Дээлтэй залуучууд "күүл"


YOLO.mn | YOLO.MN
2024-04-01

Үндэсний дээл гэж яг юу вэ, тэр дундаа залуучууд бидэнд яагаад үнэ цэнтэй вэ? Мандах төрийн малгай, тэгш төрийн дээл, бүтэх төрийн бүс, хаан төрийн хантааз, түших төрийн гутал гэдэг. 

Монголчууд эрт үеэсээ үндэснийхээ хувцсыг өмссөөр ирсэн билээ. Монгол дээлийг нүүдэлчин монголчуудын бие, эрүүл мэндийн онцлог хийгээд байгаль цаг уурын байдалд дасан зохицож ирсэн тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт нийцүүлэн бодож зохиосон гэх түүхтэй. 

Орчин үеийн амьдралын хэв маягаас үүдэн бид  дээл, хувцсаа үндэсний баяр, онцгой тэмдэглэлт өдрүүдээр өмсдөг болсон.  

Намайг багад эмээ минь баяр болгоноор өглөө эрт дээлээ өмсөөд  бэлэн болчихсон байдаг байв. Тэр дундаа сонгуулийн өдөр хамгийн гоё хүрэн өнгөтэй дээлээ өмсөөд, одон медалиа зүүн таягаа тулаад намайг сугавчилсаар сонгуулийн байр луу алхана. Халуун зунаар яагаад дээл өмсдөг байна, халууцахгүй юм байх даа гэж би дотроо л бодно. Гэвч одон медалиа зүүгээд, дээлээ өмсөж байгаа нь бидэнд үеийн үед үлгэр дуурайлал үзүүлдэг байжээ.  

 

Сүүлийн үед залуучууд баяр наадам гэлтгүй дөрвөн жил тутамд тохиох сонгуулийн өдрөөр хуучны хийгээд  орчин үеийн хэв шинжит дээлээр гангарах болов. Утга бэлгэдэл бүхий уламжлалт хувцас монгол хүний дотоод оршихуйг илүү амь оруулж, итгэл үнэмшил, хариуцлагатайгаар  сонголт хийх үндэс болдог байж болох.  

2020 оны сонгуулиар дээл өмсөж саналаа өгөх аян өрнөсөн нь залуучуудад үндэсний хувцсаараа гоёх, үнэт зүйлийг бүтээсэн агшин гэж харж болохоор. Энэ жилийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно. Анхны сонгуулиа өгөх гэж буй, эсвэл өө ах нь  10 дахь сонгуулиа өгөх гэж байна гэсэн ч хүмүүс бий.  

  

Залуучууд дээлээ өмсөөд сонгууль өгөхийг юу гэж боддог талаар тодруулахад “Дээлээ өмсөөд саналаа өгөх нь “күүл” харагддаг гэж боддог. Би энэ жил гурав дах удаагийн сонгуульд саналаа өгнө. Сонгууль ч гэлтгүй баяр наадмаар ч дээлээ өмсөхийг боддог. Гэхдээ орчин үед дээл байнга өмсөөд байж чадахгүй шүү дээ. Тэр ч утгаараа үндэсний үйлдвэрлэгчид, дээл урлаачид олон төрлийн загварын дээл, цамц урладаг болсон байна. Тиймээс би ихэвчлэн монгол цамц өмсдөг" гэлээ. 

"Уг нь би өдөр бүр монгол цамц дээлээ өмсөхийг хүсдэг л дээ. Гэвч ажлаас шалтгаалж тэр бүр өмсөж чаддаггүй. Залуучууд сүүлийн үед үндэснийхээ хувцсаараа гангарах соёл түгэж буй. Боломж байвал уламжлалт хувцсаа өмсөж байгаасай л гэж хүсэж байна. Мөн сүүлийн жилүүдэд хүмүүс сонгуулийн өдөр дээлээ өмсөх болсон нь гүн сэтгэгдэл төрүүлээд буй. Өнөөгийн нийгэмд залуучуудын үүрэг оролцоо их, хүчтэй шүү гэдгээ нэгдэж харуулж байгаа санагддаг болсон" гэв. 

Энгийн жижиг үйлдэл ч нэжгээд том санааг илэрхийлж байдаг. " Үндэсний" гэх тодолгол бүхий үгийн цаана хариуцлага, оролцоо, ухаалаг сонголт оршидог билээ. " Дээл өмсдөг залуус күүл.

#мэдээ