Таалагддаг хүндээ сэтгэлээ илчлэхийн ӨМНӨ ба ДАРАА анхаарах зүйлс


ССҮТөв | YOLO.MN
2021-02-22

Бид сэтгэлээ хэнд, хэзээ алдахаа мэдэхгүй. Харин нэгэнт алдсан хүмүүсийн хувьд таалагдаж буй хүндээ сэтгэлээ илчлэх үү үгүй юу гэдэг эргэлзээтэй тулгардаг. Тэгвэл ийм сонголттой тулгарсан бол шийдвэрээ хэрхэн гаргах, сэтгэлээ илчилсэн ч татгалзсан хариу авсан бол үүнийг хэрхэн хүлээн авах талаар сэтгэлзүйч зөвлөгөө өгснийг хүргэж байна.

Юун түрүүнд хэн нэгэн өөрт чинь анхаарал хандуулсан, тааламжтай мэдрэмж төрүүлж байгаа бол энэ мэдрэмжээс татгалзах шалтгаан байгаа юу гэдгийг өөрөөсөө асуугаарай. Өөрт чинь өгч байгаа мэдрэмжийг таатайгаар хүлээн авч болно шүү дээ.

Ямар ч шийдвэр гаргасан энэ чиний л сонголт. Үйлдэл хийхгүйгээр харамсаж суух уу өөрийн зүгээс хийж чадах зүйлээ хийх үү гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай.

СЭТГЭЛЭЭ ИЛЧЛЭХЭЭР ШИЙДСЭН БОЛ...

Сэтгэлээ илчлэх эсэх нь чиний сонголт гэдгийг дахин сануулж хэлье. Гагцхүү ямар ч үр дүнг хүлээж авч чадна гэсэн үедээ сонголт хийгээрэй.

Хэрэв өөрийн сэтгэлийг ойлгуулахыг үнэхээр хүсэж байвал мэдрэмжээ нуух хэрэггүй болов уу. Энэ нь сэтгэлээ шууд хэл гэсэн үг биш. Түүнтэй сайхан хандаж, мэндэлж, юу хийж байгааг нь асууж байгаарай. Энэ энгийн үйлдлүүд бидэнд сайхан мэдрэмж төрүүлдэг шүү дээ.

ТОДОРХОЙГҮЙ ХАРИУ АВСАН БОЛ...

Өөрийн мэдрэмжийг илэрхийлсэн ч тоогоогүй бол яах вэ? Юун түрүүнд нөгөө тал өөрийг чинь баттай ойлгосон эсэхийг эргэцүүлээрэй. Магадгүй анзаараагүй бол яах вэ? Сэтгэлээ шууд бус замаар илэрхийлж байгаа бол тухайн хүн өөрийн чинь санааг шууд боломж хэр их вэ?

ТАТГАЛЗСАН ХАРИУ АВСАН БОЛ...

Хэн нэгнээс татгалзсан хариу авах нь бие махбодын өвдөлт мэдрэхтэй адил хэцүү мэдрэмжийг бидэнд өгдөг. Нэг үгээр сэтгэлийн өвдөлт бие махбодын өвдөлттэй адилхан гэсэн үг. Өөрийн зүгээс хийж чадах зүйлсээ хийгээд байхад татгалзсан, тодорхойгүй хариу авч байгаа болохоор хэцүү бөгөөд өвдөлттэй мэдрэмж авах нь мэдээж. 

Гэхдээ хэн нэгнийг хайрлалаа гээд тэр хүнд өгсөн шиг мэдрэмжийг эргүүлээд авахгүй үе гэж байдаг. Энэ их хатуу сонсогдож байгаа байх. Төсөөлөл болоод бодит байдал хоёр хоорондоо тохирохгүй байх үед бид бухимддаг. Анхаарлаа ухаалгаар төвлөрүүлж чаддаггүй. Гэхдээ ингэлээ гээд өөрийгөө ямар нэгэн байдлаар буруутгах, шийтгэх нь зөв биш шүү.

Өөрийн зүгээс хийж чадах зүйлээ хийсэн үү? Мэдрэмжээ илэрхийлсэн үү? Өөрийн зүгээс хийж чадах зүйлийг хийсэн байхад л хангалттай. Өгсөн мэдрэмжээ тэр хүнээсээ эргүүлэн хүсэх нь нэг төрлийн хувиа хичээж байгаа явдал. Хайр сэтгэлийн харилцаа зөвхөн нэг хүнээс хамаардаггүй, хоёр талаас хамаардаг. Түүний сонголтыг хүндлэх нь нэг талаар хайртай байсны илэрхийлэл.

Нэг харилцаа дуусах нь шинэ харилцаа эхлэх эхлэл нь болж байдаг. Магадгүй түүнийг явуулах нь өөрийгөө хэцүү байдлаас чөлөөлөх арга зам ч байж болох юм.

Ингээд нийтлэлийн төгсгөлд хайр гэдэг зүйлд тодорхой зөвлөгөө байхгүй гэдгийг сануулж хэлмээр байна. Өөрийн зүгээс юу хийж чадах вэ гэдэгт л ач холбогдол өгөхөд хангалттай юм шүү.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Сэтгэлзүй Хайр дурлал #Шохоорхол