ЗАХИДАЛ: Хоёрдугаар сарын захидлын хариу №1


ССҮТөв | YOLO.MN
2021-02-08

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Бодлого бодоогүй гэж зодсон

Сайн байна уу? Би 13 настай, эмэгтэй. 8-р ангид сурдаг. Надад гэр бүлийн асуудал тулгарсан юм. Манай аав ээж хоёр намайг хичээлээ хий гэж үргэлж загнадаг. Энэ нь буруу зүйл биш гэдгийг мэдэж байгаа ч сүүлийн үед их хэрэлддэг болсон. Би хөл хорионы үеэр өөрийгөө дайчилж шинэ хэл сурах, математиктаа сайжрах гэх мэт зорилгууд тавьсан. Үүндээ хүрч байгаа ч өсвөр насны хүүхэд л юм хойно Facebook, Youtube, Instagram зэрэг апп хэрэглэдэг.

Гэтэл ээж маань намайг бодлого бодсонгүй гэж зодсон. Ер нь хичээл хий гэж байнга л зоддог. Сүүлийн үед аав маань ч бас зодож эхэлсэн. Өөдөөс нь үг хэлчихвэл гэрээсээ хөөчих гээд байдаг болохоор бараг л үг дуугардаггүй. Битгий зодоод бай гэж хэлсэн ч “би чиний насан дээр зодуулж өссөн” гээд зоддог.

Би математикийн гүнзгий сургалттай сургуульд сурдаг юм. Уг нь гайгүй сурлагатай ч бусдаасаа хол тасарсан, гоц хүүхдүүдийг гүйцдэггүй. Тиймээс хөл хориог ашиглаж үр дүнтэй өнгөрөөе гэж шийдсэн. Хичээлүүддээ сайжирна гээд бужо дэвтэр хөтөлж эхэлсэн. Ингээд шинэ хэл сурч, математикаа хийж эхэлсэн ч сүүлийн үед тэдгээрийг бага зэрэг хаячихсан. Гэтэл ээж маань уурлаад бужог маань авч шидээд баахан загнасан. “Чи тэр цаас хайчилж наагаад амжилтад хүрэх юм уу? Тэр солонгос хүмүүстэйгээ адилхан дуучин болох гээд байгаа юм уу” гэх мэт. Би кпоп сонсдог. Реппэр болох нууцхан хүсэлтэй ч үүнийгээ гэр бүлийнхэндээ хэлж байгаагүй.

Аав ээж хоёр намайг огт ойлгодоггүй. Яагаад зүгээр хаячхаж болдоггүй юм бол гэж боддог. Миний хүсэл сонирхлыг ерөөсөө хүндэлдэггүй. Ирээдүйд математикч, физикч болгох гээд байдаг. Урлагийн хүмүүсийг үздэггүй. Бусад хүүхдүүдийн аав ээж хүүхэдтэйгээ ярилцаад хүсэл сонирхлыг нь дэмжээд байхад минийхийг хорьж дорд үзээд байна. Үүнд нь маш их гомдож уурладаг. Өөрийнхөө хүссэн амьдралаар л амьдрахыг хүсэж байна. Ээж маань миний төлөө хэлж байгаа ч миний бодлыг, юунд дуртайг минь сонсдоггүй нь гомдмоор. Яаж эцэг эхдээ өөрийгөө ойлгуулах вэ? Ойлгуулсан ч яаж өөрийгөө дэмжүүлэх вэ? Бас өөрийнхөө сонирхол, бодлоо ойлгуулахын тулд яаж хэлэх вэ гэдэг дээр тусалж өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Нэг удаа ярилцаад л ойлголцоно гэдэг хэцүү

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Ээж аавуудын хүүхдээ зодож хүмүүжүүлэх арга нь төдийлөн үр дүнтэй байдаггүй. Энэ нь айдас, түгшүүрийг бий болгодог. Тиймээс ээж аав нь тайван, чиний үгийг сонсож чадахаар байгаа үед нь “зодох нь чамд ямар мэдрэмж төрдөг, бие болон сэтгэл санааны хувьд чамд ямар байдаг” талаараа тайлбарлан, ийм учраас зодох биш, ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлээрэй.

Хөл хорионы үед өөрийгөө дайчилж, өөртөө тавьсан зорилгодоо хүрч байгаа нь сайн байна. Энэ талаараа ээж аавдаа хэлж ойлгуулсан болов уу? Магадгүй тэд чамайг ийнхүү хичээл зүтгэл гаргаж байгааг мэдээгүй байгаа ч юм болов уу? Тиймээс ээж аавдаа зорилгодоо хүрэх гэж хичээллэж байгаа, үр дүн гарч байгаа, мөн заримдаа өөрийгөө амрааж, дуу сонсож, Фэйсбүүкээр найзуудтайгаа харилцах хэрэгтэй байгаа талаараа тайлбарлан ярилцаарай. Дуу хоолойн өнгө өндөрсгөх тусам захиран тушаах шинжийг өөртөө агуулдаг. Тиймээс аль болох тайван өнгөөр ярилцаарай. Эсвэл энэ талаар захидал бичиж өгсөн ч болно.

Бужо дэвтэр хөтлөх сонирхолтой бололтой. Тиймээс тухайн дэвтэр дээр өөрийн өдрийн төлөвлөгөөгөө гаргаарай. Төлөвлөгөөнд бичигдсэн цагаасаа хэтрэхгүйгээр цагийн хуваарийн дагуу хичээлээ, дуртай зүйлээ хийж, амарч, гэрийн даалгавраа хийж, гэрээ цэвэрлээрэй. Энэ нь өдрийн хуваарийг нь тодорхой болгох ба ээж аавдаа үзүүлсэн ч энэ нь тэдэнд тодорхой, ойлгомжтой санагдах болов уу.

Мөн нэг удаа ярилцаад л ойлголцоно гэдэг хэцүү. Ярилцаж ойлголцохын тулд олон удаагийн оролдлого шаардлагатай. Бас өөрийгөө ойлгуулахад, өөрийн сонирхлоо дэмжүүлэхэд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс өөрийн бодлоо байнга илэрхийлж байгаарай. Гэхдээ ууртай үедээ, сэтгэл хөдлөл ихтэй үедээ, тайван бус үедээ өөрийн бодлоо илэрхийлэхээс зайлсхийгээрэй. Тайван бус үед бид дуугаа өндөрсгөх, муухай харах, хэлнэ гэж бодоогүй зүйлсээ хэлэх, нулимс цийлгэнэх, уйлах гэх мэт буруу ойлгогдох үйлдлүүдийг гаргах гээд байдаг талтай. Энэ нь ярилцлагыг үр дүнгүй болгох магадлалтай юм. Бага багаар хэлж ойлгуулж, юу чаддагаа, юу хиймээр байгаагаа харуулахыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Танихгүй хүнтэй харилцахад чичирдэг

Сайн байна уу? Би 18 настай. Төгсөх ангийн жирийн нэг охин. Би өөрийгөө маш дотогшоо хүн гэж боддог. Яагаад гэвэл би бусдад өөрийгөө ойлгуулж чаддаггүй. Учир нь хэн нэгэнтэй ярилцах миний хувьд өдөр сар гарахтай адил зүйл. Нээлттэй байх гэж хичээсэн ч дотор хүн минь чимээгүй байхыг илүүд үздэг. Заримдаа хэн нэгний асуултад хариулахаас ч төвөгшөөх юм. Би өөрийгөө бичгээр маш чөлөөтэй илэрхийлж чаддаг. Учир нь намайг хэн ч хардаггүй бас шоолдоггүй. Тиймд би гэгээлэг зүйл бодох болгондоо тэмдэглэл хөтөлдөг.

Танихгүй, ер нь гэр бүлээс бусад хүмүүстэй харилцах үед би өөрийгөө хянах чадвараа алддаг. Хамаг бие чичирч халуун оргих шиг мэдрэмж төрдөг. Үг яриа минь гацаж, хэлэх гэсэн зүйлээ бүрэн илэрхийлж чаддаггүй. Маш их сандарснаас болж ярих зүйлээ мартаж, толгойд бүр юу орж ирдэггүй. Бас жижигхэн зүйлээс цочиж айдаг. Би үнэхээр сандрахгүй, өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулахыг хүсэж байна. Оюутан болохоор тэр олон хүүхдүүд дунд яах бол гэсэн бодол намайг зовоох боллоо. Би яг яах ёстой юм бол? Сандарлаа арилгахын тулд шинэ найз нөхөдтэй болж уулзаж үзсэн боловч нэг л бүтсэнгүй.

ЗӨВЛӨГӨӨ: Харилцааны чадварыг хөгжүүлэх бүрэн боломжтой

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Шинэ найзуудтай болсон ч бүтсэнгүй гэсэн нь юу гэсэн утгатай вэ? Ямар учраас чамд бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрөх болсон бэ? Өөрийгөө илэрхийлэх үед хэн нэгэн чамайг шоолж байсан уу? Хэрэв чамд хэн нэгэнтэй харилцах үед тохиолдсон таагүй дурсамж байгаа бол түүнийгээ дэвтэр дээрээ бичих эсвэл ойр дотныхоо итгэдэг хүндээ ярьж сөрөг мэдрэмжээ гадагшлуулаарай. Эсвэл мэргэжлийн сэтгэл судлаачтай уулзаж зөвлөгөө авах боломжтой.

Харилцааны чадварыг хөгжүүлэх боломжтой ба хөгжүүлэхэд саад болж буй айдас, бодол мэдрэмжээ гадагшлуулах нь чухал. Тиймээс үүнтэй холбоотой сөрөг мэдрэмж байвал түүнийгээ гадагшлуулаарай. Харилцааны чадвар нь дуу дуулах, бүжиг бүжиглэх, тоо бодох гэх мэт чадваруудтай адил олон удаа оролдож, давтаж байж хөгждөг. Тиймээс олон удаа оролдож, оролдлогоосоо суралцаарай. Сандарлаа даван туулах дараах зөвлөмжийг хүргэж байна.

Ойр дотно бус хүмүүстэй харилцах, олон хүний өмнө ярих зэрэг нь тодорхой хэмжээгээр сандрах мэдрэмжийг төрүүлж байдаг. Энэ үед булчин чангарч амьсгалах тоо багасаж эхэлдэг. Тиймээс энэ үед хамраараа гүнзгий амьсгал аваарай. Энэ үед гэдэс урагш түлхэгдэнэ. Амьсгалаа 3 секунд түгжээд амаараа амьсгаагаа гаргаарай. Энэхүү дасгалыг дор хаяж 10 удаа хийгээрэй.

Мөн мөрөө чангалан дээшээ өргөж буцааж буулгах дасгалыг хийж болно. Энэ нь булчин суллаж тайвшруулах нөлөөтэй. Өөртөө тайван, тухтай орчныг бүрдүүлэн тайвшруулах хэмнэлтэй дуу сонсож, өөрийгөө хэн нэгэнтэй ярилцаж байгаагаар төсөөлөөрэй. Хэнтэй ярилцаж байна вэ? Юуны талаар ярилцаж байна вэ? Тэр хүнтэй ярилцах нь чамд таалагдаж байна уу? Тэр хүнд чамтай ярилцах нь таалагдаж байна уу?

Хүн бүрд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, сайхан сэтгэгдэл төрүүлэх боломжгүй учир үүнд хэт их төвлөрөхөөс татгалзаарай. Харин хэн чамд сайхан сэтгэгдэл төрүүлж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулаарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Яах гээд байгаагаа мэдэхгүй байна

Сайн байна уу? Би 7-р анги. Өөрийнхөө юунд дуртайг мэддэггүй. Мөрөөдөлдөө ч эргэлздэг. Шийдвэр гаргахдаа муу. Математик эсвэл физик, хими болон биологийн чиглэлээр, аль эсвэл урлагийн чиглэлээр гээд бүгдэд нь эргэлзээд толгой хагарах нь.

Манай ээж намайг 9-р ангиасаа эгчийн сурдаг байсан сургуульд заавал орох хэрэгтэй гэсэн. Тэр сургууль нь төлбөргүй ч гадаад руу явуулдаг гэсэн. Гэхдээ надад тэр сургуульд орох сонирхол тийм ч их алга. Эсвэл ахлах ангиасаа Солонгос руу явж сурмаар байгаа ч виз гарах хэцүү. Хэлийг нь мэдэхгүй байж хүний нутагт зовно гэсэн. Одоо сурч байгаа сургуулиа төгсье гэхээр бас л тэгмээргүй санагдаад байна. Яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй болохоор ядаргаатай санагдаж байна. Ярилцаад шийдэлд хүрч чадах хүн байхгүй учир захидал бичлээ. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Шийдвэр бүр өөрийн гэсэн давуу болон сул талтай

Өдрийн мэнд, захидал илгээсэнд баярлалаа. Өөрийн сонирхол, ирээдүйд суралцах чиглэлээ хараахан тодорхойлоогүй байгаа бололтой. Тэгвэл дараах асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

- Чиний дурдсан хичээлүүдээс алийг нь хийх илүү дуртай вэ? 1-10 оноо өгөөрэй.

- Аль хичээлийг хийхдээ илүү их цаг зарцуулах боломжтой вэ?

- Энэ сургуульдаа сурахад таалагдаж байгаа зүйл болон бэрхшээлтэй байгаа зүйл юу вэ?

- Хэрэв Солонгос явж сурах бол хэлийг нь сурах сонирхол чамд хэр их байгаа вэ? 1-10 оноо өгөөрэй.

- Солонгост ямар боломжууд байгаа вэ?

- Мөн ямар бэрхшээлүүд тулгарна гэж бодож байна вэ?

- Тэнд цаашдаа үргэлжлүүлэн их сургуульд сурах бодолтой байгаа юу?

- Тэнд хэр дасан зохицож чадна гэж бодож байна вэ?

- Аль нь чиний мөрөөдөлтэй хамгийн их ойртож байна вэ?

Гаргасан шийдвэр болгон өөрийн гэсэн давуу болон сул талтай байдаг. Тиймээс хамгийн бага харамсаж, хамгийн их сэтгэл ханамж өгөх шийдвэрээ гаргаарай. Шийдвэр гаргахад эргэлзэх тохиолдол зөндөө гарна. Тиймээс аливаа том шийдвэрийг гаргахдаа тэр дор нь шийдэх гээд эсвэл ойрын хугацаанд шийдэх гээд байнга бодох нь улам л төөрөгдүүлдэг. Тиймээс дунд нь амралт авч байгаад үргэлжлүүлэн бодож байгаарай. Заавал ганцаараа шийдвэр гаргах гэж хичээлгүй гэр бүлийнхэн, ойр дотнын ах эгч, багштайгаа ярилцаж санаа зовж буй асуудлаа хэлэлцээд хамтдаа шийдвэр гаргахыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter