. Харин энэ удаа юунд ч санаа зовохгүй, тайван суугаад үзвэл ямар вэ?
Энэ мэт хийж болох зүйл олон учраас найз нөхөдтэйгөө эсвэл ганцаараа цагийг сайхан өнгөрүүлээрэй. Бидэнд тэр бүр ийм боломж олдохгүй шүү дээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх