"TikTok"-ийн шинэ эзэмшигч болж магадгүй эрхмүүдийн тоонд Илон Маск, MrBeast багтаж байна


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2025-01-23

“TikTok”-ийг худалдан авч, АНУ-д хаагдах эрсдэлээс аварч магадгүй эрхмүүд эхнээсээ тодорч эхэллээ.
Илон Маск, Ларри Эллисон, мөн MrBeast нар “TikTok” платформын шинэ эзэмшигч болж магадгүй тэрбумтнууд, алдартнуудын тоонд багтаад байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “TikTok” АНУ-д түр хугацаанд үйлчилгээгээ хаагаад эргэн нээсэн.

Харин Дональд Трамп ажлын эхний өдрөө тус платформыг АНУ-д хориглох хууль хэрэгжих хугацааг 75 хоногоор хойшлуулах захирамж гаргаж, худалдан авагч олох хугацаа өгсөн юм. Ингэх хууль ёсны эрх мэдэл Дональд Трампт байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй, мөн толгой компани “ByteDance”-ийн зүгээс “TikTok”-ийг зарахгүйгээ нээлттэй мэдэгдээд байна. Хэдий тийм боловч АНУ дахь бизнесээ зарах, эсвэл зогсоох хоёр сонголт өгсөн хуулийг тус улсын Дээд шүүх дэмжсэн шийдвэр гаргаад байгаа нь “ByteDance”-ийг байр сууриа өөрчлөхөд хүргэж болзошгүй аж.

Хэн хэн санал тавив?

Боломжит худалдан авагчид аль хэдийн тодорч эхэлжээ. Технологийн энтрепренер Жесси Тинслигийн толгойлсон хөрөнгө оруулагчдын бүлэг “TikTok”-ийг худалдан авах саналаа мягмар гарагт зарласан байна. Тус бүлэгт цахим орчны хамгийн олон дагагчтай, хамгийн өндөр орлоготой контент бүтээгч MrBeast буюу Жимми Дональдсон багтсанаараа онцлог аж.

Түүнчлэн бейсболын “Los Angeles Dodgers” багийн эзэн асан тэрбумтан Франк МакКурт, “Shark Tank”-ийн хөрөнгө оруулагч Кевин О’Лири нар “TikTok”-ийг худалдан авах саналаа энэ сарын эхээр албан ёсоор хүргүүлсэн байна.

​“TikTok”-той хэзээнээс бизнес хийсээр ирсэн “Amazon” болон “Oracle” компани бас боломжит худалдан авагчдаар яригдаж байна.

#TikTok