Та урьд өмнө нь импостор синдромын талаар хаа нэгтээгээс сонсож байсан уу? Импостер хэмээх үг бидний хамгийн их тоглодог видео тоглоомд ашиглагддаг болохоор танил санагдаж байгаа байх.
Тэгвэл бид энэ удаад импостор /зарим тохиолдолд импостер гэдэг/ синдром гэж юу болох, үүнийг хэрхэн даван туулах талаар зөвлөгөөг хүргэж байна.
ИМПОСТОР СИНДРОМ ГЭЖ ЮУ ВЭ?
Юун түрүүнд бид импостор синдром гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Импостор синдром гэдэг нь хувь хүн өөрийн ур чадвар, авьяас, ололт амжилтад эргэлзэж, ирээдүйд өөрийг нь "залилагч" гэдгийг бусад хүмүүс мэдчих вий гэсэн байнгын айдастай байх нөхцөл байдал юм. Зарим судлаачид суут эрдэмтэн Альберт Эйнштейн өөрийн ололт, амжилтуудыг “санамсаргүй байдлаар” нээсэн гэж үздэг байсан нь импостор синдромын шинж тэмдэг хэмээн тайлбарладаг билээ.
ШИНЖ ТЭМДГҮҮД:
Импостор синдромын үед дараах нийтлэг шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
- Өөртөө үл итгэх
- Өөрийн ур чадварыг бодитоор үнэлэх чадваргүй байх
- Өөрийн амжилтыг бусад хүчин зүйлстэй холбох
- Өөртөө дэндүү том зорилго тавьж, түүндээ хүрч чадахгүй бол өөрийгөө зэмлэх
- Төгс байхыг хичээх
Жишээлбэл, өөрийгөө хангалтгүй гэж бодсон учраас мөрөөдлийн сургуульдаа өргөдлөө өгөхгүй байх, тухайн сургуульдаа тэнцсэн ч аз тохиосон, эсвэл алдаа гарсан гэх мэтээр өөрийнхөө амжилтыг гадаад орчны нөлөөнөөс шалтгаалсан гэж үзэх. Танд ийм мэдрэмж төрж байсан уу? Импостор синдромыг өвчин гэж үздэггүй бөгөөд судалгаагаар нийт хүмүүсийн 70 хувьд нь энэхүү синдромын шинж тэмдэг дор хаяж нэг удаа илэрдэг байна.
Мөн орчин солигдох, ажлын байранд гарах, нийгмийн харилцаанд орох зэрэг нөхцөлд уг шинж тэмдгүүд илрэх нь түгээмэл байдаг аж.
ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?
Ингээд нийтлэлийн төгсгөлд уг синдромыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөөг хүргэж байна.
1. ГАНЦААРАА БИШ ГЭДГЭЭ САНА
Та л хамгийн муу нь юм шиг, танд л аз тохиогоод дээд байр эзэлсэн юм шиг, та л хамгийн хуурамч нь юм шиг санагдаж байж магадгүй юм. Гэхдээ дэлхийн нийт хүн амын талаас илүү буюу 70 хувьд нь энэ шинж тэмдэг илэрдэг гэдгийг бүү мартаарай.
2. СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭМЖ
Таны өөрийгөө үнэлэх үнэлэмжид бусдад өөрийнхөө талаар хэрхэн ярих нь ихээхэн нөлөөлдөг. Өөрийгөө эерэгээр хардаг, мэдэрдэг болохыг тулд дараах дасгалуудыг туршаарай.
- Өөрийн бахархдаг зүйлсийг жагсаан бичих
- Нэрээ чангаар хэлэх
- Гаргасан амжилтдаа итгэх
3. ДЭЭРХ АРГУУД ҮР ДҮНГЭЭ ӨГӨХГҮЙ БОЛ...
Дээрх дасгалуудыг хийсэн ч тэрхүү мэдрэмж мэдрэгдсээр байвал дараах аргуудыг туршаарай.
- Найзуудтайгаа ярилц - Тэдэнд ч гэсэн өөртөө эргэлзэх мэдрэмж мэдрэгдэж байсан болов уу. Ингэж ярилцсанаар танд л зөвхөн ийм мэдрэмж төрдөггүй гэдгийг хүлээн зөвшөөрч тайвшрах болно.
- Сайн талуудаа сана - Хүмүүс танд итгэл алдарч, таныг орхиж болно. Гэхдээ хамгийн сүүлд тантай үлдэх хүн бол та өөрөө гэдгийг санаарай. Та өөрийгөө хэнээс ч илүү сайн мэднэ биз дээ? Тийм учир компьютер, тэмдэглэлийн дэвтэр дээрээ өөрийн давуу тал болон өөрт урам зориг өгөх зүйлсийг бичиж үлдээгээрэй. Хэн нэгний дэмжлэг хэрэгтэй үед нээгээд уншиж болох юм.
- Сэтгэл зүйчид ханд - Үнэхээр дээрх аргуудын аль нь ч үр дүнгээ өгсөнгүй гэж үзэж байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандан зөвлөгөө аваарай.
Та бүхэнд сонирхуулан хэлэхэд YOLO.mn сайт Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйчидтэй хамтран өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа залууст асуудлаа шийдвэрлэхэд нь туслах сэтгэл зүйн зөвлөгөө хүргэдэг билээ.
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Эх сурвалж: New York Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх